Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэр усны нөөцөөр харьцангуй элбэг ч сүүлийн үеийн дэлхийн дулаарал хуурайшилттай холбоотойгоор гол горхи, булаг шанд рашаан, нуур тойрмууд ширгэн усгүй болж байгаа аж.
Зарим байнгын урсгалтай голуудын усны түвшин доошилж, зарим голуудын түвшин ихэсч байгаа нь усны талаар нэгдсэн менежмет бий болгох, цөлжилт хуурайшилтыг сааруулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Аймгийн хэмжээнд хоногт 3500 шоо м, хүн ам ихээр төвлөрсөн Мөрөн суманд хоногт 1500 шоо м ус хэрэглэдгээс 1000 орчим шоо м ус бохир хэлбэрээр хаягддаг байна.
Одоогийн байдлаар аймгийн нийт хүн амын 80 гаруй хувь баталгаат ундны усны эх үүсвэрээс ус хэрэглэж байна.
Тус аймагт сүүлийн 50 жилийн дотор 39 гол горхи, 88 булаг шанд, 2 нуур ширгэсэн ба одоогоор 1173 гол горхи, 841 булаг шанд, 578 нуур, 62 рашаан, инженерийн хийцтэй 452, гар хийцийн 272 худаг байдаг гэсэн тоон мэдээ өнгөрсөн онд гарсан байна. Дэлхийн усны өдрийг тохиолдуулан аймгийн БОГ-аас байгууллагуудын дунд гар бөмбөгийн тэмцээн, АХА тэмцээн сургалт сурталчилгаа гээд олон ажлыг зохион байгуулж, оюутан сурагчдад усны зөв хэрэглээний тухай мэдээ мэдээллийг хүргэсэн байна.
Б.ГАНТУЯА
Эх сурвалж: www.khuvsgulnews.mn