“Харцага” лигийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2011.05.10-нд нийтлэгдсэн

“Харцага” лигийн аварга боллоо

Спортын төв ордныг дөрвөн сарын турш “эзэгнэсэн” Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээн өндөрлөж, шилдгүүд тодорлоо. Энэ жил анх удаа Nissan премьер лиг нэрийн дор зохиогдсон дээд лигийн тэмцээнд найман баг хүч сорьсон. Ингэхдээ гадны легионер тоглогчдоор хүч нэмсэн багууд улирлын турш сонирхолтой, өрсөлдөөнтэй тулаан гаргаж байлаа.

Лигийн аваргын төлөө болон хүрэл медалийн төлөөх “тэмцэл” өчигдөр шийдэгдсэн. Хүрэл медалийн төлөө цуврал тоглолт хийсэн “Хасын хүлгүүд” болон “Баянзүрх Буллз” багийн тоглолт 2:2 харьцаатай тэнцээд байсан. Харин өчигдөр ялагчийг тодруулах чухал тоглолт байлаа. Тоглолтын эхний үеэс л лигийн гурван удаагийн аварга “Хүлгүүд” ширүүн довтолсоор үндсэн цагт 85:80 харьцаатай ялалт байгуулснаар хүрэл медалийн эзэд болжээ. Харин аваргын төлөөх цувралыг 3:1-ээр тэргүүлж байсан “Харцага” энэ үдэш “Ав-Атар”-ыг 82:78 харьцаагаар сөхрүүлснээр дээд лигт дөрөв дэх түрүүгээ авсан юм. Дээд лигт шинээр хөл тавьсан ч аваргын цом булаалдах төвшинд тоглосон Ш.Сэдбазар ахлагчтай “Ав-Атар” улирлын туршид үзэгчдийг байлдан дагуулсан билээ.

Сонирхуулахад, энэ удаагийн Nissan премьер лигийн шилдэг холбон тоглогчоор О.Сэргэлэн /Ав-Атар/, тэргүүн тоглогчоор Ц.Мэргэн /Харцага/, үнэ цэнэтэй тоглогчоор Т.Санчир /Баянзүрх Буллс/, шилдэг шинэ тоглогчоор Г.Цэнгүүнбаяр /TLG-13/ нар тодорсон.

С.Цэлмэг
Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү. 
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж