“Төрийн мэдээлэл”-ийн тойм

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

“Төрийн мэдээлэл”-ийн тойм

“Төрийн мэдээлэл эмхтгэлийн энэ удаагийн дугаарт Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хуулиудыг нийтэллээ. Түүнчлэн “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр батлах тухай, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын тогтоолыг нийтлэв. Монгол Улсын хэмжээнд бүтээн байгуулалтыг өрнүүлснээр хот төлөвлөлт, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, авто замын сүлжээг олон улсын жишигт хүргэх, хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, иргэдийг ажлын байраар хангах замаар улсын хэмжээнд тулгараад байгаа эдийн засаг, нийгмийн бэрхшээлтэй асуудлуудыг цогцоор шийдэн хөгжлийг жигд хангах, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь ханган баталгаажуулахад “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийн зорилго оршиж байгаа юм. Энэхүү хөтөлбөрт Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хотууд”, “Шинэ Улаанбаатар-Ногоон нийслэл”, “Хөдөөгийн хөгжил”, “Орон сууц” бодлогын баримт бичгийн хүрээнд хийгдэх ажил багтах аж. Түүнчлэн “100 мянган айлын орон сууц”, “Барилгын материалын үйлдвэр” зэрэг төслүүдийн хүрээнд хийгдэх ажлуудыг нэгтгэжээ. Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын тогтоолд Таван толгойн нүүрсний ордод төрийн өмчит компани ашиглалтын үйл ажиллагаа явуулах, “Эрдэнэс-Таван толгой” охин компанийг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуваахгүйгээр шилжүүлэх, түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, оператор аж ахуйн нэгжээр олборлолтын үйл ажиллагааг тодорхой хугацаанд гүйцэтгүүлэхээр заажээ. Мөн Таван толгойн нүүрсний ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Эрдэнэс-Таван толгой” компанийн хувьцааны 50 хүртэлх хувийг Монгол Улсын иргэн, үндэсний аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх, дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах талаар дараахь арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан байна. Ингэхдээ Монгол Улсын нийт иргэнд эхний ээлжинд хувьцааны 10 хувийг адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлэх, хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр худалдаж шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах гэх мэт асуудлыг тусгасан байна. УИХ-ын 2010 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаархи мэдээллийг ч мөн “Төрийн мэдээлэл”-ээс авах боломжтой. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг нийтлэв. Энэхүү тогтоолоор махны үнийн хэт өсөлтийг сааруулах зорилгоор махны яармаг худалдааг Улаанбаатар хотод хаврын улиралд сард 4 удаа, зун, намар, өвлийн улиралд сард 2-оос доошгүй удаа зохион байгуулж байхыг холбогдох газруудад үүрэг болгожээ. Мөн гурил, элсэн чихэр, цагаан будаа, хүнсний ногоо зэрэг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийн үнийг хөөрөгдлөөс сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авахаар төлөвлөснийг эмхтгэлийн хуудаснаас мэдэх боломжтой юм.
Төрийн мэдээлэл сэтгүүлийн редакци
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж