![](https://news.mn/wp-content/archive1/biznes/photo/2013/6/e0b6b43a548cba39/9588845078419319big.jpg)
Хэлэлцүүлгийн хүндэт зочдын нэг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Аким Штайнер Монгол Улсын уул уурхайн салбар яг одоохондоо түр зогсолт хийгээд байгаа ч ирээдүйд эрчимтэй хөгжих нь мэдээж. Олборлолт, үйлдвэрлэлт, экспортоор тэргүүлээд зогсохгүй байгаль орчны хамгаалалтаар үлгэр жишээ орон болохын төлөө монголчууд бүгдээрээ ажиллах ёстой хэмээн өгүүллээ. Уул уурхайн яамныхан саяхан Австралийн Сидней хотноо Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын олон улсын зургадугаар бага хуралд оролцоод иржээ. Хочр жилд нэг удаа хуралддаг уг хурлаар олборлолтын ил тод байдлын шаардлагын тоо болон зарим зүйл заалтад өөрчлөлт оруулжээ. Шаардлага хэт олон төрлийнх байх тусмаа биелүүлэхэд хүндрэлтэй болдгоос ийн цөөлсөн бөгөөд товч тодорхой шаарлагыг улс орнуудад тавьж байгааг УУЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу танилцуулсан.
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын дагуу 2006 онд 64 компани тайлан гаргаж өгсөн бол 2007 онд 102, 2008 онд 113, 2009 онд 129, 2011 онд 300, 2012 онд 1529 компани тайлангаа ирүүлсэн нь хуулийн төсөл боловсруулах шалтгаан болсон гэж яамны мэргэжилтнүүд хэлж байна. Хэдийгээр олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг хэрэгжүүлэх тухай Засгийн газрын тогтоол гарч, төрийн байгууллагуудын хийх ажил тодорхой болсон боловч дээрх ажилтнууд үүргээ биелүүлээгүй болон тайлан гаргах үүрэг бүхий компани тайлан гаргаагүй тохиолдолд хүлээх хариуцлага тодорхойгүй байдаг ажээ. Мөн хөндлөнгийн аудитын байгууллагын дүгнэлтээр тайланд тусгагдсан олборлолтод их хэмжээний зөрүү гарах болжээ. Энэ бүхнээс үүдэн шинээр хуулийн төсөл боловсруулсан бөгөөд түүнийгээ өнөөдөр нийтэд танилцуулж гадаад дотоодын ажиглагчдын санал бодлыг сонслоо.