Монголын Гамлет саруул ухааныг харуулна

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

Монголын Гамлет саруул ухааныг харуулна

“Би хэн болчихоод байна, хүн байхын ханаа нь явна вэ” гэдгээ мэдэхийг хүсвэл “Гамлет” жүжгийг сонирхоорой гэдгийг уран бүтээлчид нь дуулгаж байсан. Хүн байхын утга учрыг харуулах уг жүжиг энэ сарын 9-нд УДЭТ-ын тайзнаа амилах юм. Бид “Гамлет” жүжгийн бэлтгэл дээр өчигдөр очиж, сурвалжлалаа. Гамлет аавыгаа оршуулж,  ээж нь авга ахтай нь амьдралаа холбосноор уг жүжиг эхлэх боловч өшөө хорсол, ухаарал, асуултыг тавьсаар цааш үргэлжлэх юм. Энэ жүжиг анх 1601 онд үзэгчдийн хүртээл болж, түүнээс хойш дэлхийн олон оронд олон зуун найруулагч өөр өөрийнхөөрөө ойлгож тавьсан байдаг. Харин манайд анх 1980 онд С.Галсанжавын найруулгаар тоглосон юм. “Гамлет”-ыг дэлхийн олон оронд өшөө авагч, солиотой гэх мэт хэлбэрээр тоглож ирсэн бол энэ удаа ард түмний саруул ухааныг харуулах нь. Тухайлбал, энэ цаг үеийн болохгүй бүтэхгүй байгааг сонгодог хэлбэрээр тольдож болох юм. Уильям Шекспирийн “Гамлет” жүжиг 32 жилийн дараа Монголын тайзнаа дахин тавих гэж байгаа нь энэ. Тиймээс уг жүжгийн багийнхан нэлээдгүй хүч хөдөлмөр зарцуулж бэлтгэж байна билээ. Тайз болоод хувцас нь аль хэдийнэ бэлэн болсон харагдсан. Жүжигчид нь ч гэсэн өөрийн бүтээх дүрээ чадварлаг амилуулж байлаа. Ингээд бэтгэлийн үер “Гамлет” жүжгийн уран бүтээлчидтэй ярилцсанаа сонирхуулья.

Хүн байхын утга учрыг харуулахыг зорьсон

“Гамлет” жүжигийн ерөнхий найруулагч Н.Наранбаатар

-“Гамлет” жүжиг анх 1980 онд манайд тавигдаж байсан гэсэн.  Өмнөхөөсөө ямар онцлогтой болж байгаа вэ?

-Бидний нийгэм болоод хүнийг үзэх үзэл маань хоёр өөр цаг үед болж байгаа нь хамгийн том ялгаа.  Тэр үеийн найруулагч, одоогийн найруулагчийн тавилт мэдээж өөр. Миний хувьд хүн байхын утга учрыг харуулахыг зорьсон. Хүнийг хөгжүүлэх асуудал хойш тавигдсан. Хүний мөс чанар язгуурыг зөв байлгах нь чухал. Биднийг жаахан байхад өвөө эмээ нар маань танихгүй хүнд хоол, цай хийж өгөөд, гэртээ хонуулдаг байсан. Өнөөдөр тийм зүйл байхгүй болсон. Гэх мэтчилэн хүний өөрийнх нь хөгжил, мөн чанар гээгдээд байна. Хүн бол хүнийг хайрладаг, өрөвддөг, энэрдэг, тусладаг байх ёстой. Хүнд байх ёс суртахуун олон сайхан чанар хөгжихгүй, тэр сайхан шинж нь алга болсон.

-Найруулагч хүнд дүр сонгох нь том ажил байдаг байх. Гол дүрийн жүжигчнээ хэрхэн сонгов?

-Дүр сонгох нь маш чухал ажил. Нэг хүнийг дүрээр сонгохын тулд маш олон талаас нь бодно. Туршлагыг нь ч хардаг. Зарим үед залуу үеээ дэмжих зорилгоор дүр өгөх нь ч бий. Би жүжиг хийхдээ заавал нэг шинэ залуу уран бүтээлчийг гаргадаг. Харин өөрийнхөө үеийн жүжигчдэд ачаалал өгч байх ёстой гэж боддог. Театрын ерөнхий найруулагч хүн ачааллыг тооцоолж байж жүжгийнхээ дүрийг сонгох ёстой.

-С.Болд-Эрдэнэ жүжигч­нийг Гамлетийн дүрд яагаад сонгох болов?

