Марракешийн хэлэлцээрт нэгдэн орохоор боллоо

Хуучирсан мэдээ: 2016.11.24-нд нийтлэгдсэн

Марракешийн хэлэлцээрт нэгдэн орохоор боллоо

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн.

Чуулганы хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төслийг дэгийн дагуу Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцууллаа. Хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт, санал илэрхийлээгүй учраас уг төслийг нийт гишүүдийн олонхи дэмжиж баталлаа.

Үүний дараа Засгийн газраас өргөн барьсан Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ төсөлтэй хамтатган УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан юм байна. Хуулийн төслүүдтэй холбогдуулан ажлын хэсгийн санал, дүгнэлтээр санал хурааж төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Одоо чуулганы хуралдаанаар Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Ш.ОЧ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж