"Цагдаа нар биднийг танхай балмадаар баривчилсан"

Хуучирсан мэдээ: 2019.04.01-нд нийтлэгдсэн

"Цагдаа нар биднийг танхай балмадаар баривчилсан"

Гэр хорооллын хөдөлгөөнөөс өнөөдөр /2019.04.01/ мэдээлэл хийлээ. Тус хөдөлгөөний зүгээс  гэр хорооллын газрыг эдийн засгийн эргэлтэд оруулан гэр хорооллын газрыг банкны барьцаанд авдаг нөхцөлийг бүрдүүлэхийг шаардсаар ирсэн юм. Тэд өнгөрсөн баасан гаригаас эхлэн амралтын өдрүүдэд Сүхбаатарын талбайд суулт зохион байгуулсан ч   гэр хорооллынхныг цагдаа нар хүч хэрэглэн тараажээ. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Гэр хорооллын хөдөлгөөний зохион байгуулсан суулт зөвшөөрөлгүй байсан учир дүүргийн засаг даргын  захирамжийн дагуу суултыг тараасан” гэсэн юм. Ингээд гэр хороолол хөдөлгөөний мэдээллийг хүргэе. Тэд мэдээллийн төгсгөлд хотын дарга С.Амарсайханыг огцруулах ширүүн тэмцлээ эхлүүлж байгааг мэдэгдсэн юм.

Posted by News.mn on Sunday, March 31, 2019

Нүүрс түлмээргүй байна дуртай үедээ халуун усанд ормоор байна гэж яриад суусны төлөө нийгмийг эмх  замбараагүй байдалд турхирсан болж таарлаа

Гэр хорооллын  хөдөлгөөний тэргүүн Б.Батсүх “Өнгөрсөн Баасан гариг буюу гуравдугаар сарын 29-ны өдөр гэр хороолол хөдөлгөөний зүгээс гэр хорооллын  иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах, хашаа руугаа дэд бүтэц  татах  гэхчлэн өөрсдийнхөө амьдралыг дээшлүүлэх боломжуудын талаар ярилцахаар цугласан. Бид энэ жагсаалаар төртэй холбоотой  утга агуулга бүхий зүйлийг ярьсангүй. Хэн нэгэн албан тушаалтныг буруутгаагүй. Одоогийн эрх баригчдыг гэр хорооллын эрүүл аюулгүй орчин амьдрах бололцоог хангаж өгөөч гэдэг зүйлийг  л шаардаж цугласан. Өглөө 11 цагт жагсаал цуглаан эхэлсэн. Улмаар үдээс хойш манай хөдөлгөөнийхөн хугацаагүй суултыг зарлая хотын захиргаанаас бидэнд хариу өгөх байх гэж  найдаж хүлээсэн. Майхан бариад баасан гаригт  тэндээ хоноцгоосон. Гэтэл бямба гаригийн орой 21 цаг орчимд цагдаагийн удирдлагууд бидэнд нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан гэдэг этгээдийн хууль бус захирамжийг уншиж танилцуулсан. Тэрхүү захирамжид “Гэр хорооллын хөдөлгөөн нь нийгмийн эмх замбараагүй байдлыг бий болгож, хэв журмыг  алдагдуулан  хууль бусаар жагсаж байгаа  эдгээр хүмүүсийг албадан хүч хэрэглэж тараа”  гэдэг захирамж байсан.  23.00 цагийн орчимд  маш олон цагдаагийн бүрэлдэхүүн ирж зам хааж биднийг танхай балмадаар баривчилсан.

Бид хэнийг ч турхираагүй, төрийн эргэлт хийе гэж хэлээгүй байтал жирийн иргэдийг хувцсыг нь урж, чирч гулдарч, сүрийг үзүүлсэн. Иргэдийнхээ эрхэнд ингэж халдаж болохгүй. Тэр тусмаа иргэдийнх нь  80 хувь амьдарч байгаа гэр хорооллын иргэд өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлж нүүрс түлмээргүй байна дуртай үедээ халуун усанд ормоор байна гэж яриад суусны төлөө нийгмийг эмх  замбараагүй байдалд турхирсан болж таарлаа.

УИХ-ын  гишүүд нь бөөнөөрөө нийлчхээд талбай  дээр 40-50 гэр барин бүхэл бүтэн сар жагсаал цуглаан хийж нийгмийг эмх замбараагүй байдалд оруулж  эрх мэдэл эд баялаг булаацалдан тэмцэлдэж байхад тэд шударга. Гэр хорооллын иргэд өөрсдийнхөө амьдралыг дээшлүүлэхийг хүсэх нь яагаад шударга бус явдал болдог юм бэ. Өнгөрсөн бямба гаригийн орой хийсэн цагдаагийн ажиллагаа бол  үнэхээрийн танхай балмад байлаа. Тэр битгий хэл биднийг дэмжээд ирсэн хүмүүсийн талбайн зогсоолд  тавьсан машинуудыг хүртэл  бүгдийг нь журамласан. Одоог хүртэл гаргаагүй байна. Бид эрхээ нэхнэ. Өнгөрсөн амралтын өдрийн суулттай холбогдуулж биднийг  цахим хуудаснаа гүтгэх харлуулах ажиллагаа хэрээс хэтэрлээ. Бид анхааралтай ажиглаад сууж байгаа. Үүнд эрх мэдэлтнүүд өөрсдийн хөлсний бичээч нараас гадна төрийн зарим байгууллагууд оролцсон гэдгийг ч бид мэднэ” гэлээ.

Хотын дарга С.Амарсайханыг огцруулах ширүүн тэмцэл эхлүүлж байна

Гэр хорооллын  хөдөлгөөний гүйцэтгэх захирал Я.Мөнгөнцэцэг  “Жирийн иргэдээ сайхан амьдрахын төлөө  үгээ хэлсний төлөө  автобусанд чихээд авч яван хүний  эрхийг зөрчдөг Ардчилсан гэх тодотголтой Монгол Улсаас өөр орон байхгүй. Тэр тусмаа хотын засаг дарга нь гэр хорооллынхны асуудлыг шийдэн гэр хороололд дахин төлөвлөлтийг хийх ёстой.  Гэтэл тэрхүү засаг дарга нь  захирамж гаргаад  та нар миний захирамжийг сонсох үүрэгтэй гэж хэлүүлж дарамтлаад. Толгой хоргодолд сууж байсан майхныг нь хуу татаад урж  тасдаад хэл амаар доромжлоод цагдаа нар нь эр бяраа гайхуулаад ийм  Ардчилсан улс байдаг юм уу. Монгол Улсад өнөөдөр дарангуйлал тогтсон байна. Жирийн иргэд талбай дээр гарч ирээд үгээ хэлж болдоггүй УИХ-ын гишүүд нь эрх мэдэл булаацалдахад 40-50 гэр барьж сууж болдог юм бол яагаад гэр хорооллынхон аравхан майхан бариад сууж болдоггүй юм. Хүний эрх шударга ёс хаана байгаа юм. Шударга ёс зөвхөн эрх мэдэлтнүүдэд үйлчлээд ядарсан ардад үйлчилдэггүй юм уу? Биднийг гэр хорооллын талаар  ярихаар  та нарын ард хэн нэгэн эрх мэдэлтэн, улстөрч байгаа гэж  хөлсний бичээчид байнга дайрч байна. Эрх баригчид амралтын хоёр өдөр хөлсний бичээчдээ  суулгаад бидний эсрэг  олон мэдээллийг гаргалаа. Гэхдээ бид монголын ядуучуудын төлөө тэмцэж байна. Гэр хороолол гэдэг ядуусын хороолол болсон. Ядуусын хорооллыг бид хөгжүүлье гэж байна. Гэр хорооллын хүмүүс эрх мэдэлтнүүдтэй адилхан гоё тансаг байшинд амьдрах эрхтэй. Дээрээс нь бид албан тушаал,  эрх мэдлийн  төлөө яваагүй. Бид зөвхөн үйл хэргийн төлөө явж байна. Ард иргэддээ төрийн хүчийг үзүүлэх захирамж гаргадаг,  иргэдээ дорд үзэж байгаа хотын дарга С.Амарсайханыг огцруулах ширүүн тэмцэл эхлүүлж байгаа гэдгээ мэдэгдмээр байна. Өнгөрсөн жагсаалын үеэр С.Амарсайханыг огцруулъя гэж ерөөсөө бид ярьж байгаагүй. Харин биднийг борог  амьдралаа яриад зогссоны төлөө ингэж  дээрэлхэж  дарамталж байгаа бол бид суудлаас нь буулгана огцруулна. Тиймээс ирэх Баасан гаригт буюу дөрөвдүгээр сарын 5-ны өдөр эрх чөлөөний талбай дээр 11.00 цагаас жагсаал хийнэ” гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж