”Метроны улирал” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

”Метроны улирал” эхэллээ

Манай улс метротой болох мөрөөдөлтэй. Метрог барих санал, санаачилга, тө­сөл хөтөлбөр, судалгаа тооцоо гаргасан хүмүүс олон. Тэр дундаа УИХ-ын гишүүнд нэр дэвшигчид. Хамгийн харамсалтай нь төсөв хөрөнгө байдаггүй. Харин манай улс метро барихаар Дэлхийн банкнаас зээл авахаар “хөөцөлдөж” байгаа гэсэн. Ингэхдээ 2020 онд энэ төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэйгөөр ажиллаж буй аж. Хэдий найман жилийн дараа метроны бараа харах боловч ямартай ч хэрэгжиж байгаа гэж бодохоор сайхан. Гэтэл үүнийг УИХ-ын гишүүд төдийлөн  ойшоож  үзэхгүйгээр барахгүй “Бүтэхгүй байх аа. Метро барих хэцүү” хэмээн цааргалж суугаа бололтой. Арга ч үгүй биз дээ. Сонгуулиар нэр дэвшихдээ мөрийн хөтөлбөр болгодог зүйл нь метро барих байсан юм чинь. УИХ-ын гишүүнд нэр дэвшиж буй хүмүүс “Би Улаанбаатарыг метротой болгоно. Ингэснээр замын түгжрэлгүй болж, нийслэл рүү ирэх нүүдлийг багасгана” гэх мэтчилэн сайхан үг хэлж, бидний тархийг “угааж” байсан. Тэгтэл УИХ-ын 2012 оны сонгууль дөхөж, тэдний “метро, метро” гэж ярихыг нь сонсох цаг хаяанд иржээ. Үүнийг өөрөөр “метроны улирал” эхэллээ ч гэж хэлж болно. Гэхдээ иргэд энэ жилийн сонгуулиар ихээхэн ухаажсан болов уу. Тиймээс хэр баргийн юманд итгэж, саналаа өгөх нь юу л бол. Улстөрчдийн амласнаар бол манай улс хэд хэдэн метроны замтай болчихоор байлаа. Өөрөөр хэлбэл, замын түгжрэлд бухимдахгүй, аж­лаа­саа хоцрохгүй, ний­тийн тээвэрт чихэлдэхгүй байх байсан. Ямартай ч тэд Монголыг метротой болгож чадвал хүмүүст дараа нь юу амлахаа бодож олох хэрэгтэй болох нь. За тэгээд, УИХ-ын гишүүдэд сэтгэхгүй юм гэж байх биш. Дахиад амлалт гаргаад л ирнэ. Гэхдээ эхлээд “метро” гэсэн том амлалтаа биелүүлэх ёстойгоо санаарай, гишүүд ээ. 

Ц.ЭНХЦЭЦЭГ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж