Барак Обама
Фото: Jonathan Ernst / Reuters
Америкийн ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэхдээ, АНУ нь Кубатай харилцаагаа хэвийн болгох эхлэлээ тавьсан гэжээ. Цагаан ордны сайтад энэ тухай өгүүлжээ.
“Би Төрийн нарийн бичгийн дарга Жон Керрид 1961 онд тасарсан дипломат харилцааг сэргээх талаар нэн яаралтай ярилцах үүрэг өгсөн. АНУ дахин Гавана хотод Элчин сайдын яамаа нээж, төрийн өндөр албан тушаалтнууд Кубад очих болно” хэмээн ерөнхийлөгч ярьсан байна.
АНУ-ын Сангийн яам ойрын долоо хоногуудад Кубын эсрэг хориг арга хэмжээгээ сулруулна гэж мэдэгдсэн байна. Конгрессийн Төлөөлөгчдийн танхмын спикер, бүгд найрамдагч Жон Бейнер ерөнхийлөгчийн энэ алхмыг Кубын дэглэмд хийж байгаа утгагүй буулт гэж үзжээ. Кубын ард түмэн эрх чөлөөтэй болсны дараа л хоёр орны харилцааг хэвийн болгох ёстой гэж тэр онцолжээ.
Арванхоёрдугаар сарын 17-нд Кубын засгийн газар хүмүүнлэгийн үүднээс тагнуулын хэргээр хоригдож байсан америк хоригдол Алан Гроссыг сулласан юм. Хоригдлууд солилцох тохиролцооны дагуу хорь гаруй жил хоригдсон америкийн туршуулыг Куба сулласан бол АНУ 2001 оноос хойш тус улсад хоригдож байсан Кубын гурван тагнуулчийг суллажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР