Английн иргэнийг хөнөөсөн хэрэгт хоёр хүнийг сэжигтнээр татжээ

Хуучирсан мэдээ: 2016.09.12-нд нийтлэгдсэн

Английн иргэнийг хөнөөсөн хэрэгт хоёр хүнийг сэжигтнээр татжээ

Их Британийн тамирчин, агаарын спортын аялагч /дельтаплан ба параплан/, 53 настай Стив Нэш Монголд аялж яваад амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тэрбээр Хангайн нурууны ноён оргилоос нисэх зорилготой Монгол Улсад наймдугаар сарын сүүлээр ирсэн аж. Гэтэл Архангай аймгийн Хангай сумын нутаг дэвсгэрээс наймдугаар сарын 31-ний өдөр түүний цогцсыг олжээ.

Улмаар Архангай аймгийн Цагдаагийн газар, Улсын Мөрдөн байцаах газрын онц ноцтой хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн хамтарсан ажлын хэсэг томилогдон, талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж эхэлжээ.

Одоогоор талийгаачийн амийг хөнөөсөн байж болзошгүй хэмээн хоёр иргэнийг сэжигтнээр татан, саатуулаад байна.

Стив Нэшийн цогцсыг олоход паспорт болон хэтэвч нь байгаагүй, тиймээс шунахайн сэдлээр түүний амь насыг хохироосон байх магадлалтай гэж хэвлэлүүд цагдаагийн байгууллагын мэдээллээс иш татан мэдээлж байгаа ч “Хэргийг шалгаж байгаа тул нэмэлт мэдээлэл, тайлбар хийх, асуултад хариулах боломжгүй” гэдгийг цагдаагийн байгууллага мэдэгдлээ.

Д.УУДАМ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж