Сурталчилгаагаар гаршсан Засгийн газар

Хуучирсан мэдээ: 2012.12.10-нд нийтлэгдсэн

Сурталчилгаагаар гаршсан Засгийн газар

Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгээс энэ жил иргэдийн хамгийн их хэрэглэсэн үгсийг шалгаруулж “Оны онцлох үг”-ээр өргөмжлөв. Энэ оны онцлох үгээр Олимпийн хос медальтан” гэх үг шалгарсан бол “машины дугаарын хязгаарлалт”, “Шинэчлэлийн Засгийн газар” зэрэг үгс удаалжээ. Хүн төрөлхтний эв нэгдлийн их баяр наадам Олимпийн тэнгэрт төрийнхөө далбааг өргөж, алт, мөнгөн медалийг хослуулсан учир элэг нэгтнүүд нь Н.Түвшинбаяр гавьяатаар бахархаж, түүний амжилтыг бахдан ярих болсон. Тийм ч учраас олимпын хос медальтан гэдэг үг монголчуудын дунд талд тавьсан түймэр адил хурдацтай тархаж өдгөө энэ үгийг хэлээгүй, дуулаагүй хүн үгүй болсон. Цаашилбал, Хотын захиргаанаас замын түгжрэлийг бууруулахын тулд авто машиныг улсын дугаарын сүүлчийн оронгоор нь ангилж хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарга­сан нь цаг үеэ олж замын түгжрэл мэдэгдэхүйц буураад байгаа. Мэдээж хэрэг хүн бүр замын хөдөлгөөнд оролцож байгаа учраас энэ шийдвэрийн талаарх яриа хаа сайгүй л өрнөө биз. Харин Шинэчлэлийн Засгийн газрын талаар иргэд ам уралдуулан ярьж, энэ үг хамгийн их хэрэглэсэн үгсийн жагсаалтад орсон нь сонин. Нэг бодлын хачирхалтай, нөгөө талаас аргагүй ч юм шиг. Яагаад гэвэл манай Шинэчлэлийн Засгийн газар үнэхээр сайн ажиллаж байгаа. Ялангуяа өөрсдийгөө сурталчилах, хэвлэлийн гол дүрд тоглохдоо үнэхээр гаргууд. Тэгэхээр Шинэчлэлийн Засгийн газар гэдэг үгийг оны онцлох үгийн жагсаалтад оруулсан нь Засгийн газрын өөрсдийгөө сурталчилах ажилд онц дүн тавьж, өргөмжилсөн хэрэг болох нь. Үнэхээр манайх шиг ингэж өөрсдийгөө сайхан сурталчилдаг Засгийн газар ховорхон шүү. Саяхан Засгийн газар 100 хоногоороо баяр наадмын хэмжээнд тэмдэглэж улаан хивс дэвсэж, бараг л 100 концерт тоглох дөхлөө. Заримдаа сурталчилгаанд ихээхэн хөрөнгө цацдаг томоохон корпораци шиг л санагдаж байв. Магадгүй үе үеийн Засгийн газраас үүгээр онцгойрч ч мэдэх юм.  Дээр нь Шинэчлэлийн гэх тодотгол нь энэ жагсаалтад ороход дөхөм болсон.  Энэ утгаараа бол өмнө байгуулагдаж байсан Их эвслийн Засгийн газар, Үндэсний эв нэгдлийн Засгийн газар зэрэг гоё, сайхан цол гуншинтай Засгийн газрууд ч ийм жагсаалтад багтчихмаар. Гэхдээ тэдний сурталчилгаа дутуу байсан учраас чадаагүй биз.
Н.САНЖААСҮРЭН

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж