805 тэрбум, 82 ажлын байр

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

805 тэрбум, 82 ажлын байр

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монголчууд эрх баригч хоёр намын
    амласан 1,5 болон нэг сая төгрөгийн хувь хишгийнхээ 21 мянган төгрөгийг
    авах гэж өвлийн хахир хүйтнийг ч хайхран өнжин хонон дугаарлаж байна.
    Сар шинийн баяр дөхсөн энэ үед энэ мөнгө идээ ундаа, Эрээний бараа
    тэргүүтэнд нэмэр болон урсана гэдэгт эргэлзэх зүйлгүй. Зарим нэгний нэг
    үдийн хоолонд ч хүрэхгүй 21 мянган төгрөгөө гардан аваад хөл газар
    хүрэхгүй хөөрч байгаа нэгнийг харах зуур энэхүү хувь хишгийг өгөхөөр
    зарлахдаа амласан том уриаг санагалзахыг хүсэв.

    Бэлэн мөнгө тарааснаар авсан нь аманд ч үгүй, хамарт ч үгүй, өгсөн нь
    өгсөн нэр үгүй, дээрээс нь инфляцийг хөөрөгдөж аюул дагуулна гэсэн
    шүүмжлэлийг угтуулан “Энэ мөнгөөр ажлын байр бий болгох боломжийг
    хангана” гэсэн бардам уриа дэвшүүлснийг санаж байна уу? Бэлэн мөнгө
    тарааж балгалзав гэсэн нэр зүүхгүйн тулд тэд энэхүү мөнгөөрөө иргэд
    нөхөрлөл, хоршоолол үүсгэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх төсөл ирүүлж
    гэмээнэ мөнгийг нь бэлнээр олгож болно. Ингэснээр ажлын байр бий болгоно
    гэж томьёолсон.

    Нэр, зорилго нь сайхан боловч 40 хүн нэгдэж, төсөл бичиж байж нэг
    удаадаа 10 сая орчим төгрөг авах мундаг шалгууртай. Чингэж нэгдээд
    мөнгөө авлаа гэхэд төмөр зуух, шавар амбаар байж гэмээнэ, талхан цех ч
    болтугай байгуулаад ажлын байр бий болгох л юм байлгүй. Гэхдээ одоогоор
    улсын хэмжээнд 40 үүлээ нэгдэж 10 сая төгрөг авахаар төсөл бичиж
    ирүүлсэн ганцхан тохиолдол байгаа гэж албаны хүн хэлсэн. Аргагүй л
    тохиолдол гэж нэрлэхээс өөр аргагүй ховор, бөгөөд хэцүү даваа байгаа юм
    биз. Өнөөдрийн байдлаар 805 тэрбум төгрөгөөр ажлын байр бий болгох нэг л
    тохиолдол “илрээд” байгаа гэсэн үг. Өмнө 805 тэрбум төгрөгөөр хэд
    хэчнээн ноолуур боловсруулах үйлдвэр, цэцэрлэг сургууль байгуулж болохыг
    бичиж байсан болохоор ингэсгээд орхиё. Одоо хэчнээн улиглан бичлээ ч
    биелэхгүй учраас…

    805 тэрбум төгрөгөөр ажлын байр бий болгох Засгийн газрын сайхан
    мөрөөдлийн муухан үр дүнг харж суутал сайхан мэдээ бас олдлоо шүү.
    Нарийвчлан шүүж үзвэл үнэхээр тэд маань ажлын байр бий болгочихсон юм
    байна. Бүр 21 мянган төгрөгийг олгох нөр их ажлыг нугалахын тулд төр
    захиргааны байгууллагад дахиад 80 гаруй ажилтан нэмж ажиллуулахаар болж.
    Засгийн газрын 2010 оны арванхоёрдугаар сарын 29-ний хуралдааны албан
    мэдээнээс иш татвал:

    …Хүний хөгжил сангаас иргэнд хишиг, хувь хүртээхтэй холбоотойгоор
    нийгмийн хамгааллын салбарт үүсч байгаа ажлын ачааллыг харгалзан
    нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад
    5, төрийн захиргааны байгууллага, нийслэл, аймаг, дүүргийн нийгмийн
    халамж үйлчилгээний газар, хэлтсийн ажилтны орон тоог 77-гоор нэмэхээр
    тогтлоо… гэжээ. Энэ чинь ажлын байр бий болгосон хэрэг биш гэж үү?
    Иргэн бүрт 21 мянган төгрөг өгөхийн тулд төрийн албанд 82 хүнийг шинээр
    ажилд авч цалинжуулахаар болсон байна шүү дээ. Тэдний ард гэр
    бүлийнхнийг тооцвол зөндөө олон хүнийг хоолтой нь залгуулсан юм биш үү,
    манай Засгийн газар. 80 гаруй хүнийг ажилтай, амьдралтай болгочихоод
    байхад Засгийн газраа муулж ёстой болохгүй байх аа.

    Дээр нь зөвхөн Хөдөлмөр эрхлэлтийн жилийн бэлтгэлийг хангаж, төлөвлөгөө
    боловсруулахад 70 сая төгрөг Засгийн газрхын нөөцийн сангаас гаргахыг
    зөвшөөрөв гэж дээр дурдсан хуралдааны протколд цохон тэмдэглэсэн байна.
    Өөр олон ч том ажилд мөнгө зарцуулж, олон ч төрийн албатанг хоолтой,
    цалинтай болгож байгаа. Чадлаараа л төрийн албаа бэхжүүлж, ажлын байр
    бий болгоод байхад шүүмлэх юм гэж гомдох байгаа даа, эрх баригчид, төр
    засгийнхан маань… Тиймээс Засгийн газартаа баярлалаа гэж хэлэх нь
    зүйтэй байх.

    Баярлалаа, төр засаг минь. 805 тэрбум төгрөгөөр 82 хүнийг ажилтай, цалинтай болгосонд…

    А.ТУЯА

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж