Төрийн нарийн бичгийн даргын сунгаа эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2016.09.06-нд нийтлэгдсэн

Төрийн нарийн бичгийн даргын сунгаа эхэлжээ

-Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга эдийн засагч мэргэжилтэй байх ёстойн шаардлага юу вэ-

Засгийн газрын томилгоо үргэлжилсээр байна. Дэд сайд, Тамгын газрын даргаа тодруулсан МАН-ынхан одоо яамдын Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг хуваарилах томоохон ажилд дарагдаад буй. Төрийн нарийн бичгийн даргыг томилох ажил сунжирч оройтсон нь нэг суудалд нэлээд хэдэн хүн өрсөлдөж байгаатай холбоотой аж. Үүнтэй холбоотойгоор Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал тэрбум төгрөгөөр арилжаалагдаж байгаа тухай мэдээлэл саарал ордонд түгж байна.

Уг нь есдүгээр сарын 12-нд Төрийн нарийн бичгийн дарга нарын сонгон шалгаруулалт явагдах ёстой ч түүнээс урьтаад албан тушаалаа авчихсан гэх хардлага байна. Учир юу вэ гэвэл зарласан сонгон шалгаруулалт, ажлын байрны шаардлагаас нь энэ бүхэн тодорхой болж буй аж. Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргад эрхзүйч, сэтгүүлч мэргэжилтнийг ажиллах шаардлага тавьсан бол Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга нь эдийн засагч мэргэжилтэй байх ёстой гэжээ. Чухамдаа бол Төрийн нарийн бичгийн дарга бол мэргэжлийн хүн байх ёстой. Нэг ёсны эрчим хүчний салбарт мэргэшсэн энэ чиглэлийн боловсролтой хүнийг сонгон шалгаруулах санал өгөх ёстой атал эдийн засагч гэх шалгуур тавьсан нь мэргэжлийн хүн нь яагаад энэ салбарт өрсөлдөж болохгүй байна вэ гэх асуултыг тавихад хүргэж буй юм. Яамдын ажил урагшилдаггүй шалтгааныг мэргэжилтнүүд нь салбарынхантайгаа мэргэжлийн хэллэгээр ярьж чаддаггүй дарга, түшмэлийг улс төрийн зорилгоор томилж, халаа сэлгээ хийдэгтэй холбон тайлбарлаж ирсэн. Энэ алдааг Мэргэжлийн гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын танхим залруулах болов уу гэтэл эсрэгээрээ улам лавшруулж мэдэх ажлын байрны захиалгыг Төрийн албаны зөвлөлд гаргаж өгсөн нь Монголд эрчим хүчний инженер, мэргэжилтэй хүн, судлаач эрдэмтэнгүй болчихсон хэрэг үү, эсвэл лоббиныхоо хүмүүсийг “шахах” бас нэг газар нь Эрчим хүчний яам болсон уу гэх эргэлзээт байдлыг бий болгоод байна.

Г.ДАРЬ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж