
Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян нь намаасаа сонгогдсон УИХ-ын гишүүдтэй тохой залган суугаад “Улс төрийн хэлмэгдүүлэлт зогсоогүй байна. Яаж ийгээд ял өгөх гэсэн байр суурь нь хадаглагдаж үлдлээ. Би яагаад ч энэ хэлмэгдүүлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Дараагийнх нь ямар гарц байна тэр болгоноор тэмцэж ажиллана” гэж байна. Хууль зүйн дэд сайд шүү. Эвсэж, эвлэлдэж засаг барьсны гай нь энэ. Эвсэх нэрээр Н.Энхбаярыг суллах ганцхан зорилгоо биелүүлэхийг хүссэн МАХН-ынхан Хууль зүйн дэд сайдаар нь Монголын шүүхийг элэглүүлж, доромжлуулаад сууж байна гэдэг бол харамсал. УИХ-ын гишүүн нь ч дутахгүй. З.Баянсэлэнгэ гишүүн гэхэд “Н.Энхбаяр даргад тулгаад байсан хэргүүдийн тал хувь нь хэрэгсэхгүй боллоо. Тэгэхээр энэ бүхэн хэлмэгдүүлэлт байсныг нотолж байна. Өнөөдөр Монгол Улсад хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш гэчихээд улс төрийн агуулгаар хүнийг яллаж болохгүй. Улсад нэг ч төгрөгийн хохирол учраагүй хэргээр шийтгэлээ” гэлээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү гэхэд мөн л адилхан. “Н.Энхбаяр даргыг цагаатгах боломжтой. Тэр 1937 он хэлмэгдүүлэлт бүгдээрээ хуулийн байгууллагаар яваад ялаа авчихсан байсан. Дараа нь түүх тэднийг уучлаад, шүүхээс цагаатгасан. Бид эхний ээлжинд шүүгчдийн Бүгд хурлаар оруулах гээд хандана. Мөн цагаатгалын комисст хандана. Цагаатгах бололцоо нь бол энэ улс төрийн хэрэг. Хүний эрхийнхэн энэ бол улстөрийн хоригдол мөн гэдгийг тогтоосон. Монгол Улсын Ерөнхийлөгч уучлалт үзүүлэх ч гарц бий. Н.Энхбаяр Ерөнхийлөгч бол намайг уучлаач гэж царайчилж явахгүй байх. Харин миний хувьд улс төрийн хоригдол мөн учраас цагаатгалын комисс шийднэ. Цагаатгах гарц бий” ч гэх шиг.
Тэд үүгээрээ “Бид одоо ард олны тархийг угаах сайхан мессежтэй боллоо” хэмээн баярлаж байна. “Шүүх хоёр хэргийг нь хэрэгсэхгүй болгож байгаа юм чинь гуравдах, дөрөвдэх нь ч гэсэн худлаа байгаа биз” гэж хэлэх боломж олдсон учраас тэр. Тэд үүний төлөө ердөө тавхан хоногийн өмнө “Шинэчлэлийн Засгийн газраас гарна” гэж айлгасан. Засгаас гарах, гарахдаа МҮАН-ыг ч тэр давхар авч гарна гэдгээ зарлаж байсан. Үүнийх нь дараа Н.Энхбаяр нь “Засаг тогтвортой ажиллах ёстой. Гэхдээ намайг хэлмэгдүүлэхгүй сулласан тохиолдолд шүү дээ” гэсэн утга бүхий сонин мэдэгдлийг ард олныг унтаж байх хооронд буюу шөнө дунд гаргаж байгаа юм.
Тэд дараагийн удаад үлдсэн 2.6 жилийн хорих ялыг устгуулан төлөө ажиллана. Санасандаа хүрсэн тохиолдолд Монголын шүүхийг, Монголын төрийг, Монголын ард түмнийг бүхэлд нь элэглэн шоолж, эргүүтүүлэн басамжилна. Энэ бол Н.Энхбаярын улс төрийн тоглолт. Тэр бусдаас илүү хор бодож олдог учраас төдийгөөс өдий хүртэл Монголын улс төрд амь бөхтэй оршсоор байгаа нь энэ биз ээ.
Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин