
Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авч батлахын өмнө түүхтэй холбоотой асуудлаар гишүүд нэлээд маргаан өрнүүлсэн юм. Хэдийгээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан хориг нь түүхийн асуудалтай холбогдолгүй байсан хэдий ч улсын их баяр наадмыг энэ жил Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ойн баяр наадам хэмээн онцлон тэмдэглэхээр болсонд УИХ дахь цөөнхийн бүлгийн гишүүд шүүмжлэлтэй хандаж, хуулийг чиглэл өгөн өөрчилж, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр гэдэг үгийг хасч хаясан албан тушаалтанд хариуцлага тооцох ёстой гэж санал хэлэх боломжийг ашиглан мэдэгдлээ.
Эл үгийг авч хаясантай холбогдуулж өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж Улсын их баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга бөгөөд Шадар сайд Д.Тэрбишдагва, Ёслолын албаны дарга нараас тус бүр мэдээлэл сонсчээ. Тэдний өгсөн тайлбараар “Дээрх үгийг хас” гэдэг үүргийг дээрээс өгсөн. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс хариуцлага алдсан эрх мэдэлтэнд хариуцлага тооцохыг шаардсан албан бичгийг Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Засгийн газарт тус бүр явуулна гэдгийг бүлгийн дарга Н.Энхболд энэ үеэр мэдэгдэв.
Харин УИХ-ын гишүүн Д.Арвин “Түүхийг үнэн зөвөөр үлдээх ёстой. Яг үнэндээ бол 1939, 1945 оны дайныг удирдаж ялалтад хүргэсэн хүмүүсийн нэр түүхэнд үлдээгүй. Тэгсэн хэрнээ эндээс тулалдааныг удирдсан хүмүүс гавьяа байгуулсан мэтээр жанжин гэх мэт цол хүртэж түүхэнд үлдсэн. 1911, 1921 оны түүхийг ярих бол Богд хааны гавьяаг ярих ёстой. Ер нь тэгээд Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын бунханг Төрийн ордноос хэн гаргаж хаясан юм. Ц.Нямдорж чи гаргаа биз дээ.Тэр үедээ хашгирахгүй яасан юм. Бөхийн тухайд ярихад парламент бөхийн цол ярьж доошоо орохоо болъё. Энэ мөчөөс хойш холбоо нь бөхийн дэг жаягаа яриг” гэсэн байр суурь илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн С.Баярцогт “Ж.Самбуу, Х.Чойбалсан нарын шарилыг Төрийн ордноос гаргаж оршуулах ажлыг би тухайн үед гардаж хийж байсан. Маш хүнд ажил байсан. Энэ хүмүүсийг хүн шиг оршуулж чадаагүй байсан, харин Алтан-Өлгийд хүн шиг нутаглуулж хүндэтгэл үзүүлсэн. Энэ бүхнийг хийснийхээ дараа “Бид зөв юм хийжээ” гэж бодогдсон. Манай Сэлэнгэ аймаг бол Ардын хувьсгалыг эхлүүлсэн өлгий нутаг. Энэ түүхээр бахархаж өссөн. Ардын хувьсгал гэдэг үгээ хэрэглээд явах ёстой. Ардчилсан нам бол Монголын түүхийг уртаар нь бодитоор нь эргэж хардаг байя гэж зорьж яваа. Энэ нь ч зөв. Хуулийг хэрэгсэхгүй байгаа төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой” гэлээ.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Ардын хувсгал гэдэг үгийг авч хаясан Ёслолын албаны дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хоёрыг зайлуулах хэрэгтэй. Ардын хувсгалын ойг нь байхгүй болгочихоод наадам хийж, бөхөд цол олгоно гэж юу байдаг юм. Хаанаасаа хаалгач гэж үг бий. Муу хаалгач байгаа бол бүгдийг нь төрөөс зайлуул. Харь сэтгэлтэй хүмүүсээ бүгдийг зайлуул. Хачин юм хийчихээд гэм зэмгүй царайлаад яваад байгааг ойлгохгүй байна, эрх баригчид аа” гэлээ.
УИХ-ын гишүүн Су.Батболд “Ардын хувьсгалын түүх Монголын ард түмний үнэтэй түүх. Шинэ бичлэг хийхийг оролдох улстөрийн хүчин байгаа бол буруу. Түүхээ урагшлуулахыг үндэстэн бүр хүсч байгаа, бид хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ сүүл үеийнхээ Монгол үндэстэнг аварсан түүхээ баллуурдах замаар түүхээ урагшлуулж, шинэ түүх бичих гэж байгаа бол бид буруу замаар явж байна. Түүх бол сайнтай, муутайгаа байх ёстой. Та нар ийм байдлаар дарангуйлал тогтоож болохгүй. Түүхийг дарангуйллаар тогтоож болохгүй, Монголын ард түмнийг доромжилсон хэрэг. Хэтэрч байна. Тусгаар тогтнолыг авчирсан хүмүүсийн дэргэд бид хэн ч биш. Тийм байж түүхийг завсарлаж байгаа нь буруу. Үе үеийнхний үнэтэй зүйл” гэж байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Үг үсгийн юмаар маргаад байх хэрэггүй” гэж хэллээ. Гэвч энэ бол хуульд байгаа зүйл. Ард түмэн энэ баярыг Ардын хувьсгалын баяр гэж ёсчлон тэмдэглээд 90 гаруй жил болж байгаа. Үг үсгийн зүйл биш шүү. Засгийн газар баяр наадам зохион байгуулж чадахгүй байна. Засаг хууль зөрчөөд Ардын хувьсгалыг 92 жилийн ойн баяр наадам биш ээ гээд орж ирж байна. Ерөнхийлөгч үүн рүү оролцох ямар ч эрх байхгүй. Засгийн газар оролцсон болж таарч байна, хамгаалаад суугаад байна. Хууль зөрчсөн хүмүүст яаралтай хариуцлага тооцох ёстой. Үндэсний баяр наадам гэж юуг хэлэх вэ гэхээр тусгаар тогтнолыг билигдсэн Ардын хувсгалын баяр, үүнийг улсын баяр наадам гэж хэлнэ гэж хуульд тодорхой заасан. Өнөө шөнийн дотор хот доторх самбаруудаа өөрчлөхийг хүсч байна. Ардын хувсгалын 92 жилийн ой гэдэг үгийг оруулах ёстой. Тэр байтугай радио, телевиз рүү чиглэл өгсөн, Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ойн гэж ярина шүү гэж дээрээс тушаал ирсэн гэж сэтгүүлчид ярьж байна. Хэчнээн ухаантай байлаа ч гэсэн түүхийг засварлаж болохгүй. Тусгаар тогтнолоос айгаад ичээд явж байдаг хүмүүсийг эх оронч гэж хэлэх үү. 91 жилийн турш Ардын хувсгалын баяр гэж тэмдэглэж ирчихээд одоо үгүйсгэж байна” гэж мэдэгдэв.
Уг нь чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн хувьд хэлэлцэж байгаа асуудлынхаа хүрээнд тодруулбал, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахтай холбоотой асуудал түлхүү хөндөх ёстой байсан ч УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд боломжийг ашиглан ийнхүү бухимдлаа чуулганы танхим дотор уудалж авлаа.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авснаар хуралдааныг өндөрлөөд байна.