
Баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулаад хоёр сар орчмын хугацаа өнгөрч байгаа “Оюутолгой” компанийнхны хувьд одоогийн байдлаар 40 мянган тонн хүдэр гаргаж авчээ. Хүдрээ хэзээнээс эхэлж экспортод гаргах нь тодорхойгүй боловч хөрөнгө оруулагч компани болох “Рио Тинто”, Монгол Улсын Засгийн газар хооронд өрнөж байгаа хувь нийлүүлэгчдийн хуралдаанаас гарах шийдвэрээс нэлээд зүйл хамаарч буй бололтой. Хэдийгээр хэлэлцээр амаргүй төвшинд үргэлжилж байгаа ч энэ нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөнгүй “Оюутолгой”-д ажил ид буцалж байна. “Оюутолгой” төслийн дэд ерөнхийлөгч С.Санждоржийн тайлбарласнаар одоогоор тус уурхайд 8000 гаруй иргэн ажиллаж байгаагийн 80 орчим хувь нь монголчууд аж. Мөн уурхайгаас 40 км зайд орших Ханбогд сумаас өглөө бүр 900 орчим иргэн ирж “Оюутолгой”-д ажиллаад оройдоо буцдаг гэнэ. Хятад ажилчдын тухайд нэгэн үе 1500-д хүрч байсан бол одоо 100 гаруй нь үлдэж бусад нь нутаг буцжээ. Гэхдээ Европын орнуудаас ирж ажиллаж байгаа өндөр зэрэглэлийн мэргэжилтнүүд цөөнгүй аж.
Монгол ажилчдыг хэрхэн бэлтгэж байна вэ?
“Оюутолгой” компанийн хувьд 2010 оноос эхлэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургуулиудаар дамжуулан ажиллах хүчнээ шигшин авч өнөөдрийг хүртэлх хугацаанд 400 орчим монгол ажилтныг өөрсдийн сургалтын бааздаа бэлтгэн 300-г нь үндсэн ажилтнаар авчээ. Ингэхдээ суралцагсад нь Орхон аймаг дахь Технологийн сургууль, Дархан-Уул аймгийн Политехникийн коллежи, Дорнод аймаг дахь Техник технологийн коллежи, Вагнер ази, Трансвест зэрэг сургуулиудад гол төлөв баяжуулалтын оператор, баяжуулалтын тоног төхөөрөмжийн засварчин, цахилгаанчин, цахилгаан тоног төхөөрөмжийн техникч, хүнд машин механизмын оператор, хүнд машин механизмын засварчин зэрэг мэргэжлээр хоёр жил сурсан суралцагсад байна. Одоогоор тус компанийн дэргэд 28 залуу суралцаж байгаа бол Трансвест сургалтын төвд 33 залуу суралцаж байгаа аж. Мэргэжилтэй ажилтнаа дөрвөн жил сургаж, улмаар үндсэн ажилтнаар авах бодлогыг компанийн зүгээс барьдаг. Гэхдээ суралцагч үнэхээр чадварлаг суралцаж байвал дөрвөн жил сургана гэсэн хатуу дэг барихгүй гэдгээ “Оюутолгой” компанийн Сургалтын албаны ахлах ажилтан н.Энхбаатар хэлж байв.
Үйлдвэрлэлийн дадлагыг тус компанийн суралцагсад хамгийн орчин үеийн техник дээр гүйцэтгэж байна. Тухайлбал, хүнд машин механизм барих жолоочийн хувьд автомат машин дээр сууж, яг л уурхайн зам дээр явж байгаа шиг дадлага сургуулилт хийнэ. Хүнд машин механизм засварлах засварчны хувьд 300 тоннын хүчин чадалтай том белазыг жижигрүүлсэн хувилбар дээр дадлага хийж туршлага олж авна. Үүнийхээ хажуугаар англи хэлний сургалтад давхар хамрагдана. Монголчууд гадаад хэл сурахдаа гаргуун, аль ч улсын иргэдтэй эхлээд дохио зангаагаар харилцаж байснаа төд удалгүй ойр зуурын үгтэй болж ойлголцдог байна. “Оюутолгой” компанийн хувьд барьж байгаа цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бас нэг бодлого нь Австралийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн сургуулийн сургалтын хөтөлбөрийг Монголын Мэргэжил сургалтын зарим нэг сургуулиудад нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж эхэлжээ. Учир нь тус улсын уул уурхайн чиглэлээр бэлтгэдэг мэргэжилтэй ажилтныг бэлтгэх сургалт нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдаг аж. Тиймээс уул уурхайн үйлдвэрлэлээр тэргүүлэх зэрэгт ордог Австрали улсын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургалтын хөтөлбөрийг Монголд нэвтрүүлэх нь илүү үр дүнтэй гэж үзжээ. Мөн тус компани нь үйлдвэрлэл эхэлснээс хойшхи таван жилийн хугацаанд “Оюутолгой” ХХК-ийн ажиллах хүчний Монгол ажилчдын эзлэх хувийг 90 хувьд хүргэх, мэргэжлийн болон мэргэшсэн ур чадвартай 3000 гаруй ажилтныг сургаж бэлтгэх зорилт тавьжээ.


Монгол ажилчдын цалин хэд вэ?
“Оюутолгой” компанийн гэрээт сургалтад хамрагдсан суралцагчдын хувьд суралцах хугацаандаа цалин авна. Цалингийн хувьд “Оюутолгой” компанийн ажилчны цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг авдаг аж. Гэхдээ энэ тухайгаа суралцагчид тоймлохоос бус шууд нарийн тоо хэлсэнгүй. Ер нь суралцагчид төдийгүй монгол ажилчдын хувьд ч цалингаа ил тодоор зарлаад байх сонирхолгүй нь харагдав. Хөдөлмөрийн сайд уурхайд ажиллах үеэрээ монгол ажилчдад хандан “Цалин хэд авч байна вэ” гэсэн асуулт тавибал “Боломжийн авч байгаа” гэх хариулт өгнө. Нэлээд сайн ухаж төнхөж байж арайхийн “Монгол ажилчдын үндсэн цалин 1.5 сая төгрөгөөс 3 сая төгрөгийн хооронд хэлбэлзэнэ” гэх үгийг унагаж авлаа. Монгол ажилчид цалингийнхаа тухай ярих сонирхолгүй нь компанийн зүгээс гэрээ байгуулахдаа “Цалингаа гэр бүлийнхнээсээ бусад хүнд ил тодоор зарлаж болохгүй” гэх сануулгыг өгдөг юм болов уу гэж бодоход хүргэв. Гэхдээ БНСУ-д ажиллаж байсан залуу Оюутолгойд ажиллаж байгаагаа хамгийн сайхан боломж гэж хэлж байна. Тэрээр Солонгост ажиллаж байхдаа сард 1.2 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний цалин авч байжээ. Харин “Оюутолгой”-д ажиллах болсноор сарынх нь цалин 2 сая төгрөг болсон эх орондоо ажилладаг гээд давуу талууд бий гэлээ. Ажилчдын хувьд 28 хоног уурхайд тасралтгүй ажиллаад 14 хоног амарна. Мөн тэд гэрт амьдарна. Ажлаас тараад гэртээ ирээд амарна. Хоол унд хийхгүй, хувцас хунараа угаана гэхгүй энэ бүгдийг компанийн зүгээс гүйцэтгэчихдэг болохоор хийж байгаа ажилдаа л анхаарах нь чухал аж.
“Оюутолгой”-д ажиллагсдын хувьд аюулгүй ажиллагаа нэгдүгээрт тавигдаж байна. Тодруулж хэлбэл, норм биелүүлэхийн төлөө ажиллах бус хамгийн гол нь аюулгүй ажиллагааг хангаж байж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ гэсэн зарчмыг мөрдлөг болгодог ажээ. Бусад компаниудад үлгэр жишээ болохуйц энэхүү аюулгүй ажиллагаа компанийн үйл ажиллагаатай танилцахаар ирсэн “зочдод” ч мөн хамаарна.
Аюулгүй ажиллагааг хангахад барьдаг бас нэг сонирхолтой “дүрэм” нь авто машин жолоодогч бүр “Зогс” гэсэн тэмдэглэгээтэй газар бүрт зогсоно. Машины хурд 10 км цагаас илүү гарахгүй, энэ дүрмийг хүн бүр мөрдөнө. Хатуу хучилттай авто зам баригдаагүй сайжруулсан шороон замаараа байгаа нь говь нутгийн хөрс сийрэг үед авто машины хурдыг 10 км-ээс илүү давхиулбал шороо ихээр босох аюултай тул ийм дүрэм мөрдөхөөс ч аргагүй бололтой. Дээр нь Ханбогд сумынхан гэж маш том “байгаль хамгаалагчид” байдаг аж. Малчид ч хэл амтай, “Оюутолгой” компанийн авто машин тээвэрлэлт хийх явцдаа замаас гарч, малын бэлчээр дундуур давхибал тэр даруй компанийн удирдлагад “алтан хошуу” өргөж арга хэмжээ авахуулна. Ийм сануулга авсан жолооч ажиллах эрхээ ч хасуулж мэдэх аюултай нь компаниас заасан журмыг ягштал биелүүлэх дэгд сургажээ. Ажилчин бүрийн мөрддөг бас нэг “сонирхолтой” дүрэм нь ажлаа тараад бааранд сууж болох ч хоёр лааз шар айрагнаас илүүг ууж болохгүй. Хэрвээ ажилд гарах үед согтолтын ямар нэг шинж тэмдэг нэг удаад илэрвэл сануулга авна. Хоёр дахь удаагаа давтагдвал шууд ажиллах эрхээ хасуулна. Ийм журам ажилчдынх нь дунд хэвшил болж тогтжээ. Нөр их ажлынхаа дараа тэд сагсан бөмбөг, гар бөмбөг тоглож чөлөөт цагаа өнгөрүүлдэг байна. Оюутолгойд хулгай бараг гарахгүй. Ийм амар тайван байдалдаа дасал болсон тэд Улаанбаатар хотод ирэхээрээ гар утаснаас эхлээд бусад эд зүйлээ хулгайчид алддаг гэмтэй гэнэ.
“Оюутолгой” компани цахилгаанаа өмнөд хөршөөс импортолдог
“Оюутолгой” компанид дэд бүтэц үгүйлэгдэж байна. Үйлдвэртээ хэт анхаараад авто зам, цахилгаан станц зэрэг нэн тэргүүнд шаардлагатай дэд бүтцийн ажлуудаа орхигдуулаа юу гэмээр. Гэхдээ уурхайнхны яриагаар бол цахилгаан станц барих ажил олон жилийн өмнө яригдсан ч өнөө хэр нь ажил болоогүй нь улстөрчдийн шийдлээс нэлээд хамаарчээ. Одоогийн байдлаар тус компани өмнөд хөршөөс 1 квт цахилгааныг 90 төгрөгөөр тооцож авдаг байна. Хэрэв Монгол Улсын Засгийн газар сүйхээтэй хөдөлсөн бол ядаж л төр, хувийн хэвшлийн оролцоотой цахилгаан станц бариад, “Оюутолгой”-д цахилгаан нийлүүлж, өмнөд хөрш рүү экспортолж байгаа их мөнгөний урсгалыг зогсоох бололцоо байжээ. Авто замын тухайд ч адилхан. “Энержи ресурс” компанийнхан Тавантолгойгоос Гашуун сухайт хүртэл хатуу хучилттай авто зам тавьж, түүн дээгүүр нь “Эрдэнэс тавантолгой” компани орон нутгийн өмчит “Тавантолгой” компанийн хүнд даацын авто машин явдаг тул авто зам ашигласны төлбөрийг тогтмол төлдөг. Үүн шиг бас “Оюутолгой”-д авто зам тавьчихсан бол “мөнгийг” нь саагаад байх бололцоо байсныг ийн алджээ. Мөн монгол ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд “Оюутолгой” компанийг түшиглэн хэзээ Эрдэнэт шиг хот байгуулахаар төлөвлөж байна вэ гэх асуулт тавихад тэд “Оюутолгойн дэргэд хот байгуулах боломжгүй, үйлдвэрлэлийн бүс учраас” гэдэг хариу тайлбар дагуулав. Ядаж л уурхайгаас 10, 15 км зайд хот төлөвлөж болохгүй юу гэж лавлахаар “Энэ талын судалгаа хийгдэж байгаа” гэх. Хөдөлмөрийн сайдын хувьд цаашид хот төлөвлөлтөд анхаарах шаардлага байна гэдгийг компанийн удирдлагуудад сануулаад, ижил мэргэжлийн ажил хийдэг атлаа монгол ажилчдын цалин, гадаад ажилчдын цалингаас 25-30 дахин бага байна гэх яриаг нэгмөр болгох зорилгоор энэ талын бодитой мэдээлэл авахыг хүссэн ч бас нэг хаалттай сэдэв болж үлдэв.




