ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, тус яамны Төрийн Захиргааны удирдлагын газрын дарга М.Мөнхбаясгалан, ХШҮДАГ-ын дарга Д.Совд болон бусад албаны төлөөлөл Булган, Орхон аймагт 2017 оны зургадугаар сарын 16, 17-ны өдөр ажиллав. Тодруулбал, аймгуудын ХХАА-н газар болон зарим сумдын мал эмнэлэг үржлийн тасгийн үйл ажиллагаатай танилцаж нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан юм.
Булган аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, ХХААХҮЯ-ны бодлого, зорилттой уялдуулан ажлаа явуулж байна. Аймгийн хэмжээнд энэ жил 1.6 сая толгой эх мал төллөсөн. Төл бойжилт 97.9 хувьтай байна. Булган аймгийн хэмжээнд 78 аж ахуй нэгж, 1500 гаруй иргэд 83.1 мянган га-д газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байна. 2017 оны хаврын тариалалтаар 44.9 мянган га-д тариалалт хийснээс 41.4 мянган га-д үр тариа, үүнээс 39.4 мянган га-д улаанбуудай, 1.3 мянган га-д тэжээлийн ургамал, 2.9мянган га-д тосны ургамал, 317 га-д тосны ургамал, 108 га-д хүнсний ногоо тариалсан талаар ХХАА-н газрын дарга Ч.Амгалан хэлэв.
Орхон аймгийн хувьд хөдөө аж ахуйн эдэлбэр газар нь 46.2 мянган га бөгөөд 39.4 мянган га бэлчээр, 1.4 мянган га хадлан, 269.5 га атаршсан, 5062.2 га тариалангийн газартай. 2017онд нийт 4658 га талбайд тариалалт хийхээс 4882 га-д тариалалт хийгдэх юм. Тус аймагт нийт 1130 малчин өрхтэй. Малчдын 47.5 хувь нь эмэгтэйчүүд ба нийт малчдын 19.3 хувь нь 16-34 насны, 62.8 хувь нь 35-60 насны, 17.9 хувь нь тэтгэврийн насны хүмүүс байна. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас 2017 оныг “Малын удам угшлыг сайжруулах жил” болгон зарласан. Энэ хүрээнд хэрэгжүүлж буй “Эрүүл малд зохиомол хээлтүүлгийн ажлыг эрчимжүүлэх “ ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа талаар тус аймгийн ХХАА-н газрын дарга Ж.Бат-Өлзий хэлж байв.
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн тус аймгуудад ажиллах үеэрээ ХХАА-н газрын үйл ажиллагаатай танилцахаас гадна мэргэжилтнүүдийн ур чадвар, мэдлэгийн түвшин болон хариуцлага хяналт, тулгамдаж байгаа асуудал болон санал хүсэлтийг нь сонссон юм. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон ХХААХҮЯ-ны бодлого зорилтуудтай аймаг орон нутагт хэрэгжиж буй ажил бодиттой уялдах ёстой гэдгийг онцлон сануулж байв. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бодлого, зорилт, хийж хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулсан юм.
Эх сурвалж: ХХААХҮЯ