Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Засгийн газрын тухай хууль, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг өнөөдөр УИХ-аар хэлэлцэх явцад олонхийн дэмжлэг авч чадалгүй унасан билээ. Энэ талаар гишүүдийн байр суурийг сонслоо.
"Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг:
-УИХ-ын гишүүд ухаалаг төрийн төлөө явах нь зүйтэй. Гэхдээ өнөөдөр үүнийг шуурхай шийдвэрлэх хугацаа биш байна гэдэг дээр УИХ-ын гишүүдийн олонхи хариултаа өглөө. Одоогийн байгаа хууль эрхзүйн орчинд Үндсэн хуулиас эхтэйгээр УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүргийг давхар хаших боломжтой гэсэн заалт байдаг. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт ороогүй байхад жижиг, сажиг өөрчлөлт оруулах нь хэр зохимжтой байх вэ гэдгийг бодолцсон байх. "Давхар дээл"-ийн асуудал гэнэт өнөөдөр бий болсон зүйл биш. Парламентийн үе үеийн бүрэн эрхийн хугацаанд байсан асуудал. 1998-1999 он, 2000 оноос хойш "давхар дээл"-тэй л байсан. Одоо биш Үндсэн хуульд өөрчлөлт орсны дараа энэ асуудлыг хэлэлцэх ёстой гэдэг дээр олонхи гишүүд санал нэгдлээ гэж харж байна. Цаашид Үндсэн хуулинд заасан УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүргийг давхар хашиж болно гэсэн заалтад өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байна.
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:
-Ухаалаг төр рүү хурдан шилжилж, Монгол төрийн данхайсан бүтцийг өөрчлөе гэж энэ хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн барьсан. Харамсалтай нь, эрх мэдэл албан тушаалдаа эрх баригч нар дуртай байгаа юм байна. Аргагүй л вакум орчинд байна гэж харж байна.
УИХ-ын гишүүн Р.Бурмаа:
-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төсөл унаж байгаа нь харамсалтай байна. УИХ-ын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавихад сөргөөр нөлөөлж байсан учраас энэхүү хуулийн төслийг анхнаас нь дэмжсэн. Ерөнхий сайд чиг үүргийн сайд нартайгаа үлдээд, бусад сайдынхаа асуудлыг долдугаар сар хүртэл шийдээд явж болох байсан. Гэтэл өнөөдөр та нар хар л даа. Сайд нар чуулганд суудаггүй атлаа өөрсдийн асуудлыг хэлэлцэхээр бүгдээрээ ирээд суучихсан байх жишээтэй. Байдал ийм л байна шүү дээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Монгол Улсын түүхэнд эцсийн хэлэлцүүлэгт шилжсэн төсөл унаж байсан түүх байхгүй гэдгийг УИХ-ын дарга санал хураалтын өмнө хэлсэн. Засгийн газрын 17 сайд "давхар дээл"-тэйгээ байхаар үлдэж байна. Олон албан тушаал зэрэг хашдаг байдлаар цаашид явна гэж олонхи шийдлээ. Бид "давхар дээл"-ийг тайлна гэдэгт саналаа өгсөн. Харамсалтай нь, дөрвөн саналын зөрүүгээр төсөл уналаа. Гэхдээ олонхийн шийдвэрийг хүндэтгэж байна. Монголны улс төр, засаглалд нүүрлэсэн энэ хямралыг арилгахын тулд эцэс хүртэл нь явна гэж хэлмээр байна.
Ш.ОЧ