-Та иргэний нийгмийн төлөөлөл болж, МАН-ын зарим бодлогыг шүүмжилж явсан. Чухам яагаад МАН-д элсэх болов?
-Өөрийнхөө иргэний улс төрийн эрхийг эдлээд тодорхой үзэл бодлын дор эвлэлдэн нэгдсэн байгууллагад гишүүнээр орлоо. Энэ бол Монгол Улсын иргэн бүрийн өмнө нээлттэй байдаг асуудал.
-Гэхдээ л гайхаж хүлээж авах хүн олон байна?
-Сүүлийн хэдэн жил би иргэний нийгмийн төлөөлөл болж байсан. Тиймээс МАН-д элссэнийг маань янз бүрээр хүлээж авч байх шиг байна. Гэхдээ Монгол Улс ардчилсан нийгэмд шилжээд 20 жил болсон. Энэ хугацаанд Монгол Улсын нийт иргэн нэгнийхээ үзэл бодол, сонголтыг хүндэтгэн үздэг болсон гэж бодож байгаа шүү.
-Танд олон нам хүсэлт тавьсан гэл үү?
-Би 2005 оноос улс төрд орсон. Үүнээс хойш надад тодорхой санал тавьсаар ирсэн. Бараг бүх нам “Элсээч” гээд хадаг өгсөн дөө. Хариуг нь өгч чадаагүй байсан юм. Харин Ардын намын дарга С.Батболд “Монгол Улсын эдийн засаг хөгжлийн гараанд ирлээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд төсвийн орлого хоёр дахин нэмэгдлээ. Эдийн засгийн энэхүү хөгжлийг хувь хүн, иргэд рүү чиглүүлэх хэрэгтэй байна. Та хамтарч ажиллах уу” гэдэг саналыг тавьсан. Түүнийг нь би хүлээн авсан. Тэгээд ч “Засгийн газрын тэргүүн эдийн засгийн энэхүү өсөлтийг зөв тийш нь чиглүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулж байна” гэж бодож байгаа. Нуух юм алга.
-УИХ-ын 2008 оны сонгуулийн үеэр, дараа нь ч МАН болон АН-ын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байсан хүмүүсийн нэг нь та. Ялангуяа намуудын амлалтыг “Эдийн засагт сөргөөр” нөлөөлнө гээд хамгийн ихээр шүүмжилж байсан шүү дээ?
-Намууд сонгуулийн үеэр иргэдэд их хэмжээний бэлэн мөнгө амлаж байгааг би эсэргүүцэж байсан. Тухайн үед тэр мөнгө хоёр жилийн төсөвтэй тэнцэх хэмжээнийх байсан. Тиймээс “Нэг намынх нь амлалтыг өгөхөд л 2.6 тэрбум ам.доллар шаардлагатай юм байна. Энэ мөнгийг хаанаас гаргаж өгөх юм бэ” гэж байсан. Гэхдээ бидний харах өнцөг, хэмжих хэмжээ, мэдрэмж янз бүр байна л даа. Тухайн үед С.Баяр даргад “Эдийн засгийн талаасаа болохгүй” гэдэг асуудлыг байнга тавьж байсан. Гэтэл сүүлийн 1-2 жилд манай улсад томоохон хөрөнгө оруулалт орж ирлээ. Хөрөнгө оруулалтын давалгаанд бүх үзүүлэлт хүссэн, хүсээгүй дээшилдэг гэдгийг статистикаас харж болохоор байна. Тиймээс тухайн үед би үүнийг олж хараагүй байсан байж магадгүй. Гэхдээ улсад ашигтай байх л юм бол үүнийг зөв бодлогоор иргэд рүү чиглүүлэх хэрэгтэй юм.
-Ямар нэг тохиролцоо хийсэн юм биш үү?
-Надад хамгийн энгийн санал тавьсан гэдгийг би хэлсэн. Ерөнхий сайд “Манай намын гишүүн болооч ээ” гэсэн. Тодорхой эдийн засгийн, хууль зүйн асуудал тавьж байсан л даа. “Хамтарч ажиллах бололцоо байна” гэсэн. УИХ-ын 2008 оны сонгуулийн үеэр бид бүгд өрсөлдөгч байсан. Би С.Баяр, С.Батболд нартай нэг тойрогт өрсөлдсөн. Тухайн үед иргэнийхээ байр сууринаас сонгуульд нэрээ дэвшүүлсэн. Миний хувьд намд орох асуудлыг нэлээд олон жил тунгаасан. Намуудыг ч их ажиглаж байлаа. Сүүлийн жилүүдэд үнэхээр өөрчлөгдсөн. Өөрчлөлт нь хөгжил авчирч байна гэдэг талаас нь харж байгаа. Нэгдүгээрт, ардчилал гэдэг бол хэлснээр юмуу хийснээр байдаггүй юм байна гэдгийг ойлгосон. Хоёрдугаарт, АН-ынхан хүртэл Ардын намын мөрийн хөтөлбөрийг хамтарч хэрэгжүүлье гээд хамтарсан Засгийн газрыг байгуулаад явж байгаа нь тохиолдын хэрэг биш шүү дээ.
-Эсвэл МАН-аас УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшвэл ялах магадлал өндөр гэж бодсон юм уу. Энэ тал дээр МАН арай бодитой зүйл амласан уу?
-Ирэх сонгуульд МАН-ын дүрмээр тоглох байх. АН-ын зүгээс 2008 оны сонгуулийн үеэр “Нам нэг иргэнийг гуйдаггүй юм шүү. Гэхдээ таныг бол гуйя. Та манай намд орооч” гэж байсан. Би тухайн үед “Бие дааж сонгуульд өрсөлдөнө” гэж хэлсэн. Иргэний зориг намын дарга С.Оюун ч бас “Намд элсээч” гэж байсан. Д.Энхбат дарга нэгдэл болох үеэрээ “Ерөнхий нарийн бичгийн дарга болооч” гэсэн. Мөн БНН-ын дарга Б.Жаргалсайхан “Манай намын дэд дарга болооч” гэсэн санал тавьсан. Бүр санхүүгийн талын амлалт ч өгч байсан. ҮШН-ын хувьд ч албан тушаал амлаж байсан. Харин МАН-ын дарга албан тушаал амлаагүй. “Гишүүн болооч. Хамтарч ажиллая” л гэсэн.
-Магадгүй жижиг намд элссэнээс олон жилийн түүхтэй том намд гишүүнээр элсэх нь дээр санагдсан байх?
-Та “Барын сүүл болсноос батганы толгой болсон нь дээр” гэж асуух гээд байна л даа. Би намууд талцаж, хоёр тийшээ болох үйл явцын туйл болсон гэж боддог. Одоо эвлэлдэн нэгдээд, эдийн засгийн хувьд үүлэн чөлөөний нар гарсан энэ сиймхийг ашиглаж улс орноо тэнхрүүлэх хэрэгтэй байна. Монгол улс дэлхийн улс орнуудаас 110 орчимд жагсдаг, ядуу улс шүү дээ. Харин одоо бодит орлогоороо эхний 50 дугаарт жагсдаг болох бололцоо байна. Би энэ талаас нь харж байгаа юм. Намд элсээд албан тушаал ахина гэсэн бодол бол байхгүй. Харин ч хувь хүн талаасаа буруугаар эргэсэн асуудал гарч ирж байна. Нэр төр рүү халдаж, янз бүрийн нэр хоч өгөх гэсэн үйл явц ажиглагдаж байна.
-Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллахаар боллоо. Хамгийн эхэнд ямар асуудалд анхаарлаа хандуулах гэж байна вэ?
-Эдийн засгийн өсөлтийн үр дүн Долоон буудалд амьдарч байгаа Дорж гуай, Дулмаа гуайн амьдрал хэрхэн өөрчлөгдсөнөөс харагдана. Тиймээс эдийн засгийн өсөлтийг иргэд рүү чиглүүлэхэд анхаарч ажиллана. Уул уурхайн орлого хүн амын хоёрхон хувьд очоод байвал шударга бус. Үүнтэй холбоотойгоор ойрын үед тавих асуудал маань татвартай холбоотой.
-Чухам ямар асуудал тавина гэж?
-Монгол Улсад 2008 онд нүүрлэсэн эдийн засгийн хямралыг бүгд ажиглаж байсан. Тухайн үед би саналаа хэлж байсан. Одоо харин дүгнэлтийг аль нэг улстөрчөөс түрүүлж хийж байгаа. Тухайн үеийн УИХ 2008, 2009 оны хямралыг угтан татварын маш зөв бодлого явуулсан. Хоёр төрлийн өршөөлийн хууль гаргасан. Үүний үр дүнд татвар төлөгч 3000 аж ажуйн нэгж нэг тайлан, балансад орсон байдаг юм. Үүнээс хойш манай улсын татварын орлого аль ч төрлөөрөө 150 хувиас дээш биелэлттэй байгаа. Гэтэл тэр үед нийт компаниудын 98 хувь нь, татвар төлөгч 860 мянган иргэний олонхи нь Татварын өршөөлийн тухай хуулийг ашиглаж чадаагүй юм. Тиймээс өнөөдөр татварын орлого биелж байгаа бол жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг ч гэсэн энэ хуульд хамруулах хэрэгтэй. Зургаан сарын хугацаатай гардаг Татварын өршөөлийн тухай хуулийг гаргаад өгөөч ээ гэсэн асуудлыг тавина. Хэдийгээр 3000 аж ахуйн нэгжийн орлого 2-3 дахин нэмэгдсэн ч жижиг компаниудын орлого 2-3 дахин буурсан. Энэ хуулийн нэг сөрөг тал нь монополь байдлыг бий болгосон юм. Тиймээс одоо үүнийг задлаач гэдэг асуудлыг тавьж байгаа. Үүнийг л ойрын хугацаанд хийх боломжтой байна.
-Нэр бүхий гишүүд Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар Засгийн газарт, тэр дундаа Ерөнхий сайдад шүүмжлэлтэй хандаж байгаа. Та ч гэсэн “Оюутолгойн гэрээнд дутагдал байна” гээд тэмцэж явсан хүний нэг байх аа?
-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах хүртэл буюу 2009 оны аравдугаар сарын 6-ныг хүртэл 10 гаруй хүн гадаа зогсож, тэмцэж байсан шүү дээ. Тухайн үед “Гэрээнд асуудалтай зүйл байна” гэж байсан. Дараа нь 2010 оны аравдугаар сарын 6-нд хоёр дахь гэрээг байгуулах хүртэл асуудал тавьж байсан. Түүнээс хойш би “Нэгэнтээ гэрээ байгуулсан юм чинь ажлыг нь явуулах ёстой” гэсэн байр сууринаас хандсан. Энэ талаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй. Яагаад гэвэл, гэрээний дагуу таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулаад компанийн үйл ажиллагааг эхлүүлэх хэрэгтэй байгаа юм. Хоёр жил ажиллуулах хэрэгтэй. Дараа нь үйлдвэрийг дурын нэг инженер монгол залуу ажиллуулах боломжтой болсон үед энэ асуудлыг тавьж болно. Асуудлыг тавих хууль, эрх зүйн үндэслэл нь ч байгаа шүү дээ.
-Бас та “Монгол 999” үндэсний нэгдлийн удирдах зөвлөлийн гишүүн. Гэтэл УИХ дахь МАН-ын болон АН-ын бүлгийнхэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн аж ахуйн нэгжид олгох хувьцааг иргэдэд нэмж олгоё гэдэг дээр санал нэгдсэн. Энэ мэтчилэн таны үзэл бодолтой нийцэхгүй олон зүйл байх шиг?
-Миний намд элссэн өдөр бол 2011 оны арваннэгдүгээр сарын 10. Энэ өдрөөс эхэлж би МАН-д харъяалагдаж эхэлсэн. Намын дүрэм, журамтай танилцсан. Ерөнхий бодлого барина гээд байгаа. Гэхдээ аль ч нам, бүлэг, эвсэл, холбоо Монгол Улсын Үндсэн хуулийг баримтлах ёстой. Тиймээс хэнтэй нь хаана ч ажилласан Үндсэн хуулийн зарчмыг л баримтална. Тавантолгой, Оюутолгойн хувьцаа, газрын баялгийг ард түмэнтэйгээ холбож өгье гэдэг нь иргэний хөдөлгөөнүүдийн 2005-2006 онд баримталж байсан зарчмын нэг. “Монгол 999” гэдэг байгууллага эвлэлдэн нэгдсэнээрээ Засгийн газрын бодлогыг өөрчилж, УИХ-ын 39 дүгээр тогтоолыг батлуулсан. Уг тогтоолын дагуу Тавантолгойн хувьцааны 10 хувийг иргэдэд олгохоор болсон шүү дээ. Хувьцааны 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд авч өгье гэж байсан. Намын бүлгүүд дээр “Аж ахуйн нэгжид олгох хувьцааг иргэдэд нэмж олгоё” гэж яриад байгаа. Миний зарчим бол “Арван хувийг иргэдэд олгохдоо заавал ч үгүй борлуулах ёстой. Ард түмэндээ, аж ахуйн нэгжид борлуулах ёстой” гэдэг. Намын бүлгүүд “Хувьцааг иргэддээ борлуулъя. Иргэд түүнийгээ борлуулах эрхтэй” гэсэн асуудлыг ярилцаж байх шиг байна. Нэг ёсондоо, аж ахуйн нэгжүүдийн хувьцаа авах аргыг бага зэрэг өөрчилж байгаа гэж ойлгож байгаа.
-Компаниуд үүнийг эсэргүүцээд байгаа биз дээ?
-Компаниуд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 10 хувийг улс авлаа гэхэд юм дуугарахгүй ээ. Арван жил гутал янзалсан залуу алт ухаагүй нь түүний буруу биш шүү дээ. Хэрвээ тэр залуу таван сая төгрөгөөр хувьцаа авлаа гэж бодоход олон улсын бирж дээр “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа гарахад доод тал нь 500 сая төгрөгөөр үнэлүүлнэ. Гэхдээ яах вэ, дараагийн шийдвэрийг гаргах хүртэл харж л байя. Ард түмнээ жижиг, дунд аж ахуйн нэгжүүдээс нь эхлээд хөл дээр нь босгочих хэрэгтэй байсан юм. Би Ерөнхий сайдад энэ талаар зөвлөнө л гэж бодож байгаа.
-МАН-д таныг юу хүлээж байгаа бол. Мэдээж энэ намын дотоод асуудал хэрхэн өрнөдгийг сайн мэдэхгүй байж таарна. Нэгэн цагт нэг намд харъяалагдаж, хамтран ажиллаж байсан хүмүүс өөр намд харъяалагддаг болонгуутаа бие, биенийхээ булхайг дэлгээд эхлэх жишээтэй. Хэрвээ ямар нэг зөрчилтэй, тухайлбал, хууль зөрчсөн асуудал гарвал яах бол?
-Би өөрийн зарчмаа баримтална. Тэр асуудлыг нь гаргаж тавина. Аль нам, бүлэглэлд орсон нь хамаа байхгүй. Үндсэн хуулийн зарчмыг зөрчсөн, хууль бус үйл ажиллагаа хийх л юм бол асуудлыг нь гаргаж тавина. Тийм ч учраас намайг МАН-д элссэнд зарим нэг гишүүн дургүйцэж, жийрхэж байж магадгүй юм. “Энэ нөхөр орж ирээд зарчим яриад байвал яах вэ” гэж бодож байж ч мэднэ. МАН, түүний гишүүдтэй холбоотой янз бүрийн асуудал яригддаг. Үүнийг гаднаас нь харж, дүгнээд явж байсан. Харин одоо бол хууль бус асуудлыг ил гаргаад л явна. Ний нуугүй хэлэхэд, надад МАН-ын гишүүн бүр ялгарч харагддаг юм. Нэг ёсондоо харилцан өрсөлдөж байгаа тохиолдолд ялгарч харагддаг. Зарим үед ялгарч харагдахгүй учраас алдаа нь харагдахгүй үе ч байна.
-Тэгэхээр одоо дотор нь орж байгаад МАН-ыг илүү сайн дүгнэх нь байна?
-Үүнийг цаг хугацаа харуулах биз. Ямар ч байсан МАН-д ардын хүү элсэж болдог байх гэж бодоод л элссэн.
-Ярилцсанд баярлалаа
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин