ОЙЛГОХГҮЙ БАЙНА

-Вашингтонд яг одоо юу болоод байна вэ. Барак Обамагийн засаг захиргаа АНУ-ын Засгийн газрын өрийг нэмэгдүүлэх, дээд хязгаарыг нь өөрчлөх тухай онцолж байна. Хэрэв үнэхээр тэдний ярьж байгаачлан өрийн дээд хэмжээг нь нэмэхгүй бол АНУ-ын эдийн засаг хүнд байдалд орох уу?
-Би яг юу болох вэ гэдгийг сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ хэрэв та надад зургаан сумтай буу өгсөн гэж бодоход би түүний таван сумаар нь хэдийнэ буудчихсан гэсэн үг. Харин зургаа дахь сумыг тавихад юу болох тухай төсөөлөл хүн бүрт харилцан адилгүй байгаа юм. Зүйрлэж хэлбэл ийм байна. Жорж Бушийн засаг захиргааны үед АНУ өрийн дээд хязгаарыг долоон удаа нэмж байсан. Харин Барак Обамагийн засаг захиргаа энэ асуудлыг бараг анх удаа сөхөж байна.
-АНУ-ын төсвийн алдагдал маш их гарсан. Энэ нь сүүлийн жилүүдэд Засгийн газрын зардал нэмэгдсэнтэй холбоотой хэмээн эдийн засагчид тайлбарладаг. Гэхдээ бодлого боловсруулагчид энэ бүхнийг тооцож, эдийн засгаа урт хугацаанд тогтвортой байлгах талаар яагаад тодорхой арга хэмжээ авч чадсангүй вэ?
-Энэ бол тухайн нөхцөл байдлаасаа хамаарах зүйл. Хэрэв хэн нэгэн чиний толгойд буу тулгавал тэгнэ, ингэнэ гэж төлөвлөх хэцүү биз дээ. Тухайн үед нь ямар нэгэн шийдвэр гаргана. Тэгэх боломж олдох эсэхийг хэлэхэд хэцүү. Түүнтэй адил нөхцөл байдал үүсчихээд байна. АНУ-ын гадаад өр дотоодын нийт бүтээгдэхүүний 120 хувьтай тэнцсэн. Энэ нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн өндөр үзүүлэлт. Тиймээс АНУ-ын бодлого боловсруулагчид өр болон дотоодын нийт бүтээгдэхүүний харьцааны тэнцвэрийг хадгалах зайлшгүй шаардлагатай болсон. Ийм үед хүмүүс хамтрах замаар хөл дээрээ зогсох хэрэгтэй. Гэтэл тэгэхийн оронд өөр хэн нэгний толгойд буу тулгах нь илүү хялбар гэж үзэх хүмүүс ч байна.
-Ирэх сарын 2-нд АНУ-ын Засгийн газар өрийн дээд хязгаарыг нэмэх эсэхээ шийднэ. Түүний дараа АНУ-ын Сангийн яам ямар бодлого баримтлах бол?
-Би түүнийг хэлж мэдэхгүй байна. Уг нь галаар оролдох хэрэггүй хэрнээ энэ аюултай тоглоомоор тоглосоор байх нь хэтэрхий аюултай. АНУ-ын Конгресс цаашид ямар бодлого баримталж, хэрэгжүүлэх тухайгаа бүгдэд тайлбарлах албагүй шүү дээ.
-Бүгд найрамдахчууд энэ асуудалд нэлээд маргаантай байр суурь илэрхийлж байгаа. Та энэ тухай юу гэж дүгнэж байна вэ?
-Үнэн хэрэгтээ Бүгд найрамдахчууд олонх болж чадаагүй тохиолдолд энэ талаар шийдвэр гаргах түвшинд нөлөөлж чадахгүй. АНУ-ын Засгийн газар зээлийн хүүг төлж байгаа гэдэг утгаараа энэ нь манай эдийн засагт нэлээд сөрөг үр дагавар авчирч байгаа юм. Энэ бол нийгмийн халамжийн салбарт зарцуулж байгаа хөрөнгөөс тэс ондоо зүйл. АНУ жилд 3.7 их наяд ам.доллар зарцуулж байгаа бол түүнийг 2.3 их наяд ам.доллараар нэмэгдүүлэх шаардлагатай болчихоод байна. Үүнээс болж маш олон хүн илүү их татвар төлөх ёстой болно. Үүнд ямар ч ид шид хэрэг болохгүй.
-Гэхдээ энэ бүх асуудал цоо шинээр гарч ирээгүй шүү дээ. Олон арван жилийн турш хуримтлагдсаар эцэст нь ийм үр дүнд хүрсэн. Тэгэхээр үүнийг зохицуулахын тулд мөн л олон жил шаардлагатай гэсэн үг үү?
-Би төсвийн алдагдлыг ердөө тавхан минутын дотор бууруулж чадна.
-Яаж?
-Барак Обамагийн засаг захиргаа саяхан шинэ хууль баталсан. Түүнд зориулж зарцуулах хөрөнгөөс болж АНУ-ын төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиас хол давна. Ийм үед одоогийн Конгрессийн гишүүд сонгуульд дахин өрсөлдөж болно гэж үү. Гэтэл тэд ингэж бодохгүй байна. Тэд ард иргэдийн тархийг угаахыг оролдож байна. Энэ бүхнийг зогсоох хэрэгтэй.
-Гэхдээ хүмүүс энэ бүхнийг АНУ-ын Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг, даалгавар мэтээр ойлгодог. Харин Ерөнхийлөгч өөрөө үүнийг “Хүн бүрийг баяртай байлгахын тулд илүү их мөнгө зарцуулах хэрэгтэй боллоо” гэж үзээд шинэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлсэн. Эндээс ямар нэгэн зүйл ажиглагдаж байна уу?
-Би Ардчилсан нам юм уу Бүгд найрамдах гээд аль нэгэн намын тухай яриагүй. Гол нь АНУ-ын Засгийн газар хэзээ нэгэн цагт өрөө төлж л таарна. Харин тэр хугацааг нь хойшлуулж, илүү их мөнгө гаргах тийм нөхцөл байдал үүсгэхээр яараад байгааг нь ойлгохгүй байна.
-АНУ-ын тухай түр азнаад Грекийн нөхцөл байдлын талаар ярилцъя. Тэнд чухам юу болоод байна вэ. Грек улс асуудлаа шийдвэрлэж чадах уу. Аль эсвэл тэд банкуудаасаа санхүүгийн тусламж авсан хэвээр байх уу?
-Миний бодлоор зөвхөн Грек гэлтгүй Европын нөхцөл байдал сайжрахгүй. Тэд үүнийг зохицуулж чадахгүй. Өөрөөр хэлбэл, эрх баригчид нь асуудлынхаа голыг нь олж чадахгүй байна. Грекээс гадна Португалийг аваад үзье л дээ. Тэд зээлсэн мөнгөөрөө эдийн засгаа сэргээж чадах эсэх нь эргэлзээтэй. Хэдийгээр Грекийн замналаар явахгүйг хичээж байгаа боловч санхүүгийн салбарынх нь талаар ганцхан таагүй мэдээлэл цацагдахад л хөрөнгө оруулагчид сандарч, Засгийн газраас гаргасан бондын хүү нь огцом өснө. Тэд хэтэрхий эмзэг байна. Евро бүсийн 17 орон ганц валют хэрэглэж байгаа энэ үед ганцаар тогтохгүй орны эдийн засаг хямраад эхэлбэл бүс нутгийн тогтвортой байдал алдагдана гэсэн үг.
-Еврод ирээдүй бий юү?
-Евро бүсийн удирдагчид юу хийхээс их зүйл хамаарна. Тэд 17 орныг холбож, нэгтгэн ажиллаж байгаа. Гэтэл өнөөдөр зарим нь ийм байдлаас залхаж, бүх ачааг нуруундаа үүрэхээс цаараглаж эхэллээ. Тэгэхээр еврогийн ирээдүйг тодорхойлж хэлэхэд хэцүү байна.
-Танай “Berkshire Hathaway” пүүс Европын орнуудын хилийн чанадад гаргасан бондыг худалдаж авсан уу?
-Одоогийн байдлаар шууд эзэмшиж байгаа бонд байхгүй.
-Хэдэн жилийн өмнө “Berkshire Hathaway” пүүс эзэмшилдээ байгаа Европын орнуудын бондыг худалдсаныг би сайн санаж байна. Тэгэхээр та Евро бүсэд нүүрлэх гэж байгаа хямралыг мэдэж байсан гэсэн үг үү?
-Тийм.
-Дэлхийн эдийн засгийн ерөнхийд нь авч үзвэл сүүлийн үед ямархуу байна вэ?
-Мэдээж хэрэг, 18 сарын өмнөхөөс дээрдсэн. Тэр үед санхүүгийн хямрал болоход олон орны эдийн засагт маш хүнд тусаж байсан. Харин одоо арай өөрчлөгдсөн. Гэхдээ Хятад, Энэтхэг тэргүүтэй өсөн нэмэгдэж буй зах зээл бүхий орнуудын эдийн засаг хурдацтай өсөж байхад АНУ, Европынх төдийлөн сайн байж чадахгүй байна. Латин Америкийн орнууд мөн л эерэг үзүүлэлттэй хэвээр байгаа. Африкийн олонх орны дотоодын нийт бүтээгдэхүүн өсөж байна. Гэхдээ газрын тосны үнэ өнгөрсөн хавраас эхлэн нэмэгдсэнээс болж цөөнгүй асуудал үүссэнийг үгүйсгэхгүй.