АН: Ээлжит бус чуулган зарлахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2017.08.08-нд нийтлэгдсэн

АН: Ээлжит бус чуулган зарлахыг шаардав

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр 14.00 цагт хуралдахаар болсон байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.08.08/ ээлжит бус хуралдаан хийж, гурван асуудлыг хэлэлцэн, саналаа нэгтгэжээ.

Эхнийх нь УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлагатай гэж үзсэн байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ж.Батзандангийн тайлбарлаж буйгаар хүүхдийн мөнгөний эх үүсвэрийг шийдвэрлэхийн тулд УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, 2017 оны төсөвт тодотгол хийх шаардлагатай.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Засгийн газар бүх хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгож байх шийдвэр гаргаснаар энэ оны төсөвт суулгасан эх үүсвэр үндсэндээ дуусах шатандаа оржээ. Хэрвээ одоо л энэ асуудлыг төсөвт тодотгол хийх замаар шийдэхгүй бол найм, есдүгээр сарын хүүхдийн мөнгө олголтод тасалдал бий болно гэж үзэж байна.

Хоёр дахь асуудал нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотой юм.

Ардчилсан намын бүлэг дээрх хуульд өөрчлөлт хийхийг дэмждэг. Гол нь зөвлөлдөх уулзалт нэрийн дор хэдэн дарга цуглуулж, тэдний санал бодлыг сонсчихоод түүнийгээ ард түмнээс асуулаа гэж тайлбарлах нь буруу.

Нөгөөтэйгүүр, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг байхгүй болгохоор заасан нь Ардчилсан намаас Ерөнхийлөгчид даалгавар болгосон ард түмний өрийг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхэд саад учруулах талтай гэж хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өр чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхийн тулд хуулийн төсөл боловсруулж буй аж.

Мөн сумын Засаг даргыг иргэдээс сонгодог болох ёстой гэж үзэж байна.

Гурав дахь асуудал нь улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангахад одооноос эхлээд анхаарах. Засгийн газар сандал суудлын хэрүүлээ зогсоож, ажилдаа орохыг санууллаа.

Мөн яам, агентлагууд амралтаа дуусаж, ажилдаа яаравчлан орох. Иймээс Ардчилсан намын бүлэг маргааш өдрөөс эхэлж Түлш эрчим хүчний сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд нараас өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангаж байгаа талаар мэдээлэл сонсохоор төлөвлөсөн гэж мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хуралд Ж.Батзандан гишүүнээс гадна УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, УИХ-ын гишүүн А.Мурат нар оролцлоо.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж