Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай бүс дэх Бээжингийн хиймэл арлын тоо хурдацтай нэмэгдэж буйн эсрэг АНУ-ын Пентагон цэргийн нисэх, хөлөг онгоцнуудаа илгээж магадгүй. Энэ нь Өмнөд Хятадын тэнгис дэх худалдааны усан замын хараат бус байдлыг хамгаалах зорилготой хэмээн АНУ-ын батлан хамгаалахын сайд Эштон Картер тайлбарлажээ. Өмнөд Хятадын тэнгисийн худалдааны усан замаар өдөрт таван их наяд ам.долларын тээвэрлэлт явагддаг аж. Үүний зэрэгцээ Бээжин 2012 оны эхнээс хойш Өмнөд Хятадын тэнгист 2000 орчим га газар үүсгээд байгааг “Reuters” агентлаг өнгөрсөн долоо хоногт мэдээлжээ.
Өмнө нь Бээжин Өмнөд Хятадын тэнгис дэх Спартли арлуудад маргаангүй эзэмшлийн эрхтэй хэмээн мэдэгдэж, эрх ашгаа хамгаалж байсан юм. Түүнчлэн Бээжин 2013 онд Өмнөд Хятадын тэнгист агаарын хамгаалалтын бүс тогтоосон нь Азийн хөрш орнуудад маргаан дэгдээсэн билээ.
Өмнөд Хятадын тэнгис дэх Спартли бүлэг арлыг Бруней, Малайз, Филиппин, Тайван, Вьетнам зэрэг Азийн таван орон Бээжинтэй булаалдан маргаан дэгдээгээд буй. Гэвч Бээжин Спартли арлыг оруулаад Өмнөд Хятадын тэнгисийн 90 орчим хувийг өөрийн эзэмшлийн хэмээн мэтгэж байна.
Эх сурвалж: Reuters
Б.АНХТУЯА