Хонконг Монголын бизнес уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2012.11.19-нд нийтлэгдсэн

Хонконг Монголын бизнес уулзалт болно

Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 850 жил, Улс тунхагласны баярыг тэмдэглэх хүрээнд Хонконг Засаг захиргааны Онцгой Бүс /ЗЗОБ/ дэх Ерөнхий консулын газраас Хонконгийн Засгийн газрын Хөрөнгө оруулалтын газар, Хөрөнгийн бирж, Худалдааг дэмжих зөвлөл, Монголын Хөрөнгийн биржтэй хамтран Economic dalogue: invest Mongolia сэдэвт дугуй ширээний уулзалтыг энэ сарын 26-ны өдөр зохион байгуулах юм байна.

Анх удаагаа хилийн чанадад зохион байгуулах энэхүү дугуй ширээний уулзалт нь Монголын эдийн засгийн нийт салбарын жижиг, дунд, стратегийн төслүүдийг Хонконгийн банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай холбоход дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Уулзалт уул уурхай, зам тээвэр, эрчим хүч, банк санхүү, санхүүгийн үйлчилгээ, технологи, харилцаа холбоо, аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгийн сэдвээр явагдах аж. Мөн манай бизнес эрхлэгчдэд Хонконгийн хөрөнгийн бирж, санхүүгийн үйл ажиллагааг танилцуулахаар төлөвлөжээ.

Цаашид энэхүү дугуй ширээний уулзалт нь хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг хэлэлцэн явуулах механизм болж хөгжинө хэмээн Хонконг дахь Ерөнхий консул Я.Ариунболд онцолж байна.

Хонконг нь 18 жил дэлхийн хамгийн чөлөөт эдийн засаг, хамгийн өрсөлдөх чадвартай эдийн засаг гэсэн титмийг хүртээд байгаа бөгөөд санхүүгийн хөгжлийн индексээр дэлхийд тэргүүлж, АНУ, Англи, Сингапурын өмнө эрэмбэлэгддэг. Дэлхийн тэргүүлэх 100 банкны 70 нь Хонконгт үйл ажиллагаа явуулж, энэ оны эхний 9 сарын байдлаар хөрөнгийн биржээс 19,648.6 тэрбум хонконг долларын хөрөнгө босгожээ. Түүнчлэн Хонконг нь дэлхийд гуравт орох далайн боомт,  аравт орох худалдааны төв юм.

Монголд хамгийн ойр байрлалтай Азийн банк санхүүгийн төв Хонконгтой худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж өргөн бий. Дугуй ширээний уулзалтын тухай мэдээллийг www.investmongolia.co вэбээс үзэж танилцах боломжтой. Одоогоор BNP Paribas, HSBC, BNY, Macquire, Citi, Swiss Credit, JP Morgan, Goldman Sachs зэрэг банк, Австрали, Сингапур, Голланд, Япон, Хонконгийн нийт 100 гаруй хөрөнгө оруулагч, байгууллага дугуй ширээний уулзалтад оролцохоо мэдэгдээд байна.
Дашрамд дурдахад энэхүү уулзалтад оролцоход хураамжгүй юм байна.

С.Болд

www.mongolianminingjournal.com

www.journalism.mn

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж