Асашёорюүгийн ёслолыг цуцалж магадгүй

Хуучирсан мэдээ: 2010.07.14-нд нийтлэгдсэн

Асашёорюүгийн ёслолыг цуцалж магадгүй

Сумогийн ертөнцөд гэнэтхэн дуулиан тарьж, их спортоо орхисон Японы мэргэжлийн сумо бөхийн 68 дахь ёкозуна Асашёорюү Д.Дагвадоржийн зодог тайлах ёслол ирэх аравдугаар сарын 3-нд сумогийн ариун ордон гэгддэг Токио хотын Кокугикан ордонд болох талаар Сумо бөхийн холбооноос мэдэгдээд байсан билээ. Уг нэр хүндтэй ёслолын тасалбар ч албан ёсоор даваа гаригаас эхлэн худалдаанд гарчээ. Гэтэл өнгөрсөн нэгдүгээр сард Токиогийн нэгэн шөнийн клубын гадна хүн зодож, танхайрсан гэх хэрэгт нэр холбогдоод буй их аваргын хэрэг сөхөгдөж, цагдаа нар гэм буруутайг нь тогтоож хэрэг үүсгэвэл зодог тайлах ёслолыг цуцлах талаар Асашёорюүгийн харьяалагдаж байсан “Такасаго” дэвжээний ояката мэдэгдлээ. Учир нь өнгөрөгч даваа гаригт дээрх хэрэгтэй холбоотойгоор ояката Такасагогийн дэвжээнд прокурорын албан бичиг ирсэн байна.
Такасаго мөн “Хэрэв Асашёорюүгийн эсрэг хэрэг үүсгэвэл түүний ёслолыг цуцлах болно. Харин цаашид Асашёорюүгийн эсрэг дахин сөрөг зүйл гарахгүй бол зодог тайлах ёслолыг хийхэд ямар ч асуудал гарахгүй. Цагдаа нар бидэнд албан бичиг илгээсэнд харамсч байна” гэжээ.
С.Цэлмэг
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж