МАНАЙ СУРВАЛЖЛАГЧ ТОКИО ХОТООС МЭДЭЭЛЖ БАЙНА.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Япон улсад хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Монгол, Японы ажил хэрэгч уулзалт болсон талаарх мэдээллийг өмнө нь бид хүргэсэн билээ.
Тэгвэл дээрх уулзалтад оролцсон Японы бизнес эрхлэгчид болон сэтгүүлчид Монгол Улс уул уурхай, эрчим хүчний салбарт ямар бодлого баримталж байгаа, дэд бүтцээ хөгжүүлэхэд аль улстай хамтран ажиллах, Япон, Монголын гадаад худалдаа юунаас болж буурсан зэрэг асуудлын талаар сонирхож, хариулт авлаа.
Асуултад Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Уул уурхайн сайд Р.Жигжид, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар хариулт өгсөн юм.
-Монгол Улс байгалийн арвин их нөөцтэй ч түүнийгээ гадаад зах зээл рүү гаргахад бэрхшээлтэй байдаг. Жишээ нь, Япон улс руу зэс экспортлох гарцыг хэрхэн харж байна вэ, хийж байгаа ажлууд юу вэ. Зэс хайлуулах үйлдвэр барих төсөл, сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хөрөнгө оруулагч хайж байна гэж ойлголоо. Хөрөнгө оруулагчид тавих шаардлага юу байх вэ?
Р.Жигжид: -Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнээ далайд гаргахын тулд хөрш хоёр орондоо найдахаас аргагүй. Нэг бол Хятадын Тяньжин боомтоор тээвэрлэх нь хамгийн дөт зам. ОХУ ын нутгаар тээвэрлээд Владивосток хүргэж, Япон тэнгист авчрах арга бий. Өнгөрсөн онд Оюутолгойгоос олборлосон 5000 тонн зэсийг Япон улсад тээвэрлэн хүргэсэн туршлага байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын зэсийн үйлдвэрлэл нэмэгдсэн, өнгөрсөн жил 1.2 сая тонн зэс үйлдвэрлэсэн, цаашдаа энэ үйлдвэрлэл нэмэгдэх төлөвтэй байгаа. Тийм учраас энэ чиглэлийн тээврийн маршрутыг баталгаажуулах, хямдруулах шаардлага бий. Энэ талаар талуудтай хэлэлцээ хийж байна.
Ч.Сайханбилэг: -Монгол Улсын Засгийн газрын хувьд зэс хайлуулах үйлдвэр байгуулах нь тэргүүлэх чиглэлийн бодлого байх болно. Эхний ээлжинд “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэсэн зэс хайлуулах үйлдвэр байгуулна, үүнд гадны хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллана. Дараагийн үе шат болгож, Оюутолгойн зэсийн баяжмалыг хайлуулах төсөл хэрэгжүүлэх бодлогыг Монгол Улсын Засгийн газар баримталж ажиллана. Хоёрдугаарт, сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөрийг үргэлжлүүлнэ. Японы хөрөнгө оруулагчтай нийлээд анхны салхин станц төслийг хэрэгжүүлсэн. Одоо Эгийн голын усан цахилгаан станц төслийн хөрөнгө оруулагчийг хайж ажиллаж байна. Энэ станц ашиглалтад орсноор эрчим хүчний систем бүрдэнэ. Ховд аймагт усан цахилгаан станцын том төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Салхин станц дээр өгөх дэмжлэгийг үргэлжлүүлнэ.
-Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж Японоос хэд, БНСУ, Канадаас хэд байна вэ?
Р.Жигжид: -Монгол Улсад 1757 аж ахуйн нэгж, 2736 тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. БНСУ ын хувьд 13 аж ахуйн нэгж 19 тусгай зөвшөөрөл, Канадаас найман аж ахуйн нэгж 17 тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Японы хувьд нэг аж ахуйн нэгж, нэг тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа.
-Хөшигтийн хөндийд Японы хөрөнгө оруулалтаар олон улсын нисэх буудал барьж байгуулж байгаа. Гэхдээ нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон. Энэ ажил ямар шатанд явна вэ, Ерөнхий сайд та өөрийн мөрөөдөлтэйгээ холбоод төслийн талаар тайлбарлавал?
Ч.Сайханбилэг: -Шинэ нисэх буудал төсөл бол Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж байгаа ач холбогдол өгч байгаа том төслүүдийн нэг. Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг УИХ-аар шийдэж байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот газар зүйн байрлалын хувьд хамгийн тохиромжтой байрлалтай. Олон улсын паб байгуулахад тохиромжтой газар. Улаанбаатар хотоос Япон руу нислэг үйлдэхэд 4 цаг орчим болно, Токиод онгоцоо нэг цэнэглээд цааш нислэг үйлдэхэд дэлхийн аль ч улс руу хүрэх боломжтой. Тийм ч учраас Японы Засгийн газар энэ төслийг хэрэгжүүлэхэд оролцсон болов уу гэж боддог.
Одоо Японы талаас Хөшигийн хөндийн онгоцны буудлыг авч явах менежмэнтийн багийг Японы талаас ажиллуулж өгөөч гэсэн санал тавьж байгаа. Монгол Улсын Засгийн газар энэ саналыг туйлын анхааралтай судалж, ямар нэг байдлаар шийдэх болно гэдгийг Ерөнхий сайдын хувиар хэлж байна. Одоо нэг асуудал бий, “Мицүбиши” компанийн төлөөлөлтэй уулзсан. Саналаа ч тавьсан, төслийн нэмэлт санхүүжилтийг шийдсэний дараа Япон, Монголын компаниуд түлхүү оролцож, энэ төслийг хэрэгжүүлээсэй гэж бодож байгаа.
-Монгол Улс дэд бүтцийн салбараа хөгжүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ. Японы хөрөнгө оруулагчид оролцох боломжтой юу. Уул уурхайн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд төмөр зам барих шаардлагатай байдаг?
Ч.Сайханбилэг: -Зам хангалттай биш гэдэгтэй санал нэг байна. Уул уурхайн салбар ярихаас өмнө дэд бүтцийнхээ салбарыг тэргүүн ээлжинд тавьж үзэхээс аргагүй нөхцөл байдал үүссэн. Тийм учраас одоо байгаа төмөр замаа хос болгох, цахилгаанжуулах, шинэ маршрутаар төмөр зам тавих. ОХУ ын хилээс Хятадын хил хүртэл хурдны зам тавих төслийг Концессын зарчим дээр шийдвэрлэхээр Засгийн газар хөөцөлдөж байна. Төсөлд оролцох Японы компани байвал нээлттэй. Шинэ онгоцны буудал руу тавих хурдны замд Японы компаниуд оролцох саналаа тавьсан, үүнийг судалж ойрын хугацаанд шийднэ. Бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэхдээ ялангуяа зам дээр барьж ашиглах, шилжүүлэх зарчмаар, эсвэл барьж шилжүүлэх зарчмаар Концессын хуулиар Японы талаас санал сонсоход бэлэн байгаа. Японы тал Улаанбатаар хотод Нарны зам, Нарны гүүр зэрэг хэд, хэдэн бүтээн байгуулалт хийсэн, араас нь залгаад шинэ төслүүд хэрэгжих байх аа гэж бодож байна.
-Уул уурхайн салбарт Японы хөрөнгө оруулалт маш бага байна. Мөн хоёр орны худалдааны эргэлт буурсан байгаа. Энэ ямар шалтгаантай вэ?
Ч.Сайханбилэг: -Хайгуулын лицензийг Японоос нэг аж ахуйн нэгж эзэмшдэг гэдгийг Р.Жигжид сайд хэлсэн. Ер нь хаа, хаанаа хангалтгүй байгаа, аль аль нь хүлээн зөвшөөрөх байх.Одоогийн төвшнөөс дээшээ гаргах ёстой.
Н.Золжаргал: -Монгол, Японы эдийн засгийн эргэлтийг харж байхад сонин дүр зураг харагддаг. Хоёр жилийн өмнө Монгол Улс 600 гаад сая ам.доллартай тэнцэхүйц барааг Япон улсаас импортолсон байдаг. Энэ нь одоо буугаад 400 сая ам.доллар болсон. Буурсан шалтгааныг нь авч үзэх юм бол зөвхөн авто машины импорт. Энэ маань өөрөө хэрэглээнээс хуримтлал руу шилжсэн бодлогын үр дүн.
Айлчлал үргэлжилж байна.
Г.НЭРГҮЙ /ТОКИО ХОТ/