Чамд камер байгаа бол боломж байна гэсэн үг

Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

Чамд камер байгаа бол боломж байна гэсэн үг

“48 цаг-Монгол 2013” бэсрэг кино наадмын ерөнхий зохион байгуулагч Н.Цогтбаяртай ярилцлаа.
-Эхлээд 48 цаг наадмынхаа талаар танилцуулаач, энэ наадмын цар хүрээ, ач холбогдол нь юу юм бэ?

-48 цаг кино наадам нь АНУ-аас үүсэл, гаралтай олон улсын уралдаан. 13 дахь жилдээ дэлхийн 116 хотод дөрөвдүгээр сараас арваннэгдүгээр сарын хооронд зэрэг зохион байгуулагдаж байна. Яагаад “48 цаг” гэх болсон бэ гэвэл хоёр хоног буюу 48 цагийн дотор богино хэмжээний киног бүтээхээр уралддагт л байгаа юм. Урьд нь хийсэн бүтээл биш, авсан дүрс, зураг биш, яг нэгэн зэрэг гараанаас эхэлж энэ хугацаанд хийсэн бүтээлүүд ижил эрхтэйгээр өрсөлддөгт гол онцлог нь байгаа юм. Ийм богино хугацаанд 4-7 минутын киног бэлэн болгож хүлээлгэж өгнө. Хоцорсон бол шалгаруулалтад оруулалгүй хасна. Гэхдээ шалгаруулалтад оролцохгүй ч кино театрт гаргадаг. Энэхүү кино наадам нь зохиогдож эхэлснээс хойш 13 жилд, дэлхийн бүх тивд, томоохон хотуудад бүгдэд нь зохиогдож байна. Франц, Дани, Герман, БНХАУ, Японы томоохон хотуудаас эхлээд Вьетнамын Ханой, Монголын Улаанбаатар хотод болдог. Энэ уралдааны зорилго нь кино уран бүтээлчдийг шинээр сэтгэн бодох, уран чадварыг нь богино хугацаанд дайчлах, авьяас чадварыг илрүүлэн гаргаж ирэх, баригдмал байдлаас гаргах зэрэг ач холбогдолтой. Энэ уралдаан нь ямар ч мэргэжил боловсролтой хэний ч өмнө нээлттэй. Зөвхөн кино мэргэжлийнхэн кино наадамд оролцох биш хүссэн бүхэн кино наадамд оролцох, кино хийж байгаагүй ч шүүмжлэлтэйгээр ханддаг нэгэнд, магадгүй мөрөөдөл нь кино бүтээл хийх нэгэнд боломж олгодог гэдгээрээ бусад уралдаан наадмаас онцлог.

-Гурван киноны төрөл хасагдаад шинээр гурван төрөл нэмэгдсэн гэсэн. Оролцогчид яг ямар ямар төрөл жанрын бүтээл хийх вэ?

-Жил бүр 48 цаг кино наадам маань 14 төрлийн киноноос сугалаагаар сонголт хийж оролцдог. Уралдаан эхлэхээс цагийн өмнө багууд цуглаад ямар жанраар кино хийх вэ гэдгээ шоддог. Тухайн жилийнхээ уралдааныг сонирхолтой болгохын үүднээс хоёроос гурван жанрыг аваад, өөр жанрыг нөхөж хийдэг. Энэ жилийн хувьд хүчирхэг эмэгтэй, детектив, хошигнол, баримтат, дуугүй гэсэн жанрууд хасагдаад гэмт хэргийн, эндүүрэл гэсэн сэдвүүд орж ирсэн.

-Жанр болоод сэдэв гэдэг зүйл нь нэг зүйлээ хэлээд байна уу, хоёр өөр зүйл байна уу?

-Жанр гэдэг нь орчуулбал киноны сэдэв гэсэн үг л дээ. 48 цагийн дотор хийсэн гэдгийг нь батлахын тулд өгөгдлүүд өгдөг. Тухайн өгөгдлүүдийг ашиглаж байж л түүнийг 48 цагийн дотор хийсэн гэдгийг нь батална гэсэн үг. Тодорхой дүр байна, түүний мэргэжил нь байна, кинонд хэрэглэх нэг зүйл хэлнэ. Тэр бүгдийг заавал кинондоо оруулсан байх ёстой. Өмнөх жилд тэр зүйл нь харандаа байсан, түүний өмнөх жил цаг байсан. Мөн ямар нэг өгүүлбэр байсан. Яах вэ, тэр өгүүлбэр нь киноны гол санаа, тайлал байх шаардлагагүй.

-Энэ кино наадмын оролцогчид цааш нь үргэлжлүүлээд кино урлагт дурлаж, уран бүтээл хийцгээдэг гэх юм?

-Жил ирэх бүр, оролцогчид цааш нь уран сайхны кино салбарт орж ажиллах ахиж нэмэгддэг. Анхны уралдааны оролцогч Хоролдорж саяхан анхныхаа бүрэн хэмжээний киног хийгээд Улаанбаатар кино наадмаар нээлтээ хийж байна. Энэ кино нь Бусаны кино наадмын сонголтоор ийн шалгараад орчихсон явж байна. Манай наадамд гурван жил дарааллан орсон Аврора филмийн найруулагч Б.Чингүүний “Дуудлага” нэртэй кино нь амжилттай боллоо. Монголын залуусын хийж бүтээж буй уран бүтээлд 48 цаг наадам нь тодорхой хэмжээнд тус нэмэр болж байгаа л гэж ойлгож байна.

-Хэн шүүх вэ, шүүлтийг шударга болно гэдгийг батлах зүйл байна уу. Танил тал, өнгө мөнгөөр уралдаан дүгнэгддэг тохиолдол өөр олон уралдаан дээр харагддаг.
-Шударгаар, нөлөөлөлгүй шүүлт хийлгэхийн тулд ямар шүүгч шүүх вэ гэдэг нь одоог хүртэл зарлагдаагүй байгаа. Ингэж нуугдмал байж байгаад шалгаруулалтын үеэр бүгдэд ил болно. Хэн шүүсэн бэ гэдгийг шагнал гардуулах ёслолын үеэр л оролцогчид танилцдаг.

-Зохион байгуулагчид байх юм уу, мэргэжлийн кино уран бүтээлчид байх юм уу?

-48 цагийн удирдлагаас бидэнд тавьдаг заалт нь тухайн хотын мэргэжлийнхнээр шүүлгэх тухай. Иймд мэргэжлийн найруулагч, оператор, зохиолчдыг сонгон уралдаанаа шүүлгэдэг.

-Өнгөрсөн жилүүдийн оролцогчид юун дээр голчлон алдаж байх шиг байна?

-Жанраа зөв ойлгохгүйгээс алдаж байгаа зүйл гарсан. Сугалсан жанраас ондоо зүйл хийсэн гэсэн үг. Гэхдээ жанр холилдож ч болно. Аймшгийн кино нь аймшгийн хэрнээ инээдмийнх байж ч болно шүү дээ. Мөн цагаа зөв хувиарлаагүйгээс эвлүүлгээ дутуу хийх алдаа ч гарсан. Дууны найруулгаа янзлаагүйгээс кинон дундуур “мотор” гэж орилох нь сонсогдох ч юм уу. Анхны жилээс тууштай оролцож байсан багууд бүр туршлагатай болчихсон, хоёр гурван цагийн өмнө авчраад өгчихдөг, цагаа зөв хувиарлаад сурчихдаг.

-Цагийн хуваарилалт, зохиогчийн эрх зөрчихгүй байх ч юм уу, оролцогчдод зөвлөгөө өгвөл юуг зөвлөх вэ?

-48 цаг кино наадам нь зохиогчийн эрхийн хуульчаар бичүүлсэн дүрэмтэй. Ганц хөгжим ашиглалаа л гэхэд заавал зохиогчоос нь цаасаар зөвшөөрөл авсан байх ёстой. Хамгийн хэцүү зүйл нь энэ байлаа гэж бүх багууд хэлдэг л дээ. Бид цагтаа багтахгүй гэж хэлэхээс илүү зохиогчийн эрх, бичиг баримт бүрдүүлэх нь хэцүү юм гэж байна. Ер нь нийт оролцогчдоос долоон төрлийн бичиг баримт шаарддаг.

-Утсаар хэлээд зөвшөөрлийг нь авчихсан гэх зүйл байх уу?

-Байхгүй.

-Монголын бүтээлүүд бусад улс хотуудын бүтээлүүд хооронд ямар ялгаа, онцлог ажиглагдах юм бэ?

-Монголчуудын бүтээл илүү сайн гэдгээрээ л ялгарах юм даа. Улс орон бүрээс шалгарсан кинонуудыг зургаан өдрийн турш үзээд сууж байхад зарим нь арай ч ийм бүтээл түрүүлээд яах вэ гэж бодогдмоор ч зүйл гарч байлаа. Гэхэд Монголын бүтээлүүд маш өрсөлдөөнтэйгөөр шалгардаг. Бүгд сайн болдог тул шүүгчид маш хэцүүхэн байдалтайгаар шүүдэг.

-Шүүгчид яг ямар шалгуураар сайн мууг нь, шалгаруулах эсэхээ шүүдэг юм?

-Шүүгчид гурван үзүүлэлтээр шүүдэг. 100 хувийн үнэлгээ өгөх ёстой гэвэл, 45 хувьд нь хэлэх гэсэн санаагаа гаргасан байдал, өгүүлэмж, жүжиглэл, 30 хувь нь гэрэл тавилт гэх мэтийн техник ашиглалтын байдлыг, 25 хувьд нь өгөгдлүүдээ бүгдийг оруулсан эсэх, жанраа барьж чадсан эсэхийг хардаг.

-Шилдэг дууны эвлүүлэг, шилдэг жүжиглэлт, шилдэг найруулагч, шилдэг кино зохиол, шилдэг бүтээл гээд шалгаруулдаг гэсэн. Би өөр юу орхисон бэ?

-Бид долоон үндсэн байр шалгаруулдаг. Үүний гурав нь шагналтай. Орхисон нь шилдэг зураг авалт байна.

-Киноны жанраа сугалж шийддэг гэсэн. Заавал ингэх ёстой юм уу? “Инээдмийн кино” “аймшгийн кино” “триллер” зэргээс илүү оролцогчид “романс” сугалчхаасай гэж боддог гэсэн. Санасан жанраа сугалсангүй гэх оролцогчид олон байх шиг байлаа. Тэгээд сугалсан жанраасаа шалтгаалаад жаахан амжилт муутайхан оролцох зүйл байна уу, үгүй юу?

-Надад тийм зүйл ажиглагдсангүй. Яах вэ, багуудын хувьд “инээдмийн кино хийх хэцүү” гэх мэт зүйл ярьдаг л даа. Тэмцээн уралдаан тул бүгд сугалаагаар шийдэгдэнэ. Сугалаагаа солино гэх зүйл байхгүй. Гэхдээ сугалааны хувьд оролцогчдод хоёрдох боломжийг уралдаан зохион байгуулагчдаас олгодог. Хэрвээ 14 төрлөөс аль нэгийг нь сугалаад таалагдахгүй бол оноолтоор найман төрлөөс нэгийг нь автоматаар өгдөг. А баг сэдвээ голсон бол энэ найман төрлөөс энийг нь өгнө гэх оноолт нуугдмал байна гэсэн үг.

-“Бүтээлээ өгөхөө болилоо, амжсангүй, барсангүй” гэх зүйл хэр гарч байна. Үүний шалтгаан нь юу байх шиг байна?

-Нэг удаа л тийм зүйл гарсан. Бид зохиолоо ч гаргаж чадахгүй маргасаар байгаад киногоо хийж чадсангүй гэсэн. 2010 оноос хойш гурван жилийн хугацаанд уралдаан зохион байгуулсны дүнд Монголын богино хэмжээний кино урлагийн санд нийт 79 кино оруулсан байна. Уг нь 80 байх ёстойгоос нэг нь огт ирүүлээгүй учраас 79 байгаа юм. Эхний жилд нэг оролцогчоос над руу яриад “надтай цуг кино хийнэ гээд ирчихсэн байсан баг маань бид ийм жанраар кино хийж чадахгүй гээд хаяад явчихлаа. Би ганцаараа сууж байна” гэсэн. Тэгэхээр нь би “чамд камер байгаа юу” гээд “байгаа” гэхээр нь “ганцаараа гараад кино хийчих. Хоцорсон ч хамаагүй хийгээд л ир. Чамд кино хийх боломж байна шүү дээ” гэсэн. Ингээд тэр залуу “Мета аялал” гэдэг кино хийгээд ирсэн. Шалгаруулалтаас хасагдсан ч кино театрт гарсан. Кино театрт үзсэн бүх хүн түүнд баяр хүргэсэн дээ.

-Өнгөрсөн жил оролцож байсан оролцогчид хэр өөрчлөгдөж байна?

-Өөрчлөгдөлгүй яах вэ. Туслахаар ажиллаж байсан залуус өөрсдөө баг байгуулаад орж байна. Мөн тогтсон бүрэлдэхүүн, нэрээр оролцож байгаа студиуд ч олон байна.

-Цагийн хуваарилалтаа хэрхэн хийвэл зүгээр вэ, зарим нь ихэнх хугацаагаа кино зохиолд зарцуулдаг бол зарим нь маш бага хугацааг зохиолдоо өгч, ихэнх хугацааг зураг авалтад өгдөг гээд өөр өөр байх шиг байна?

-Би урьд нь 48 цагт өөрөө оролцож байсан. Зохиолчдын баг, зураг авалтын баг, эвлүүлгийн баг гээд тусдаа зохион байгуулалттай ажиллаж байсан. Сугалаа сугалах үеэр эвлүүлгийн багийнхан амарч байсан. Зохиол дуусангуут найруулагчийн баг ажиллаж, жүжигчидтэйгээ ажиллаж эхэлсэн. Эвлүүлгийн багийнхан зураг авалтын үеэр давхар эвлүүлгээ оруулж, хар эвлүүлгээ бэлдэж эхэлсэн. Ерөнхийдөө эвлүүлэгтээ цаг гаргаж өгөх хэрэгтэй юм шиг санагдсан.

-Өөрийг тань киноны хүн гэдэг утгаар нь Монголын өнөөгийн кино урлагийн талаар сэтгэгдлийг тань сонсмоор байна. Монгол кинонуудын зохиолоосоо эхлээд л шүүмжлэл, гомдол дагуулдаг, Монгол кино үзээд гарч ирсэн хүн “харамсдаг” энэ байдал хэзээ өөрчлөгдөх юм бол?

-Монголын киноны үйл ажиллагаа нь дижитал видео дөнгөж гарч ирж байх үед зогсонги байдалд ороод хальсан дээр ажилладаг байсан хүмүүс нь үүнийг мэдэхгүй, заагаад өгчих хүнгүй, онолоор зааж байсан болохоос биш дижитал технологийг заах хүнгүй, өөрсдөө бор зүрхээрээ гадаадад сургуульд явсан, ихэнх нь өөрсдөө бие даан суралцсан зэрэг нөхцөл нөлөөлсөн байх. 100 мянган доллар ч хүрэхгүй мөнгөөр бүтэж байгаа гэдгийг нь ч бодох ёстой. Ийм нөхцөлд гарч ирсэн кинонуудыг шууд 150 сая доллараар бүтэж байгаа кинонуудтай харьцуулах нь утгагүй асуудал л даа. Гэхдээ дотор нь хэлэх зүйлээ дутуу үзүүлж байна гэх зэрэг шүүмжлэл байж болно л доо.

-Кино зохиолынх нь байгаа царайг хараад шүүмжлэхээс л аргагүй байна л даа?

-Яах вэ, шууд сайн зохиол биччихгүй л байх. Аажмаар сайжрах байх. Гэхдээ миний хувьд, монголын киног эрчимтэй хөгжих шат руугаа алхчихсан. Авираад л явж байна гэж харж байгаа. Дэлхийн түвшний кино хийчихсэн найруулагчид ч байна. Манай Бямбаа найруулагчийг дэлхий хүлээн зөвшөөрч байна. Бусаны кино наадам чинь Каннын кино наадамтай тэнцэхүйц наадам. Хоролдоржийн “Шарга даага” гээд кино оролцоод явж байна гэдэг чинь бахдам амжилт шүү дээ. Манай уралдаанд анх кино сонирхогчид хэдэн инженер залуус оролцсон юм. Тэд “бид Монголын киноны талаар маш шүүмжлэлтэй үзэл бодолтой байсан. Яг өөрсдөө гар дааж хийхэд кино гэдэг маш хэцүү юм байна гэдгийг нь ойлгосон. Олон зүйлийг ойлголоо” гэж хэлсэн.

Б.ЭНХМАНДАХ
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж