Уейн Рүүни жолоо барих эрхээ хасуулжээ

Хуучирсан мэдээ: 2017.09.19-нд нийтлэгдсэн

Уейн Рүүни жолоо барих эрхээ хасуулжээ

“Спортын бэлтгэлийн төв” /Хуучнаар БТСГ/-д харьяалагдах албадын дарга нар саяхан тодорчээ.

Английн шигшээ багийн довтлогч асан Уейн Рүүни жолоо барих эрхээ хоёр жилийн хугацаатай хасуулсан байна. Согтуугаар автомашин жолоодсон гэх үндэслэлээр шүүх ийм шийдвэр гаргажээ.

Рүүни Volkswagen Beetle машинтайгаа есдүгээр сарын 1-ний баасан гаригт, шөнийн 02.00 цагийн орчимд Чеширийн Уилмслоу хотод явж байхад нь цагдаа зогсоож, согтолтын зэрэг өндөр байсан тул түүний эсрэг хэрэг үүсгэжээ.

Улмаар шүүх хурал өчигдөр /2017.09.18/ болж, жолоо барих эрхийг нь хоёр жилээр хасаж, 100 цаг олон нийтийн хөдөлмөр эрхлэх ял оноосон байна.

Шүүхийн байрны гадна хэвлэл мэдээллийн байгууллага, гэрэл зурагчид олноороо цугласан байсан ч Рүүни ямар нэг мэдэгдэл хийлгүйгээр шууд дотогш явж орсон гэнэ. Шүүх хурлын дараа Рүүни албан ёсны цахим хуудсандаа гэм буруугаа ухамсарлаж буйгаа илэрхийлээд, уучлал хүссэн мэдэгдэл байршуулсан байна.

Рүүни 2002 онд 16 настайдаа “Эвертон” клубээс мэргэжлийн хөлбөмбөгчийн замналаа эхлүүлж, клубын түвшинд, мөн олон улсын тавцанд гялалзсан амжилт гаргасан юм. Өдгөө 31 настай тэрбээр Английн шигшээ багийн нэр дээр 119 тоглолтод оролцож, 53 гоол оруулсан. Улмаар өнгөрсөн наймдугаар сард шигшээ багаасаа зодог тайлсан билээ.

Рүүни мөн “Манчестер Юнайтед” клубын бүх цаг үеийн түүхэн дэх шилдэг мэргэн бууч нь юм. Тэрбээр “Улаан чөтгөрүүд”-ийн бүрэлдэхүүнд 13 жил тоглохдоо 253 удаа гоолджээ. Энэ хугацаанд тэрбээр Английн Премьер лигт таван удаа түрүүлснээс гадна Аваргуудын лиг, Европа лиг болон Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээнд аваргалсан юм.

Тэрбээр өнгөрсөн зун “Эвертон” клубтэй гэрээ байгуулсан бөгөөд шинэ улирал эхэлснээс хойш дөрвөн тоглолтод хоёр гоол оруулаад байна.

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж