Сургуулийн зүүн талын шатаар өгсөж хоёр давхарт гармагц А.Байгальмаа багштай тэргүүний 3А анги гэсэн хаяг байлаа. Тэнд цэнхэр өнгөтэй модон ширээн дээр зургаахан хүүхэд хичээл хийгээд сууж байв. Монгол хэлний хичээл орж байгаа нь энэ аж. Хүүхдүүд багшийн асуултад ам уралдан хариулж байхад нэгдүгээр эгнээний цонхон талд суух нэгэн охин багшийн хэлснээс хоцрох вий гэсэн шиг брайлаа тэмтрэн бичсээр сууна. Түүнийг У.Чанцалдулам гэдэг юм байна. Түүнтэй хэдэн хором ярилцахад охин” Би гурав орчим метрийн дотор байгаа зүйлийг л хардаг. Самбар дээрх зүйлийг харж чаддаггүй. Зураг зурахыг хүсдэг ч зурж чаддаггүй юм. Гэхдээ би шүлэг унших дуртай. Сургуулийн урлагийн наадамд оролцож олон амжилт гаргасан” хэмээн хоёр алаг нүдээрээ газар ширтэнгээ хэлсэн юм. Түүний мөрөөдөл номын санч болох гэсэн. Зүгээр ч нэг номын санч биш хүүхдүүдэд брайл ном уншуулдаг, тэдэнд номын ертөнцийг брайлаар мэдрүүлсэн тийм ч номын санч болохыг мөрөөддөг аж. Харин ангийн багш нь сургуулийн нэг ангид 6-8 хүүхэд хичээллэдэг ч хүүхэд бүрийн онцлогт таарууж ажиллах нь хүндрэлтэй байдаг талаар ярьсан юм. Багш А.Байгальмаа “Хүүхэд бүрийн онцлогт тааруулж хичээл заана гэдэг хэцүү. Наад зах нь зарим нэг хүүхдэд номон дээр байгаа үсгийг томруулж өгөх шаардлага гарна. Мөн оюуны бэрхшээлтэй хүүхэд байдаг тул хичээл тайлбарлаж өгөөд ойлгохгүй тохиолдол зөндөө гардаг. Тэр болгонд ойлгуулах гэж багшийн зүгээс чадахаараа чармайн ажиллаж байна. Ихэнх хүүхдийн ар гэрийн амьдрал хэцүү. Орон байргүй, айлын хажуу өрөөнд гэрийнхэнтэйгээ амьдардаг хүүхэд олон. Өглөө бүр хүүхдээ хүргэж ирэхэд ар гэрийнхэнд нь хэцүү л байгаа. Одоог хүртэл тусгай автобустай болж чадахгүй байгаа. Уг нь манайх улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүлээж авдаг ганц сургууль. Төрөөс үзүүлж байгаа дэмжлэг дутмаг. Ихэвчлэн хувийн байгууллагуудаас тусламж үзүүлдэг” гэж байлаа.
Сургуулийн зарим багш, удирдлагуудтай уулзахад 2006 оноос эхлэн сургуулийн дотоод засал чимэглэл, мэдээлэл зүйн кабинетийг хоёр дахин шинэчилж, тусгай хэрэглэгдэхүүний хүрэлцээг сайжруулж, сургуулийн дотуур байранд утасгүй интернэт байрлуулсан талаар хэлж байсан. Мөн өнгөрсөн хэдэн жилтэй харьцуулахад тусгай сургуулийн сургалтын орчин, хүүхдүүдэд үзүүлэх сургалтын чанарт ахиц гарч буй гэх боловч боловсон хүчин дутмаг, сурах бичгийн хүрэлцээ муу, зориулалтын дотуур байргүй байгаа нь тус сургуулийн хувьд нэн чухал асуудал хэвээр байгаа гэнэ.
Багш, сурагчидтай уулзсаны дараа 116 дугаар сургуулийн захирал С.Энхтуяагаас зарим асуултад хариулт авсан юм.
-Хүүхдүүдийн сурах орчин төдий л хангалттай биш байгаа бололтой?
-Хүүхдүүдийн сурах орчинг сайжруулах үүднээс энэ жилээс эхлэн хүүхэд бүрийн төвшинг тогтоох эрүүл мэндийн судалгаа явуулахаар болсон. Хүүхэд, тэр тусмаа харааны бэрхшээлтэй хүүхдэд тулгамдсан асуудал их гардаг. Сургууль ямар ч ээлжгүй сургалт явуулдаг. Анги танхим, дотуур байрны хувьд шаардлага хангахгүй байгаа юм. Хүүхэд эрүүл орчинд амьдрах эрхтэй. Гэвч дотуур байрны халуун, хүйтэн уснаас эхлээд дутагдалтай зүйл олон. Уг нь 30 хүүхэд нэг крант руу гүйх биш, ядаж 6-7 хүүхэд нэг крантанд нүүр, гараа угаадаг бол арай амар болно. Сурагчдын 75-80 хувь нь сургуулийн нэг жигүүрт байдаг дотуур байранд амьдарч байна.
-Боловсон хүчний тухайд?
-Манай сургууль 2010 оноос брайл ном хэвлэдэг машинтай болсон. Гэсэн хэдий ч үүн дээр ажиллах хараагүй редактор байдаггүй. Брайл номтой зүгээр хараатай хүн харьцаад байхаар маш муу. Иймээс үүн дээр ажиллах 2-3 хараагүй хүн хэрэгтэй болоод байгаа. Тэгж байж бид хүүхдүүдийн номын хүрэлцээг сайжруулж болох юм. Миний хувьд багш нартаа харааны бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах дадлага олгоход нь анхаарч ажилладаг. Ер нь багш, оюутнуудад харааны бэрхшээлтэй хүүхдүүдтэй харьцах дадлага олгочихдог байвал зүгээр. Тусгай сургуулийн арга зүйч гээд 30 багш төгслөө гэхэд нэг нь ч энэ чиглэлээр ажилладаггүй юм. Иймээс одоо ажиллаж байгаа багшийг мэргэшүүлэх, ямар арга замаар заах ёстойг сургалтаар эзэмшүүлэх хэрэгтэй гэж бодож байна.
-Тусгай сургуульд орон нутгаас хүүхдүүд суралцаж байгаа юу?
-Бидэнд орон нутгаас тэнд харааны бэрхшээлтэй тэдэн хүүхэд байна гэсэн мэдээлэл бараг ирдэггүй. Хүмүүс хүүхдээ хаа хамаагүй хувийн сургуульд өгчихдөг. Энэ чинь нэг талаасаа хүүхэд өөрт нь ээлтэй орчиндоо суралцах эрхийг зөрчиж байгаа. Наад зах нь хүүхдүүдэд зориулсан тэмдэг тэмдэглэгээг урсгал зардлаар шийдэх боломж байхгүй л байгаа юм. Ингээд тоочоод байвал асуудал гараад л байна.
Тэрбээр ингэж ярилаа. Тусгай сургалттай 116 дугаар сургуулийн тухайд хүүхдүүдтэй ажиллах боловсон хүчин, тэдний онцлогт тохирсон арга барил үнэхээр дутмаг байгаа нь сургуулийн орчноос харахад л мэдэгдэж байлаа. Хүүхдүүд хичээлээ тараад замаар гарахад хүртэл гэрлэн дохионы асуудал гарч ирдэг нь үүнийг харуулж буй юм.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин