Арын хаалгаар хүүхдээ оруулна гэсэн зүйл байхгүй

Хуучирсан мэдээ: 2013.08.22-нд нийтлэгдсэн

Арын хаалгаар хүүхдээ оруулна гэсэн зүйл байхгүй

Оноо нь дутсан хүүхдээ сургуульд оруулах гэсэн тэмцлээ зогсоо

Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр болон яамны албаныханы хамтаар өчигдөр 2013-2014 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэлийн талаар болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

Эхэнд хүргэсэн мэдээллээр сургуулийн өмнөх боловсролын хувьд энэ хичээлийн жилд 191815 хүүхэд суралцах бөгөөд үүнээс 134763 нь төрийн өмчийн цэцэрлэгт, 25438 нь хувийн өмчийн цэцэрлэгт хамрагдахаар болжээ. Ерөнхий боловсролын сургуульд 504233 сурагч суралцах бол, дээд боловсрол эзэмшихээр 99 их, дээд сургуульд 175,591 суралцагч бүртгүүлсэн байна. Ийнхүү сургуулийн өмнөх болоод ерөнхий боловсрол, дээд боловсрол, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн, хувилбарт сургалтанд хамрагдсдын тоог нэгтгэвэл бараг 900 мянгаад иргэн суралцаж буй аж. 2013-2014 оны хичээлийн шинэ жилд хэвлэх шаардлагатай бүх сурах бичгийг хэвлэн нийлүүлэх ажил дуусах шатандаа оржээ. Өнөөдрийн байдлаар сурах бичгийн хэвлэн нийлүүлэх ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Гэхдээ хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бүх сурах бичиг бүрэн нийлүүлэгдэх гэнэ. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 116 нэрийн 1 сая 359 мянган сурах бичиг, 28 нэрийн багшийн ном хэвлэхэд 3,2 тэрбум гаруй төгрөг зарцуулжээ. Үүнээс бага ангийн 38 нэрийг, дунд ахлах ангийн шинээр зохиосон 24 нэрийн сурах бичгийг хэвлэн нийлүүлж дууссан байна. Мөн эцэг эх нь худалдан авах боломж муутай дунд, ахлах ангийн сурагчдад сургуулийн номын сангаар дамжуулан үнэ төлбөргүй хэрэглүүлэх 75 нэрийн 227100 ширхэг сурах бичгийг нийлүүлж дууссан байна. Нийт сурагчдийн 86,8 хувь буюу 10 хүүхэд тутмын 8 нь төрийн дэмжлэгтэйгээр бүх сурах бичгээрээ хангагдсан бөгөөд өнгөрсөн оноос 21,2 хувиар нэмэгдсэн байна. Үүнд, бага ангийн бүх сурагч сурах бичгээр үнэ төлбөргүйгээр хангагдаж байгаа бол, дунд ахлах ангийн нийт сурагчдын 40 хувь болох 104382 сурагч тухайн ангид судлах бүх хичээлийн сурах бичгээ багцаар нь үнэ төлбөргүй хэрэглэх боломжтой аж. Түүнчлэн дунд ахлах ангийн нийт сурагчдийн 46,8 хувь болох 122127 сурагч сурах бичгээ сургуулиасаа түрээслэн хэрэглэх ба түрээсийн төлбөрт нийт багц ном ашигласныхаа төлөө 9000-18000 төгрөгийг төлөх юм. Жишээ нь 11-р ангийн сурагч 42 мянган төгрөгийн үнэ бүхий 12 нэрийн сурах бичгийг багцаар нь 10500-16800 төгрөгөөр түрээслэх аж.Боловсрол Соёл Шинжлэх ухааны яамны сайд 2015 он гэхэд цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг нэг тийш нь шийдчихсэн байх болно гэдгээ хэллээ.

Энэ хичээлийн жилийн хувьд хүртээмж 66 хувьтай байгаа аж.Улаанбаатар хотод цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төрийн өмчийн 25 цэцэрлэгт 32 бүлгийг нэмж байгуулж цэцэрлэгийн хүчин чадлыг 1120-оор нэмэгдүүлжээ. Мөн цэцэрлэг нээх хүсэлтэй хувийн хэвшлийнхэнийг дэмжиж зөвшөөрөл олгох ажлыг шуурхай, чирэгдэлгүйгээр зохион байгуулахыг үүрэг болгосон байна. Өнгөрсөн жилд нийслэлд төрийн өмчийн бус 166 цэцэрлэг ажиллаж байсан бол одоогийн байдлаар 62 цэцэрлэгт шинээр зөвшөөрөл олгосноор хүчин чадлыг 3580 хүүхдээр нэмэгдүүлсэн байна. Түүнчлэн сургууль цэцэрлэгийн хомсдлыг арилгаж, хүрэлцээг хэвийн болгох талаар нийслэлд 89 байршилд цэцэрлэг бага сургуулийн цогцолбор барих шийдвэрийг Засгийн газраас энэ долдугаар сард гаргасан бөгөөд эдгээр цэцэрлэг, сургуулийн барилгыг барих ажлыг яаралтай эхлүүлэхээр Эдийн засгийн хөгжлийн яамтай хамтран ажиллаж байгаа гэнэ. Түүнчлэн нөхцөл нь сургалтын үйл ажиллагаа явуулахад эрсдэлтэй, аюултай болсон 26, 47, 57, 146, 10, 18 дугаар цэцэрлэгийн барилгыг нурааж, барих ажлыг энэ есдүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

Ийнхүү мэдээлэл өгсний дараагаар сэтгүүлчдийн сонирхсон зарим асуултад хариулт өглөө.

 -Дүрэмт хувцасны асуудал олон эцэг эхчүүд сонирхож байна. Боломжгүй айлын хувьд дарамт болж байгаа юм биш үү?

-Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдын 73,9 хувь болох 373387 сурагчдад шинэ дүрэмт хувцас өмсгөхөөр төлөвлөсөн. Үүнээс Улаанбаатар хотод 141792 сурагч, хөдөө орон нутагт 231595 сурагч шинэ дүрэмт хувцас өмсөнө. Улсын хэмжээнд нийт 728336 ширхэг хувцас нийлүүлэгдэх бөгөөд үүнд пиджак, өмд, хүрэм, срочкон цамц, ноосон майк, ноосон цамц, зангиа багтаж байгаа.Шинэ дүрэмт хувцасны үнийг өнгөрсөн оны дүрэмт хувцасны ижил төрлийн хувцасны үнэтэй харьцуулахад 10-24 мянган төгрөгийн зөрүүтэй байгаа.Хятад төмс, Монгол төмс хоёрын хооронд 300 орчим төгрөгийн зөрүү байдаг шиг эх орондоо үйлдвэрлэж байгаа дүрэмт хувцсанд зөрүү гарч байгаа. Гэхдээ манай яам Нийгмийн хамгааллын яамтай хамтраад үнэхээрийн боломжгүй айлын хүүхдүүдэд дүрэмт хувцсыг үнэгүй өгөх боломжийг судалж байгаа. Бага ангийн 1, 2, 3 дугаар ангийн 111 мянган сурагчийн дүрэмт хувцсыг наймдугаар сарын 30 гэхэд, 4, 5 дугаар ангийн 78890 сурагчийн дүрэмт хувцсыг есдүгээр сарын 15 гэхэд, дунд ангийн 126572 сурагчийн дүрэмт хувцсыг есдүгээр сарын 30 гэхэд, ахлах ангийн 56925 сурагчийн дүрэмт хувцсыг аравдугаар сарын 30 гэхэд бүрэн нийлүүлж дуусах хуваарьтайгаар ажиллаж байгаа. УИХ-аас боловсролын тухай хуульд бага дунд боловсрол эзэмшиж байгаа сурагчид дүрэмт хувцас өмсөнө гэж заасан. Засгийн газар болон Боловсрол, шинжлэх ухааны яам үүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Засгийн газрын зүгээс энэ дүрэмт хувцсыг дотооддоо үйлдвэрлэж болдоггүй юмуу гэсэн санаачилга гаргасны дагуу үйлдвэрлэгчидтэй Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам ярилцсан. Тэгээд загвараа гаргавал үйлдвэрлэхэд бэлэн байна гэсэн. Дүрэмт хувцасны загварыг аймаг, дүүргийн боловсролын газрууд батална. Ямар загвар, чигийг барих вэ гэсэн жишиг загварын уралдаан зарлаж, яамнаас ажлын хэсэг гарч жишиг загварыг баталсан. Монголын хүүхдүүд чанартай, хамгийн сайн хувцас өмсөх ёстой гэсэн байр суурийг яамны зүгээс барьж байна. Засгийн газраас үнэхээр дүрэмт хувцас авч өгөх боломжгүй айлуудын судалгааг гаргахыг Хүн ам нийгмийн хамгааллын яаманд даалгасан. Гол нь энэ сургаар хүүхэддээ дүрэмт хувцас авч өгөх чадалтай мөртлөө энэ судалгаанд хамрагдах гэж дайралт битгий хийгээрэй гэж эцэг эхчүүдэд уриалмаар байна. Шинэ дүрэмт хувцсыг үйлдвэрлэхэд давхцуулалгүйгээр тооцвол үндэсний 119 үйлдвэрлэгчид ажиллаж байгаа бөгөөд үүнээс хонины ноос самнахад найм, утас ээрэхэд зургаан, даавуу үйлдвэрлэхэд хоёр, оёмол хувцас үйлдвэрлэхэд 67, сүлжмэл хувцас үйлдвэрлэхэд 36 үндэсний үйлдвэрлэгчид ажиллаж байна.

-Сургалтын төлбөрийг яагаад нэмсэн бэ?

-Энэ жил ШУТИС кредит төлбөрөө 13, ЭМШУИС 16, МУИС 15 хувь нэмж байгаа гэсэн мэдээлэл байна. Үүнд хориг тавих эрх надад байхгүй нь. Сургалтын төлбөрийг хуулиараа тухайн сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөл жил бүр тогтоодог. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яамны зүгээс тэдэнд албан бичиг явуулж төлбөрөө бууруул гэж шууд оролцох эрхгүй. Гэхдээ албан бусаар буюу сургуулиудын удирдлагуудтай уулзаж төлбөрөө өндөр хувиар нэмэхгүй байх хүсэлт тавьсан. Сургуулиудын төлбөрт хэт оролцож байсан учраас Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас “Яам их дээд сургуулиудын төлбөрийн нөхцөлд оролцох хууль, эрх зүйн үндэс байхгүй” гэж анхааруулсан. Сайн сурдаг, амьжиргааны түвшин доогуур төлбөрөө төлөх чадваргүй айлын хүүхдэд төрийн сангийн зээл олгох ажлаа үргэлжлүүлнэ. Жишээ нь, МУИС сан байгуулж, сайн оюутандаа өөрсдөө тэтгэлэг олгох санаачлага гаргаж байгаа.Энэ мэт санаачилга бусад сургуульд ч хэрэгжих ёстой.

-Яам яагаад сургалтын үнэнд хяналт тавихгүй гэж байгаа нь олон эцэг эхчүүдийн найдварыг таслах шиг боллоо?

-Хуулиар олгогдоогүй ч албан бусаар сургуулийн удирдлагуудад сургуулийн орлогынхоо тодорхой хэсгийг оюутнуудаас биш өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан инновацийн төсөл, шинжлэх ухаан технологийн төсөл, зөвлөх үйлчилгээгээр олох хэрэгтэй гэсэн шаардлага тавьж байгаа. Сургалтын төлбөрөөс сургуулийн санхүүгийн 90 хувь нь босч байгааг өөрчлөх хэрэгтэй. Жишээ нь МУИС-ын Хууль зүйн сургуульд хамгийн сайн хуульч, өмгөөлөгчид байгаа. Тэд өмгөөллийн үйлчилгээ хийвэл дангаараа хэдэн тэрбум төгрөг элбэгхэн олчихно. ШУТИС-ын багш нар маань ганц уул уурхайн компанид зөвлөх үйлчилгээ хийхэд л хэдэн зуун саяаар нь хөнгөхөн олчихно. Мөн бид төгсөгчид ажилтай байх, сургуулийн төлбөрт дулдуйдахаа боль гэсэн шаардлага тавьж байна. Гэхдээ сургалтын төлбөр нь эргээд л суралцагчдаа наалддаг гэдгийг санах ёстой. Хичээл зааж байгаа багшид нь цалин болж очдог, тухайн хүүхдэд нь лаборатори, дадлагын зардал болж очдог. Үүнийг эцэг эхчүүд ойлгох ёстой. Сургалтын төлбөрийг өсгөхгүй гэвэл докторын оронд магистр хичээл заана л гэсэн үг.

-Сургалтын төлбөр нэмэгдлээ гээд чанар нь дагаад сайжрах уу. Үүнийг яаж тогтоох вэ?

-Чанар сайжирч байгаа юу гэдгийг төгсч байгаа хүүхдүүд ажилтай болж чадсан уу гэдгээс харж болно. Энэ жилээс эхлэн элсэлтийн шалгалт, төгсөлтийн шалгалтыг жилд хоёр удаа авна. Ингэснээр тухайн үед бэлтгэлээ хангаж чадаагүй хүүхдэд боломж олгох юм. Элссэн онооныхоо дагуу сургуульд ордог байх зарчмыг мөрдөж байна. Төгсч байгаа хүүхдүүдээ ажилтай болгож байвал тэр сургуулийн захирал сайн. Бусад талаар захирлын ажлыг үнэлэхэд хэцүү. Сургууль бүрт оюутныг ажилд зуучлах албыг байгуулж байгаа.Төгсөгчид чанартай байвал гараад ажилтай болно гэсэн үг. Тухайлбал, Боловсролын их сургуулийг чанартай төгсөхийн тулд дөрвөн жилд дөрвөн дадлага хийдэг болж байна. Сургууль бүр өөр өөрийн онцлогт тохируулж, оюутнуудаа чанаржуулах ажлыг зохион байгуулах хэрэгтэй.

-Их сургуулийн захирлуудын томилгоог шударга бус болсон гэж үзэх хүмүүс байна. Үүнд тайлбар хийгээч?

-Их, дээд сургуулийн захирлуудын сонгон шалгаруулалт хуулийн дагуу явагдсан.Сонгон шалгаруулалтыг төрийн албаны зөвлөлтэй хамтран зохион байгууллаа. Шалгарч чадаагүй хүмүүсийн хувьд гомдол тасрахгүй. Нэр дэвшигчид сургуулиа яаж хөгжүүлэх хөтөлбөрөө танилцуулсан. Нэр дэвшигч бүрийг улс төрчид дэмжиж байсан гэдгийг нуухгүй. Гэхдээ улс төрчдийн нөлөөлөл ороогүй гэдгийг дахин хэлмээр байна. Манай яамны залуучууд нөлөөлөл оруулахгүй байх ажлыг маш сайн хийсэн. Төрийн албаны зөвлөл хүлээн зөвшөөрсөн, сайдын тушаал гарсан, Авлигатай тэмцэх газраас сонирхлын зөрчлийн мэдээллээ авчихсан, одоо ажил хэвийн урагшилна.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор 175 мянгаад оюутан бүрт 96 мянган төгрөгийн тэтгэлэг өгөх боломж нь Засгийн газарт байгаа юм уу.Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Оюутны тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлж чадна гэдэгт итгэлгүй байна. Энэ жилийн эдийн засаг, төсвийн хүндрэлийн талаар та бүхэн бүгд мэдэж байгаа. Иймд Засгийн газраар ч, УИХ-аар ч дэмжүүлэхэд хэцүү байх.Холбогдох шийдвэрийг Засгийн газар, УИХ гаргах байх. Бид нэмэгдүүлэх санал гаргаад явна, харин энэ саналыг дэмжүүлж чадна гэдгийг хэлж чадахгүй нь.

-Хандивын ангид оруулах асуудал байсаар байгаа юм биш үү?

-Их, дээд сургуульд хандивын анги гэж байсныг бүрмөсөн зогсоосон.Энэ жилээс төрийн өмчит их, дээд сургуульд хандивын анги байхгүй гэж ойлгож болно.Төрийн өмчийн их дээд сургуульд орох оноондоо хүрээгүй хүүхдээ сургуульд оруулна гэсэн тэмцлээ зогсоохыг эцэг, эхчүүдээс хичээнгүйлэн гуйж байна. Манай яамны үүдийг дарчихсан байгаа хүмүүсийн ихэнхи нь “миний хүүхэд сургуулийн хуваарь авч чадсангүй, би ийм амьдралтай, би ийм холбооны хүн, би өмнө нь ийм гавъяа байгуулж байсан, ганц хүүхдийг минь сургуульд оруулж өг” гэсэн хүмүүс.Ийм хүмүүсийн цуваа ажлыг маань үнэхээр чирэгдүүлж байна. Хүүхдийн чинь оноо хүрээгүй бол дахиад л бэлд. Оноо хүрээгүй бол орсон сургуульдаа суралцахад тэнцэхгүй байна гэсэн үг. Мөн хүний авчихсан хуваарийг ч өөртөө шилжүүлж авна гэсэн ойлголт одоо байхгүй. Арын хаалгаар хүүхдээ оруулна гэсэн зүйл байхгүй шүү. Гадуур сургуульд оруулж өгнө, таван сая, арван саяаар сургуульд оруулна, хуваарь зарна гэх мэт янз бүрийн мэдээлэл, зар явж байна. Бид ийм мэдээлэл бүрийг цагдаагийн газарт шилжүүлж байгаа. Хэрэв ийм асуудал сонссон хүн байвал шууд хуулийн байгуулагад нь хандах хэрэгтэй байна. Элсэлтэнд орсон хүн бүрийн оноо, мэдээлэл Тагнуулын Ерөнхий газар болоод манай яаманд бүртгэгдсэн. Авсан хувиараа хэн нэгэнд өгнө гэх ойлголт байхгүй. Чардайж, чармайж байгаад сургуульд орж ирсэн хүүхдийн хажуугаар хичээлээ хийхгүй явж байгаад хаалгадуулж их сургуульд ордог энэ байдлыг бүрэн таслан зогсоох болно. Сургуулийн ямар нэг ажилтанд мөнгө төлж ордог явдлыг таслан зогсоох болно. Ямар нэг гомдол санал байвал яамны маань нэг давхарт маань Олон нийттэй харилцах хэлтэс байна. Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж өдөр бүр 13-15 цагийн хооронд иргэдийн гомдол саналыг авч байгаа.

-Багануурт баригдах оюутны хотхоны асуудал юу болсон бэ?

-Техник эдийн засгийн үндэслэл нь бэлэн болж байгаа. Ерөнхий төлөвлөгөөгөө энэ зургаадугаар сард багтаагаад батлах гэж байна. Багануурын оюутны хотхоны санхүүжилтэд 13 их наяд төгрөг буюу Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээтэй мөнгө хэрэгтэй байгаа. Ер нь Дархан хотыг шинээр барих хэмжээний санхүүжилт хэрэгтэй гээд л бодчих. Энэ бол аварга том төсөл. Ингэхээр анхнаас нь үе шатыг нь маш зөв гаргах хэрэгтэй.

-Кембрижийн хөтөлбөр ингэхэд юу болсон бэ.Зогссон уу, үргэлжилж байгаа юу.Үүнд хичнээн төгрөг зарцуулаад байна?

-Кембрижийн олон улсын шалгалтын төвөөс зөвлөх үйлчилгээ авч байна. Зөвлөх үйлчилгээний дагуу математикийн хичээлийг 12 жилийн хугацаанд эзэмших, багшийн аргачлал, арга зүй технологи, хүүхдийг үнэлэх зэрэг аргачлалыг бүрэн аваад дуусч байна. Кембрижийн зөвлөгөөнд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх технологи байхгүй. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх технологи монгол талаасаа нэмэгдэж монголын үндэсний хөтөлбөр болж гарч ирнэ. Олон улсын байгууллага учраас төлбөр нь өндөр. Энэ жил гурван тэрбум төгрөг зөвлөх үйлчилгээний төлбөрт төлсөн. Зөвлөгөөг нэг хоёр жилдээ үргэлжлүүлээд авна. Олон улсын гурван сургууль ажиллаж байна. Энэ сургуулийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн туршилт хийгээд явна.

-Нураахаар болсон сургууль, цэцэрлэгт сурч байсан хүүхдүүдийг нь хааш нь шилжүүлэх вэ?

-Нийслэлд өнгөрсөн жил 11, 3, 32 дугаар сургуулиудын барилгыг нураах НИТХ-ын шийдвэр гарсан. Дүүргийн боловсролын хэлтэстэй хамтарч дээрх сургуулийн хүүхдүүдийг хичээлийн шинэ жил эхлэхэд хүндрэл учруулахгүй байхаар ойр орчмын сургуульд нь хуваарилсан.

Б.МАНД
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж