Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төсөл НҮБ-ын барилгын эрчим хүчний хэмнэлтийн төсөлтэй хамтраад эрчим хүчний хэмнэлттэй орон сууцыг Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдэд санал болгож байгаа. Байгальд ээлтэй, утаагүй цэвэр орчин бүрдүүлнэ, 50-иас дээш жил ашиглана, ая тухтай, чанарын шаардлага хангасан барилгын материалаар хийгдсэн, 7-8 баллын газар хөдлөлтийг тэсвэрлэнэ, бага түлшээр халааж зардлаа хэмнэнэ, богино хугацаанд барих боломжтой гэхчилэн энэ сууцны давуу тал их. 35-65 ам метр хүртэлх талбайтай эл сууцыг захиалан худалдан авсан тохиолдолд “Цэвэр агаар” төслөөс 5.000.000 төгрөгийн хөнгөлөлт өгөх бол Засгийн газраас тухайн айлд цахилгааны хөнгөлөлтөд хамруулах юм байна.
Эрчим хүчний хэмнэлттэй сууцыг авах хүсэлтэй иргэдийн хувьд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах бүсэд амьдардаг, өөрийн эзэмшлийн газартай, мөн тухайн хаяг нь дээрээ байнгын оршин суудаг байх шаардлагатай юм байна. Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны захиалгыг тавдугаар сарын 1-нийг хүртэл авах бөгөөд одоогоор 100-гаад айл ийм сууцтай болоод байгаа аж. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл НҮБ-ын Эрчим хүчний хэмнэлтийн төслийн 320422 дугаарын утсаар холбогдоорой. Долоо хоног бүрийн пүрэв гаригт байшингийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.