УИХ-ын сонгуулийн явц, нэр дэвшигчдийн оноолтыг харахад намууд залуусаа аманд өгөх, эсвэл халз тулгах хэлбэрээр өрсөлдүүлж байна. Эрх баригч Ардчилсан нам ч тэр, Ардын нам ч ялгаагүй залуусаа аманд өгснийг наадамтай зүйрлэбэл хөгшин арслангийн аманд залуу бөхийг аваачиж өгсөнтэй ялгаагүй харагдана.
Хэрэв намууд амалснаараа залуустаа болон эмэгтэйчүүддээ боломж олгосон бол аманд өгч ам хаахгүй байлаа. Гэтэл улс төрд гарах ёстой залуусаа “мангас”-ын аманд өгч туг тахиж байгааг намуудад шинэ залуу үеэ дэмжих бодлого байна уу гэж асуумаар байна. Тэр тусмаа эмэгтэйчүүдээрээ туг тахихаар Ардчилсан нам ч, Ардын нам ч шийджээ гэлтэй, нэр дэвшигчдийн оноолтыг харахад ийм дүгнэлт хийхэр хүргэж буй юм. Төр эмэгтэйчүүдийн төлөөлөл их байх хэрэгтэй гэх мөртлөө эрчүүд өөрсдөдөө хөнгөн зууш болгож буйг хэлэхэд гэмгүй биз.
Хоёр долоо хоногийн дараа санал хураалт болно. Харин сар хүрэхгүй хугацааны дараа улсын наадам болно. Зарим нэр дэвшигчид төрийн сонгуулиас шууд л улсын наадамд “зодоглох” шинжтэй.
Хэрэв сонгуулийг наадам гэвэл найрааны наадам шиг битгий болчихоосой гэсэн хүлээлт байна. Морины уралдаан ч тэр, бөхийн барилдаан ч тэр тэр чигээрээ найраа, хороор дүүрдэг. Түүнчлэн өнгөрсөн жил зүүн, барууны магнайлна гэсэн хоёр бөхийн хэрүүл наадмыг наадам биш болгосонтой адил төрийн сонгуулийг будилаантуулах вий гэсэн болгоомжлол байна. Ялангуяа хор ховондоо эрчүүд сайн. Төрийн наадмаа хэрүүл талцалын бай болгож байгаа эрчүүд парламентын сонгуулиар хурүүл маргаан үүсгэж, нус нулимсаа барах вий дээ. Төрийн сонгууль төвшин болж, нэр дэвшигчид бие бидээ хүндэтгэлтэй хандаасай.
Б.БАТ