Дэлхийн ур чадварын тэмцээнд эх орноо төлөөлөн анх удаа оролцох гэж буй Монголын багийнханд хүндэтгэл үзүүлэх ёслол өнөөдөр Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолборт боллоо. Уг ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг нар оролцов.
Дэлхийн 74 орныг өөртөө нэгтгэсэн Дэлхийн ур чадварын байгууллагаас хоёр жил тутамд зохион байгуулдаг энэхүү тэмцээнд 23 хүртэлх насны залуус эзэмшсэн мэргэжлийнхээ ид хавыг гайхуулан, гарын ур, ухааны бяраар өрсөлддөг. Тийм ч учраас энэ тэмцээнийг дэлхий нийтэд Ур чадварын олимп хэмээн хүлээн зөвшөөрдөг юм.
Бразилийн Сан Пауло хотноо ирэх сарын 11-16-нд болох Дэлхийн ур чадварын 43 дахь удаагийн олимпод манай улс токарь, цахилгаан, гагнуур, өрөг угсрагч, хавтанцар наах, мужаан, тогооч, гоо засалч, үсчин мэргэжлээр шилдгийн шилдэг есөн залуугаа илгээж байгаа. Тэдэнтэй мэргэжил тус бүр дээр экспертээр ажиллах дасгалжуулагч багш нар нь мөн хамт явах бөгөөд манай улсаас нийт 23 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцохоор ирэх сарын 4-5-нд Бразилийг зорих юм. Монголын багийг Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого зохицуулах газрын дарга А.Халиунаа ахалж явна.
Мэргэжлийн ур чадвараараа дэлхийд өрсөлдөх гэж буй багийнханд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг амжилт хүсч, Бразилийн тэнгэрт мандуулах Монгол Улсын төрийн далбааг гардууллаа.
Ерөнхий сайд Дэлхийн ур чадварын олимпод эх орноо төлөөлөх багийнханд баяр хүргэж хэлсэн үгэндээ “Урлаг, спортынхон тив дэлхийн тэмцээн уралдаанд оролцдог байсан бол одоо Монгол Улсын хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, баялгийн эзэд болсон гагнуурчин, токарьчин, үсчин, гоо сайханч, мужаан, цахилгаанчин, тогооч, өрлөгчин, хавтанцар наагч залуучууд төрийнхөө далбаан дор нэгдэж, улсынхаа нэрийг дуурсгахаар болсонд талархаж байна” хэмээн онцлоод үүрэг хариуцлагаа ухамсарлан, атгасан гар шиг хүчтэй байж, ухаалаг, самбаатай, ур чадвараа гайхуулан өрсөлдөж, амжилт гарган эх орныхоо нэрийг дуудуулж аав ээж, багш нар, ард олныхоо сэтгэлийг баярлуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Хөдөлмөрийн сайд С.Чинзориг “Засгийн газрын шийдвэрээр дэлхийн ур чадварын тэмцээнд манай баг анх удаа оролцох гэж байна. Анх удаа оролцох гэж буй ч эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болсон манай монгол залуус дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг дуудуулан, амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байгаа. Дархан хүн бурхан ухаантай гэж манай ард түмэн хэлдэг. Оюуныхаа бядаар, гарынхаа ур чадвараар орон орны залуустай эн тэнцүү өрсөлдөж Монгол Улсынхаа нэрийг олон улсад цуурайтуулж, амжилт гаргана гэдгээ баг тамирчдынхаа өмнөөс Ерөнхий сайдад илэрхийлж байна” хэмээсэн юм.
Дэлхийн ур чадварын тэмцээний хүрээ жилээс жилд өргөжиж байгаа. Өдгөөгөөс 65 жилийн өмнө болсон анхны тэмцээнд Испани, Португаль гэсэн хоёрхон улс оролцож байсан бол Бразилд болох энэ удаагийн олимпод дэлхийн 60 шахам орны 1200 залуус 50 гаруй мэргэжлээр ур чадвараа сорих юм байна. Үүний өмнөх буюу 42 дахь тэмцээн ХБНГУ-ын Лайпциг хотод болоход 53 орны 1000 орчим залуус 45 мэргэжлээр өрсөлдсөн юм.
Г.ХОРОЛ