
Египетийн экс-Ерөнхийлөгч Хосни Мубаракийн хэргийг дахин авч хэлэлцэх шүүх хурал ирэх тавдугаар сарын 11-нд Каир хотноо болох гэнэ. Шүүх хурлаар Хосни Мубаракаас гадна түүнийг төрийн эрх барьж байх үед Дотоод хэргийн сайдын алба хашиж байсан Хабиб эль-Адли, аюулгүй байдлын зургаан зөвлөх болон хөвгүүдийнх нь хэргийг дахин авч хэлэлцэх гэнэ. Египетийн шүүхээс өнгөрсөн жил экс-Ерөнхийлөгч Хосни Мубарак болон Хабиб эль-Адли нарыг өнгөрсөн 2011 онд болсон хувьсгалт бослогын үеэр энгийн иргэдийн амийг хөнөөсөн хэрэгт буруутгаж, бүх насаар нь хорих ял оноосон билээ. Түүнчлэн Египетийн шүүхээс Хосни Мубаракийг төрийн эрхэнд байхад түүний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байсан зургаан хүнийг мөн адил хэрэгт буруутган ялласан бөгөөд түүний хүү Гамал болон Алаа нарыг авилга, хээл хахуулийн хэрэгт буруутган ял оноосон байна. Гэвч тэд бүгд дараагийн шатны шүүхэд давж заалдах өргөдөл гаргасан аж. Үүнтэй холбоотойгоор Хосни Мубарак тэргүүтэй арван хүний хэргийг шүүх хурал өнгөрсөн долоо хоногт Каир хотноо эхэлсэн боловч шүүгчийн зүгээс тэдний хэргийг шүүхээс татгалзсанаар шүүх хурал хойшлогджээ.
Үүний зэрэгцээ Египетийн прокуророос сүүлийн хэдэн сар цэргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй Хосни Мубаракийн биеийн байдал сайжирсан тул дахин шорон руу нь буцаах шийдвэр гаргасан байна.