Д.Зоригт: Оюутолгой, Тавантолгойд улс төрийн дүгнэлт хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2010.03.19-нд нийтлэгдсэн

Д.Зоригт: Оюутолгой, Тавантолгойд улс төрийн дүгнэлт хэрэггүй

УИХ-ын гишүүн, Эрдэс баялаг, эрчим
хүчний сайд Д.Зоригттой Оюутолгой, Тавантолгой тойрсон асуудлаар
ярилцлаа.


-Оюутолгойн гэрээний явц
ямар байгаа вэ?

-Гэрээ хэрэгжээд эхэлчих­сэн. Ирэх
дөрөвдүгээр сарын 6 гэхэд тодорхой заалтууд нь хэрэгжээд гэрээ хүчин
төгөлдөр үйлчлээд явах ёстой.

-Эрдэс баялгийн
мэргэж­лийн зөвлөлөөс техник эдийн засгийн үндэслэлүүдэд тодор­хой
өөрчлөлт хийх шаард­лагатай гэсэн.  Энэ талаар юу хэлэх вэ?

-Үйлдвэрийн хүчин чадлын талаар тавьсан шаардлагыг
хүлээж
авсан. Хоёр хувийн роялтийг техник эдийн засгийн үндэслэлээс авахаар
болсон. Үйлдвэрийн хүчин чадлын та­лаарх шаардлагыг хүлээж авч байна.
Таван жилийн дараа усны нөөцөө нэмэгдүүлж байж үйлд­вэрийнхээ хүчин
чадлыг өсгөнө гэх зэрэг шаардлагыг хүлээж авсан. Энэ мэт Эрдэс баялгийн
мэргэжлийн зөвлөлөөс тавьсан шаардлагуудыг үндсэнд нь хү­лээж авсан гэж
ойлгож байна. Эрчим хүч, дэд бүтцийн асуудал байна. Үүнийгээ цэгцлэх
асуудал байгаа.

-Ордын нөөцийн хэмжээг багасгаж тооцсон
гэсэн яриа юунаас шалтгаалж гарсан бэ?

-Эрдэс баялгийн
мэргэж­лийн зөвлөл өнөөдрийн байдлаар хүлээж авсан нөөцийн эдийн засгийн
үр ашиг дээр төлөв­лөгөөгөө боловсруулсан. Үлдсэн 19 сая тонн дээр
нэмэлт хайгуул хийгээд нөөцөө нэмэг­дүүлээд оруулаад ир гэсэн үүрэг
өгсөн. Өнөөдөр баталж өгсөн хэсэг дээр техник эдийн засгийн үндэслэлээ
хийгээд, түүн дээрээ нэмэлт хайгуулаа явуулаад нөөцөө өсгөж болно.
Тэгээд дахиад техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулж болно. Эрдэнэт
ч ийм л  хэлбэрээр явсан. Эрдэнэ­тийг анх дөрвөн сая тоннын нөөцтэй
гэсэн. Сүүлд нь 16 сая тонн болсон. Нөөцийг нь хоёр үе шаттай баталсан
юм билээ. Үүн дээр зориуд мэдэхгүй царайлж байгаа юм уу, мэддэг хүмүүс
нь ярихгүй байна уу. Ордын нөөцийг багасгасан гэдэг яриа яваад байгаад
гайхаж байна. Эрдэс баялгийн нөөцийн зөвлөл дотор нөөц хүлээж авсан
хүмүүсээс бий. Баталсан нөөцийн хэмжээнд нь техник эдийн засгийн
үндэс­лэлээ бичсэн байна лээ. Тэгэхээр 19 сая тонныг бараг хаясан юм шиг
яриад байгааг ойлгохгүй байна. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс 
нэмэлт хайгуул хийгээд оруулж ир гэж хүссэн. Хийгээд л оруулаад ирнэ шүү
дээ.

-Түүнийг хүлээлгүй улстөржөөд байна гэж үзэж
болох
уу?

-Улстөрчид бол улстөр­чид. Тэд улс төрийн дүгнэлт
гаргадаг хүмүүс. Мэргэж­лийн хүмүүсээр ажлыг нь хийлгэмээр байна. Эрдэс
баялгийн мэргэжлийн зөв­лөл гээд мэргэжлийн хү­мүүс байна. Тэд нөөцийн
мэргэжлийн дүгнэлтээ гар­гасан. Тэр нөөц дээр үндэс­лээд техник эдийн
засгийн үндэслэлийн анхны төслийг оруулж ирсэн. Дүгнэлтээ гаргаад
тодруулга хийгээрэй гээд явуулсан. Эргээд хариуг нь өгсөн байна. Тэгж
байхад түүнийг ямар нэг байдлаар мушгиад, гуйвуу­лаад, улс төрийн оноо
авах гэсэн алхам хийгээд байж таарахгүй. Би уг нь том үг хэрэглэмээргүй
байна. Зүгээр л улс орны ажилд энэ их улстөржилт хэрэгтэй ч юм уу даа,
үгүй юү гэсэн бодол мэргэжлийн үүднээс төрж байна. Энэ төслийг ер нь яах
гээд байгаа юм. Битгий босоосой гэж хүсээд байгаа юм уу. Мэргэжлийн
хүмүүс нь ажиллаад төслийг ажил хэрэг болгох гээд явж бай­хад, гэрээг
УИХ-аар батлаад хамтарсан шийдвэрээ гар­гаад, гарын үсэг зурсан байхад
дөрөвдүгээр сарын 6-ны өдрөөс хүчин төгөлдөр болгохоос нь өмнө яаж ийж
байгаад хамаг хүчээрээ зогсооё гэсэн эсрэг сонир­хол байгаа юм болов уу
гэж бодож байна. Тэр нь өөрөө улс орны ашиг сонирхолд хэр нийцэж байгаа
юм бол оо гэсэн эргэлзээ надад байна. Оюутолгойг, Таван­толгойг
улстөржүүлмээргүй л байгаа юм. Улс эх орны хөгжилтэй холбоотой, ахмад
настны тэтгэвэр, хүүхдийн боловсрол, эх орны ирээ­дүйтэй холбоотой
асуудлыг улстөржүүлж яах юм бэ. Мэргэжлийн төвшинд тайван ярьж сурах
хэрэгтэй л гэж би ойлгоод байгаа юм. Улс төрийн оноо авах гэж энэ том
төслийг зогсоох гэж улайран зүтгээд байгаа сонирхол нь зүгээр л улс
төрийн гаргалгаатай зүйл болов уу гэж бодогдоод байдаг.

-Эрдэс
баялгийн мэр­гэжлийн зөвлөл дээр улс­төржихгүй гэх баталгаа байна уу?

-Ажлын хэсгийнхнийг мэргэжлийн төвшин, ур
чадвараар нь сонгож
авсан. Тэр энэ гэж ялгаж хэл­мээргүй байна. Нэг ч улстөрч тэр дунд
байхгүй. Дандаа мэргэжлийн хүмүүс. Нөөцийг баталсан ажлын хэсэг дотор
биднийг шүүмжлээд байдаг Иргэний нийг­мийн, гэхдээ мэргэж­лийн хүмүүсийг
зориуд оруулсан. Ямар нэг улс төрийн өнгө аяс оруулал­гүйгээр аль болох
олон хүний дуу хоолойг сонсч оруулмаар байгаа юм.

-Тэгэхээр
улс төрийн илүү дутуу дүгнэлт хэрэг­гүй гэж хэлж байна уу?

-Улстөрчид бол дүгнэл­тээ аль эрт гаргасан шүү
дээ. УИХ гэрээнд
гарын үсэг зуръя гэж шийдээд л зурсан. Одоо бол техникийн ажил л байх
ёстой. Би ч тэр ажилд оролцохгүй байгаа. Яагаад гэвэл Эрдэс баялгийн
мэргэжлийн зөвлөл цэвэр мэргэжлийн ажлаа хийж байна. Тийшээ улстөрчид
яах гэж орж, нарийн мэргэжлийн дүгнэлт дээр ямар дүгнэлтээ гаргуулах
гээд байгаа юм бэ. Тэр сонин байна.

-Тавантойлгойн гэрээ
ямар шатандаа яваа вэ?

-Хоёр дахь шатны уулзал­тууд
үндсэндээ дуус­лаа. Урьд өмнө уулзалт, яриа хэлэлцээр хийж байсан олон
компанийн төлөөлөл­тэй уулзлаа. Тэд дотооддоо зохион байгуулалтад орсон
байна. Зарим компани нийлж консорциум байгуул­жээ. Хамтарч оролцохоо
зарим нь мэдэгдсэн байна. Дэлхийд нэртэй компаниуд ч байна. Одоохондоо
нэрийг нь дурдаад яахав. Бид одоо саналуудыг нэгтгээд сана­лаа гаргана.
Наана нь Засгийн газар дээр ямар гэрээг яаж байгуулах вэ гэдгээ
ярилцана.

-Энэ гэрээг УИХ-ын хаврын чуулганд оруулна гэж
Ерөнхий сайд хэлсэн. Амжих болов уу?

-Цаг хугацааны
хувьд хаврын чуулганд амжуулж оруул гэдэг үүргийг бидэнд Ерөнхий сайд
өгсөн. Цаг шахуу байна. Амжуулахыг бодно. Эрчимтэй ажиллах шаардлагатай.
Бэлтгэл ажил их байна. Төмөр замын асуудал байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж