Нууцын хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2013.01.08-нд нийтлэгдсэн

Нууцын хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан эхэлж, хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.  Тус байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Засгийн газраас өргөн барьж буй Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн  төсөл. Хуулийн төслийн зорилго нь нэг цонхны үйлчилгээ, иргэддээ хурдан шуурхай үйлчлэх төрийн албыг гацааж буй Иргэний бүртгэл мэдээллийн санг улсын нууцаас гаргахаар тусгасан байна. Ингэснээр иргэдэд шуурхай үйлчлэх, 30 минутын дотор төрийн үйлчилгээг авах боломжийг нээх юм гэж хууль санаачлагч онцолсон. Мөн Монгол Улсын газрын зургийн машстабын нууцлалын хэмжээг өөрчлөхөөр тусгасан байна. Газрын зураг нь хэмжээ, нарийвчлалаасаа шалтгаалан төрийн нууц, иргэний, бизнесийн гэсэн төрөлтэй байдаг бөгөөд нууцын болон нууцын жагсаалтаас аль хэсгийг хасах зэргийг тодорхой тусгаж өгсөн байгаа аж.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг хуулийн төслийг танилцуулсан. Төслийг танилцуулсны  дараа байнгын хорооны гишүүд асуулт асуусан юм. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Улсын нууцын жагсаалтаас хасах зарим заалтад Иргэний бүртгэлийн сангаас гадна 10 гаруй сан байгаа. Үүнийг бүгдийг нь нууцын зэрэглэлээс хасах уу, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ болон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхдээ холбогдох байгууллагаас нь санал авсан уу” гэж тодруулсан юм.

Хууль санаачлагч Ч.Сайханбилэг “ҮАБЗ болон Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/ бусад холбогдох байгууллагаас тодорхой санал дүгнэлтийг авсан. Мөн хэлэлцэх явцад тодорхой асуултаар асуулга тавьж, тайлбар авсан байгаа. Ер нь бол дэлхий нийтээр технологийн хөгжлөө дагаад бид энэ шинэчлэлийг хийх ёстой байгаа юм” гэлээ.

Харин байнгын хорооны хуралдаанд сууж байсан Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд дарга н.Чулуунбаатар “ТЕГ энэ хуулийн төсөлтэй танилцаж, зарим зүйлийг нууцын зэрэглэлээс гаргах боломжгүй гэсэн тайлбарыг хүргүүлсэн. Гэтэл яагаад энэ хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг ярьж байгаад тодорхой тайлбар өгөхийг хүсч байна. Миний сонссоноор Батланхамгаалах яам ч мөн энэ төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн гэсэн” гэлээ. Үүний хариуд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг “Засгийн газрын хуралдаанд ТЕГ-ын дарга нь өөрөө тайлбар хийхдээ дэмжиж байгаа гэсэн тайлбар өгсөн. Гэтэл яагаад УИХ дээр өөр юм яриад сууж байгааг тань ойлгохгүй байна. ТЕГ-ыг дарга нь удирддаг юм уу эсвэл тэргүүн дэд дарга нь удирддаг юм уу” гэж байлаа. 

Харин зарим гишүүд төслийг Тусгай хяналтын дэд хороонд шилжүүлж, ойлголтын зөрүүтэй асуудлаа эргэн харах нь зүйтэй гэсэн санал гаргасан ч дэмжигдээгүй юм. Гишүүд саналаа хэлсний дараа Улсын нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэх эсэхээр санал хурааж,  дэмжсэнээр УИХ-ын чуулганы хуралдаанд  танилцуулахаар боллоо.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж