-Ямартай ч эхний ээлжинд 44 мянган шарилыг бүртгэлжүүлж, ар гэрийнхэнтэй нь холбоо барьж мэдээлэл цуглуулах гэнэ-
Хотын төвийн чимээгүй хот. Зарим нь хажуугаар нь өнгөрөхөөс цэрвэх тэр газраар нөгөө хэсэг нь бурхан болсон ойр дотнынхноо эрэн хайнгаа эвдэрч сүйдсэн булшийг харан эмзэглэж яваа нь харагдана. Хаана, хэнийг оршоосон, зааг, ялгаа үгүй чимээгүй хотын хөл толгой нь мэдэгдэхээ больжээ. Энэ бол нийслэлийн төвд шахуу байрлах оршуулгын газар. 20-иодхон жилийн өмнө зэлүүд атлаа буйдхан, бурхны оронд очсон нэгнээ оршуулдаг байсан энэ газарт одоо өөр хэн нэгнийг багтааж шингээх зайгүй болсон ч талийгаачдын тухыг алдагдуулж, булшийг нь хөндөх шахам өөд болоочоо нутаглуулах нь сэтгэл эмзэглүүлнэ. Нийслэлийн газрын асуудал чимээгүй хотыг тойрсонгүй. Үнэндээ тэнд гишгэх газар үлдээгүй аж. Эргэж тойролгүй удсанаас зэрлэг, шарилжинд баригдсанаас булш байна гэж мэдэгдэхийн аргагүй болж олны хөлд сүйдэх нь энүүхэнд.
Нийслэлийн Засаг даргын тамгын газраас “Самбалхүндэв”-ийн буюу “Далан давхар” гэж нэрийддэг энэхүү оршуулгын газрыг дахин төлөвлөж, цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулах тухай 2006 оноос ярьж, хэлэлцэж эхэлсэн ч өнөөг хүртэл бодит ажил болоогүй л байна. Хотынхоо төвд тэр дундаа нийслэлчүүдийн хүнсний бүтээгдэхүүний дийлэнх хувийг хангадаг хүнсний захын зэргэлдээх энэхүү оршуулгын газрыг хэзээ цэгцлэх вэ?!
…Хэдэн жилийн өмнөхийг бодоход шарилуудын талыг нь ч болов хашаалж бетонон хашаа татсан байх юм. Талыг нь ч болов гэхийн учир нь цөөнгүй айл оршуулгын газарт хашаа хатлаад өөд бологсодтой нь “өмчлөөд” авчихаж. Нурсан, цөмөрсөн, тэр ч байтугай талийгчийн бунхны чулуу айлын хашаанд заларч, оршуулга дээр хүүхдүүд тоглож, зарим хүмүүс гэрээ хүртэл барьсан харагдах юм. “Манайх хотод 2009 онд шилжиж ирсэн. Буух газаргүй бидэнд оршуулгын газрын дэргэд буухаас өөр сонголт байгаагүй. Тэгээд ч хотын төвдөө ойр болохоор бидэнд амар байдаг юм. Эхэндээ сэтгэл дагаад ч тэр үү, янз бүрийн чимээ сонсогдож, нүдэнд элдэв зүйлс харагддаг л байлаа. Одоо бол бид бүр дасчихаж дээ. Харин хүүхдүүдийг минь сургуулийн найзууд нь оршуулгын газар амьдардаг гэж багагүй гоочилдог л хэцүүхэн юм. Цэцэрлэгт хүрээлэн болгоод янзлахыг нь цөөнгүй жил хүлээж байна” гэж гурван оршуулгатай айлсаж буй Б.Цэндмаа бүсгүй ярьсан юм.
Үнэндээ энэ хавьд оршин суудаг иргэд анхандаа ном уншуулж, сэтгэлдээ сэвгүй боллоо гэж өөрсдөдөө итгүүлчихээд буух газаргүйн улмаас оршуулгын газарт амьдарч байгаагаар өөрсдийгөө зөвтгөлөө. Оршин суугчдын зарим нь оршуулгын газарт амьдарч байгаадаа талархаж эхэлсэн гэнэ. “Энэ хавийг дахин төлөвлөж, сайхан цэцэрлэгт хүрээлэн босгох сургаар газрын үнэ, ханш өссөн. Хашаагүй ч гэсэн айлууд ирж буух нь нэмэгдсэн дээ. Албаны хүмүүс ирээд хэрхэн өөрчилж, цэцэрлэгт хүрээлэн болгох тухай ярьж зургийг нь харуулсан. Тиймээс энэ газарт амьдрах зөвшөөрөлгүй ч гэсэн цаашид амьдарч, нүүхгүй гэж шийдсэн” гэж нэгэн залуу хэлсэн юм. Оршуулгын газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох дараагийн шалтгаан бол агаарт ялгаруулж буй хорт хий юм. Нийслэлийн агаарын чанарын албанаас мэдээлж буйгаар хотын хорт хийн агууламж хамгийн өндөртэй газруудыг Дэнжийн мянга, Баянхошууны орчим тэргүүлдэг юм байна. Ийнхүү хорт хий ихээр ялгаруулж байгаа гол хүчин зүйл нь өнөөх л чимээгүй хот гэнэ. Учир нь хүний шарилаас 20-иод төрлийн хорт хий ялгардаг бөгөөд ойролцоогоор 50 мянга орчим шарилаас дээрх хий нэг дор байнга ялгарч байдаг гэнэ. Энэхүү хорт бодис нь хүний биед агаарын бохирдлоос даруй дөрөв дахин хор нөлөө учруулдаг болохыг нийслэлийн агаарын чанарын албаны мэргэжилтэн онцолж байсан юм.
Тэгвэл “Далан давхар”-ыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох ажил хаана, хэрхэн гацав.
ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БОЛГОХОД 40 ТЭРБУМ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас анхандаа “Далан давхар”-т 220 орчим мянган хүний шарилыг чандарлаж улмаар цэцэрлэгт хүрээлэн барихад 70 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гаргаж байсан юм. Харин нийслэлийн шинэ удирдлагууд энэ ажлыг яаралтай шийдвэрлэж бодит ажил болгохоор 2013 оноос дахин судалгаа хийхдээ агаараас зураг авч нарийвчлахад нийтдээ 44600 талийгаачийн шарил байгаа бөгөөд 40 гаруй тэрбум төгрөг шаардлагатай болох нь тогтоогдсон байна.
“Өнгөрсөн хугацаанд буюу 2013, 2014 онд иргэдээс энэ асуудлаар санал авахад дийлэнх хувь нь “Далан давхар”-ыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгохыг дэмжсэн. Тэр чигт нь шарилын газар хэвээр үлдээх санал нэг ч байгаагүй гэдгийг онцолмоор байна. Хотод шууд гаргаад өгөх мөнгө байхгүй болохоор НИТХ-аас энэхүү ажлыг Концессийн гэрээгээр хийхээр болсон. Одоогоор тендер зарласан бөгөөд Монголын нэг компани, японы нэг компани тус тус материалаа ирүүлээд байна” гэж нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа ярьсан юм.
“ЯПОНЧУУД ТАЛИЙГААЧДЫН ШАРИЛЫГ ЧАНДАРЛАХЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ”
Сонгон шалгаруулалтад материалаа ирүүлсэн компаниудаас цэцэрлэгт хүрээлэн барих туршлагатай, бэлэн мөнгөө гаргаад энэ ажлыг эхлүүлэх боломжтой нь Япон улсын компани гэнэ /нэрийг албаныхан нууцлав/. Хэдийгээр япончуудад мөнгө, туршлага байгаа ч манай иргэдийн зүгээс талийгаачдынхаа шарилд гадаадын хүнийг хүргэж, чандарлахыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Иймээс нийслэлийн удирдлагуудын зүгээс талийгаачдыг чандарлах зан үйлийг Монголын компаниар, өөрөөр хэлбэл монгол хүнээр хийлгэх шаардлагыг тавьсан байна.
44600 ШАРИЛЫГ ЧАНДАРЛАХАД ХОЁР ЖИЛ ШААРДАГДАНА
Ямартай ч эхний ээлжинд 44 мянган шарилыг бүртгэлжүүлж, ар гэрийнхэнтэй нь холбоо барьж мэдээлэл цуглуулах гэнэ. Нийт 44600 орчим шарилыг чандарлахад хоёр жил орчим хугацаа шаардлагатай бөгөөд чандарыг нэг газарт буюу дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн төв хэсэгт байрлах барилгад байрлуулах гэнэ. Улмаар иргэд цэцэрлэгт хүрээлэнд ирж өвөг дээдэс, өөд болоочдоо дурсан сэтгэлийн амар амгаланг эрэх ганц газар болох юм байна. Тендерт сонгон шалгаруулалт амжилттай явагдвал энэ оны дундуур төсөл хэрэгжиж эхлэн 2018 онд 130 га газрыг хамарсан оршуулгын газар цэцэрлэгт хүрээлэн болох хувирах нь ээ.
Д.ЖАРГАЛСҮРЭН
Гэрэл зургийг Э.ЭНХБАТ
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин