Эдийн засаг 4.4 хувиар өсөв

Хуучирсан мэдээ: 2015.05.13-нд нийтлэгдсэн

Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-оос сар бүрийн 10-ны өдөр Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдлын тоон мэдээллийг танилцуулдаг. Хуваарь ёсоор өнөөдөр ҮСХ-оос энэ оны эхний дөрвөн сарын статистик мэдээллийг олон нийтэд танилцууллаа.

ГҮЙЛГЭЭНД 734.9 ТЭРБУМ ТӨГРӨГ БАЙНА

Энэ оны дөрөвдүгээр сарын эцэст мөнгөний нийлүүлэлт 9.7 их наяд төгрөг болж өмнөх сарынхаас 198.7 тэрбум төгрөг буюу хоёр хувиар буурчээ. Харин өмнөх оны мөн үеийнхээс 498.3 тэрбум төгрөг буюу тав орчим хувиар буурсан байгаа юм. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 734.9 тэрбум төгрөг болж өнгөрсөн гуравдугаар сараас 32.1 тэрбум төгрөгөөр буурчээ.

ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ 747 ТЭРБУМД ХҮРЧЭЭ

Аж ахуй нэгж байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны дөрөвдүгээр сарын эцэст 12.3 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх сарынхаас 26.3 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеийнхээс 559 тэрбум төгрөг буюу 4.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 587.8 тэрбум төгрөг хүрч, өмнөх сарынхаас 28.1 тэрбум төгрөг буюу таван хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 288.8 тэрбум төгрөг буюу хоёр хувиар өсчээ.

УЛСЫН ТӨСВӨӨС ЭРГЭЖ ТӨЛӨГДӨХ ЗЭЭЛ  1919.8 ТЭРБУМ ТӨГРӨГ БОЛЖЭЭ

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2015 оны дөрөвдүгээр сард 1675.0 тэрбум төгрөг байна. Харин зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт дүн 1919.8 тэрбум төгрөг болжээ. Өөрөөр хэлвэл улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 244.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.

Татварын нийт орлого 2013 оны дөрөвдүгээр сарынхаас 38.3 тэрбум төгрөгөөр өсчээ. Харин нэмэгдсэн өртгийн албан татвар 115.0 тэрбум төгрөг буюу 27.6 хувь, гадаад үйл ажиллагааны орлого 17.0 тэрбум төгрөгөөр буурсан  байна.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 1919.8 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 138.3 тэрбум төгрөг буюу 7.8  хувиар өсөхөд бараа ажил, үйлчилгээний зардал 77.6 тэрбум, урсгал шилжүүлгийн зардал 30.6 тэрбум, хөрөнгийн зардал 14.7 тэрбум  төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

ГАДААД ХУДАЛДААНЫ НИЙТ БАРАА ЭРГЭЛТ 2486.5 САЯ АМ ДОЛЛАР БАЙНА

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол улс дэлхийн 115 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2486.5 сая ам долларт хүрчээ. Үүнээс экспорт 1452.3 сая ам.доллар, импорт 1034.3 сая ам.доллар болсон байна.

15.4 САЯ ШИРХЭГ ҮНЭТ ЦААС АРИЛЖИГДСАН БАЙНА

Үнэт цаасны арилжаагаар 2015 оны эхний дөрөвдүгээр сард 431.2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж, 15.4 сая ширхэг үнэт цаас арилжигдсан байна. Өмнөх оны мөн үеийнхээс үнэт цаасны гүйлгээ 372.0 тэрбум төгрөг буюу 7.3 дахин, арилжигдсан үнэт цаасны тоо 280.7 мянган ширхэг буюу 1.9 хувиар өсчээ.

Д.УЛАМБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж