Ой тогтоолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга, олон улсын их мастер, Монголын оюун ухааны академийн ихэр тамирчид Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Гиннессийн номд албан ёсоор бүртгэгдсэн сертификатаа өчигдөр /2018.06.26/ авчээ. БНХАУ-ын Шенжень хотод болсон 100 мянган ам.долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд Олон улсын хэмжээний их мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар амжилттай оролцон дэлхийн рекордыг шинэчилж, Гиннесийн номд бичигдэхээр болсон юм.
Тодруулбал, Шведийн тамирчин 30 минутад 5040 цифр цээжилсэн дээд амжилтыг Н.Мөнхшүр 5325 цифр болгож, Н.Энхшүр 5445 цифр болгон эвджээ. Ихэр охид Бээжингийн их сургуулийн хэлний бэлтгэлд суралцаж байгаа бөгөөд Монголын оюун ухааны академийн ерөнхийлөгч өөрийн цахим хуудаснаа, “Н.Мөнхшүрийн албан бус нэг дээд амжилтыг сонирхуулахад дөрвөн минутад 80 ханз тогтоож, хэл сурахыг утгаар нь үзүүлж байна” хэмээн шавиараа бахархжээ.
Э.Бурам