-Болд-Эрдэнэ их дотогшоогоо хүн. Нээлттэй ярьдаггүй, тэгсэн хэрнээ өгөгдсөн үүргээ биелүүлчихдэг, яг юу бодоод яваад байгаа нь ойлгогдохгүй ч буруу юм хийж байна уу гэхээр тийм биш байдаг. Нэг л үл ойлгогдох ертөнц байдаг. Мэдээж гол дүрд сонгоход жүжигчин хүний ур чадвар нөлөөлсөн. Болд-Эрдэнэ бол Гамлетийн дүрийг бүтээх насан дээр явж байгаа хүн.

-“Гамлет” хэчнээн жүжигчний хүчээр бүтэж байгаа бол?

-Манай театрын 40 орчим уран бүтээлч бий. Мөн СУИС-ийн төгсөх курсийнхэн гээд 70 орчим уран бүтээлч оролцож байна.

Сонгодог жүжүиг ту их хүч шаардаж байгаа

Гамлетийн дүр С.Болд-Эрдэнэ

-Миний хувьд Гамлетийн дүрд тоглоно гэдэг асар их хариуцлага, сорилт хийгээд хүндтэй хувь заяа юм. Хүн болгонд олдоод байхгүй боломж. Намайг Гамлет гэж харж, хэцүү хэрнээ ямар ч өнцгөөс нь хийж болдог дүр өгсөнд талархаж байгаа. Гамлетийн дүрийг олон өнцгөөс нь хардаг юм билээ. Шекспир “Гамлет” жүжгийг бичснээрээ хүн төрөлхтөнд маш том асуултыг үлдээсэн. Гамлет өөрөө мөн чанарыг хайж, үнэнийг эрэлхийлдэг. Хүн дандаа багтай харьцаж байна. Нийгэм ч багтай амьдрал болчихоод байгаа.  Үүнийг Гамлет харуулдаг. Түүндээ дандаа бухимддаг. Бухимдлаа ухаанаараа барьж байгаа дүр юм шиг санагдаж байгаа. Сонгодог жүжиг учраас олон үг хэллэг, биеийн хөдөлгөөн гээд хүч их шаардаж байна.

Офулия бол хамгийн сайхан цэцэг

“Гамлет жүжгийн гол дүрийн нэг нь Офелия. Офелия бол Гамлетийн хайрт бүсгүй. Уг зохиолын найруулагчийн хэлснээр Офелия бол Гамлетийн оршиж байгаа нийгмийн золиос аж. Офелиягийн дүрд тоглох сонирхолтой олон жүжигчин байсан учраас тэдний дунд шал­гаруулалт явуулсан. Шал­га­руулалтаар нэгдүгээр дү­рээр А.Ганчимэг, хоёроор Д.Ганцэцэгийг сонгосон байна. Энэ талаар жүжигчин Д.Ганцэцэг “Найруулагч бидэнд “Офелия гэдэг хүн нийгмийн золиос болоод, тэр цав цагаан ариун сэтгэлтэй хүн хараар будагдаад, оюун санааны сэтгэцийн өөрчлөлтөд орсон хэсгийг хий. Гэхдээ зүгээр нэг солиорол биш шүү. Үүнийг яаг миний дотроо харж байгаа шиг хийж чадсан хүнийг л сонгоно” гэсэн. Тайзан дээр бүх уран бүтээлчид солиорч байгаа хүнийг тог­лосон. Шалгаруулалтын дараа найруулагч “Ганчимэгийн солиорч байгаа нь биш, яг эрүүл юм шиг хэрнээ хийж байгаа үйлдэл нь солиотой байсан. Бүх Офелия хай­рын цэцэг, дурсамжийг цэцэг гэж өгч байсан бол Ганчимэг хамгийн хайртай хүүхэлдэйгээ хамгийн сүүлд нь өөрөө мөчлөөд гарыг нь “Энэ бол мөнхий цэцэг танд өгье” хөлийг нь “Энэ бол дурсамжийн цэцэг танд өгье” гэж байсан. Эрүүл саруул ухаантай охин хамгийн сүүлд нь хайртай зүйлээ тасдаж, цэцэг мэт харж байгааг найруулагч зөв харсан. Харин том Ганцэцэгийн ажлаас бий Офелия өөрөө хамгийн сайхан цэцэг нь юм байна гэдгийг олж харсан. Үүнийг бий өөрийнхөө жүжигэнд ашиглана. Тиймээс би Ганчимэгийг нэгээр, Ганцэцэгийг хоёроор сонголоо” гэж байсан”. Би үүнийг хэлэхийг хүсч байлаа” хэмээнэ билээ.  

Гамлетийн хайрт бүсгүй болох Офулиягийн дүр А.Ганчимэг

-Энэ миний хувьд анхны сонгодог жүжигт тоглож байгаа чухал дүр. Сонгодог жүжиг жүжигчдээс маш том шалгалт авдаг гэдэг. Би одоо маш их эмээж байна. Офелиягийн солиорлын үзэгдэл гэж бий. Түүнийг сайн бодож хийхгүй бол болохгүй. Сүүлийн үеийн залуус кино их үздэг болсон. Тэгэхээр театрт ирж сонгодог жүжгийг ямар хүмүүс үзэх бол гэсэн таамаглал бий. Гэхдээ “Гамлет” нь маш том агуулгатай жүжиг. Манай театрынхан маш их зүтгэл гарган хийж байна. Тиймээс залуучууд гэлтгүй бүх насныхан энэ жүж­гийг үзэх боломжтой. Тиймээс бүх хүмүүсийг энэ жүжгийг ирж үзээ­сэй гэж хүсч байна.

Эмзэглэж буй сэтгэлээ илэрхийлэн кайф авах гэж энэ дүрд тоглож байгаа

Клавдий буюу Гам­ле­тийн авга ахын дүрийг бүтээж байгаа  ардын жүжигчин П.Цэрэндагва

-Клавдийд Монголын орчин цагийн театрын урлагийн зүтгүүр хүч Ардын жүжигчин, Төрийн шагналт Гомбосүрэн багш маань ажиллаж, бидэнд үлгэрлэсний хүчинд өнөөдөр Цэрэндагва гэдэг хүн энэ дүрд нь тоглох урилга авсан болов уу. Үүний цаана үүрэх ачаа тодорхой. Гомбосүрэн багш бол монголын тайз дэлгэцийн урлагт монгол жүжигчний дээд сургуулийг бий болгосон хүн. Энэ хүний тоглосон дүрд тэр бүр хүн тоглоод байдаггүй. Тохиолдлоор надад хоёр дахь удаагаа таарч байна. Тиймээс бодох, санах юм их байна. Би иргэний хувьд эмзэглэж буй сэтгэлээ уран бүтээлчийн аргаар илэрхийлэн кайф авах гэж энэ дүрд тоглож байгаа. Энэ жүжиг орших оршихгүйн тухай өгүүлж байгаа. Оршихын төлөө зүтгээд байгаа нэг хүн байхад, оршиж болохгүй хүн орой дээр гарчихсан байх тохиолдолд сэтгэл эмзэлгээд байгаа юм. Энэ жүжгийг үзсэн хүн хүнд хэлж чадахгүй, эмзэглээд байгаа үгээ өөрсдөө хашгирч чаддаггүй юм аа гэхэд, хашгирч байгаа хүнийг хараад уужрах байх гэж бодож байна.

Хүн байхын тухай жүжиг

Вангийн хатан Гертрудагийн дүр гавьяат жүжигчин У.Уранчимэг

-Жүжгийн тоглох хурд нь зул бөхөөсөө өмнө бадмалдаг гэдэг санааг агуулж байгаа. Энэ нь надад жүжгийг ойлгоход түлхэц болсон. Гертруда бол жүжиг эхлэхэд л эх байхаа больсон цэгээс эхлэх нь надад илүү ойр байсан. Энэ жүжгийг 30 жилийн өмнө мундаг уран бүтээлчид тоглосон. Гэхдээ одоо жүжиг маш хурдтай, XXI зуунд тавигдаж буйгаараа онцлог байх ёстой. Хүнд эрхэмлэж явах  ганц зүйл нь гэр бүл. Тэгэхээр энэ дүрээр дамжуулж үзэгчдэд хүн байгаасай, хүний ёсноос гажууд юм битгий хийгээсэй гэдгийг харуулна. Энэ жүжиг бол хүний тухай жүжиг. Энэ жүжиг драмын урлагийг дэмждэг, үздэг үзэгчдэд таатай сайхан мэдрэмжийг өгөх байх гэж бодож байна.

Б.АЗЗАЯА
Эх сурвалж: ӨДРИЙН ШУУДАН сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж