УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлаа эцэслэн баталлаа. Хуралдаанаар Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх, УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас Хууль тогтоомжийн тухай хууль 2017.01.01-ий өдрөөс эхлэн хэрэгжих нөхцөл байдал хангагдсан эсэх талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсоно.
Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлаар өчигдөр /2016.12.22/ Ардчилсан нам тав хоногийн завсарлага авсан. Тус намын бүлэг дотооддоо асуудлаа хэлэлцээд өнөөдөр завсарлагын хугацааг дуусгалаа. Ингээд чуулганаар Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцэхэд хаалттай, нээлттэй хэлэлцэнэ гэж гишүүдийн санал зөрлдсөн тул санал хурааж нээлттэй хэлэлцүүлэхээр боллоо.
Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай асуудалтай холбоотой гишүүдийн байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: -Хөгжлийн банкийг эргээд харахад үр могой төрүүлсэн байна. Бүтэн нэг жилийн төсвийн орлоготой тэнцэх хэмжээний мөнгө үрэн таран хийсэн байна. Үүнийг нь ярих гэхээр зээлжих зэрэглэл буурна, адилхан хувааж идсэн уусан гэдэг зүйл ярьдаг. Хариуцлага гэдэг зүйлийг 65 суудалтай манай нам ярихгүй байгаа шүү. Хариуцлага гэдэг үгийг хэлж байгаа ч үйлдэл болохгүй байгаа шүү.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -Сая бид хаалттай хэлэлцэх гэж байгаад болилоо. Банк санхүүгийн асуудал мөнгө босгох тал дээр эх оронч үзэлтэй хандах цаг болсон байна. Өнөөдөр Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлээд дүрмийн санг нь нэмэгдүүлнэ гэж байна. Гэвч энэ банкны бодлого ямар чиглэлээр явах гээд байна вэ? Дахиад өмнөх шигээ бодлогогүй танил тал хараад явуулчих юм уу? Ямар ирээдүй харагдаж байна вэ?
Сангийн сайд Б.Чойжилсүрэн: -Хөгжлийн банкны дүрмийн санг үе шаттай нэмэгдүүлэх асуудал оруулж ирсэн. Цаашид ямар бодлого баримтлах вэ гэж байна. Хаалттай хуралдах юм бол бүх тооцоо судалгааг хэлээд явах боломжтой. Хөгжлийн банкны санхүүжүүлэх зээл хүндэрсэн учраас сан байгуулах шаардлагатай болоод байна.
УИХ-ын гишүүн Г.Занданшатар: -УИХ-ын хаврын чуулганаар батлагдаагүй өөрөө хуль зөрчөөд олгосон зээл ямар хэмжээтэй байна вэ? Хөгжлийн банкны томилгоог улс төрөөс хараат бус байлгаж чадсан уу? Танай банкны актив үнэлгээг хэн хийсэн юм бэ?
Сангийн сайд Б.Чойжилсүрэн: -Хөгжлийн банк 2016 оны арваннэгдүгээр сарын байдлаар 5,9 их наяд төгрөгийн зээл олгосон. Томилгооны хувьд ЗГХЭГ-аас тендер зарлаж явагдсан.
Ийнхүү гишүүдийн асуулт хариулт үргэлжилж байна.
Т.НОМИН