Хуучирсан мэдээ: 2012.08.07-нд нийтлэгдсэн

Засгийн газраа эмхлэн байгуулж чадахгүй хоёр тийшээ харж сууж, хотын замын түгжрэл шиг иргэдийг бухимдуулж, хүлээлт үүсгээд байсан улс төрд ашгүй нэг юм чих баясгах сайн мэдээ сонсгов. Шинээр сонгогдсон НИТХ-ын хуралдаанаар Засаг даргаа сонгон Ерөнхий сайд С.Батболдод өргөн мэдүүлэв. Ийн наадмын маргааш бүрхэг тэнгэр намар цаг айсуйг сануулах бороо асгаруулах зуур өвлийн бэлтгэл, замын засвараас эхлээд хамаг ажил нь зуун задгай, төрийн хотын гэлтгүй албатууд жанжингүй цэрэг шиг алмай байдалд ороод байсан ажил арай л цэгцэрч урагшлах нь гэсэн итгэл төрөхөөр байна. Ядаж байхад хэзээний л зуун задгай жаран хагархай байдаг хотын ажил ихийг хэлэх үү, сонгуулиас өмнө ажил хөөцөлдөхөөр төрийн албаны хаалга татахаар гарын үсэг зурах дарга олддохгүй баахан гацаасан бол одоо ажил асуухаар мэдэх, хөдлөх хүн олдохгүй зовоож байна гэж гасалж байсан хүмүүсийн итгэл арай наашлах нь.

Сонгуулийн шуурганд хэдэн сар нүдүүлсэн монголчууд хаа сайгүй ажил урагшлахыг хүлээж байна. Аль ч намыг дэмждэг, эсвэл дэмждэггүй хэн ч бай төр засгийн ажлаа хурдхан шиг цэгцлээсэй гэж санаа зовниж, адгаж, бас цөхөрч байсныг хэлэх үү. Ядахдаа хотын асуудлаа шийдчихвэл гэж санааширч байлаа.

Нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд батламжлах ёстой учраас шинэ Засгийн газрын тэр­гүүнийг баталгаажуултал хүлээг­дэх ёстой юм байна гэсэн ойлголт зарим хүнд төрөөд байсан. Өмнө нь УИХ, НИТХ сонгууль нэгэн зэрэг явагддаггүй. УИХ-ын сонгуулийн дараа яаж ч сун­жирсан Засгийн газраа нэг юм байгуулж дөнгөдөг аравдугаар сард орон нутгийн сонгууль болдог байсан болохоор…

Харин хуулиндаа бол Ерөнхий сайд батламжилна гэж заасан байдаг юм байна. 

Яаж ч бодсон өнөөдөр Монгол Улс Ерөнхий сайдтай, гүйцэтгэх засаглал нь ажиллаж байгаа /магадгүй ажиллах ёстой гэдэг үг илүү тохиромжтой юм уу/ нь үнэн, бүр хууль ёсны дагуу. Тиймээс НИТХ өчигдөр албан ёсны Ерөнхий сайдад саналаа өргөн мэдүүлэв. Ерөнхий сайд ч энэ саналд хариу хэлэхгүй нэг их удаахгүй болов уу. Ардчилсан намын санал болгосон Ерөнхий сайдыг тухайн үеийн МАХН-ын Ерөнхийлөгч зургаан удаа буцааж байсан шиг гацаах шалтаг, шалтгаан, хөрс суурь өнөөдрийн Ерөнхий сайд С.Батболдод байхгүй. Тэртэй тэргүй албаа өгөх нь тодорхой ч болсных, бас НИТХ олонхи хөдлөшгүй Ард­чилсан намынхан болс­ных басхүү Ерөнхий сайд С.Батболдын өөрийнх нь хувь хүний болоод улстөрчийн соёлыг ч бодсонынх. Тэгээд ч нийслэлийн Засаг даргаар томилох саналыг Ерөнхий сайдад өргөн мэдүүлснээс хойш ажлын таван хоногийн дотор хариугаа илэрхийлнэ гэж яс хугацаа заасан заалт байдаг учраас энэ асуудал яав ч УИХ шиг хурал хаялт, “Зэлтэрийн гацаа” энэ тэрд орохгүй. Улс төр гэдэг С.Батболдын хувьд нэг сонгуулиар л дуусахгүй нь тодорхой учраас өдгөө тахимаа өгөхгүй гомдоллоод байгаа намынхан шигээ зан гаргаж чадахгүй л болов уу?

Ерөнхийдөө Ерөнхий сайдаар Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг сонгогдох нь тодорхой болоод байгаа. Мэдээж хэрэг байдал ингэж сунжраагүйсэн бол Э.Бат-Үүл баатрын багийнхан намынхаа нөхөрт саналаа өргөн мэдүүлэх нь таатай байх ч байсан байх.  

Ер нь бол энэ өдөр Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болгох саналаа Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж магадгүй гэсэн таамаг төрөөд байсан. Өнгөрөгч баасан гаригт Ардчилсан намын генсек хүсэлт гаргаснаар Ерөнхий сайд С.Батболдыг Лондонд болж байгаа олимпод очиж тамирчдаа дэмжих айлчлалаа хойшлуулсан. Богинох­он хугацааны айлчлалаа ийнхүү хойшлуулах болсон нь ч АН, МАН тохиролцоонд хүрч шинэ Засгийн газар байгуулах “Зэлтэрийн гацаа” цаашилсан юм байна гэсэн ойлголт төрүүлсэн билээ. Тиймээс удахгүй шинээр томилогдох Ерөнхий сайдад Засаг даргын нэрийг санал болгох юм болов уу гэсэн таамгийг ч бас дагуулсан. Одоо ч бас Ерөнхий сайдаа өнөөдөр эс бол маргааш Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ гэсэн таамаг байж л байна. Харин Э.Бат-Үүлийн багийнхан нэг өдрийн өмнө ч болов ажилдаа орох гэж яарсан болов уу? Яарах нь ч аргагүй иргэд аль хэдийнэ “олуулаа болсон” Э.Бат-Үүл баатраас амлалтыг нь нэхээд эхэлчихсэн. Анх удаагаа нийслэлд ялалт байгуулж, олонх болоод байгаа тэдний багийнхны эхний өвлийн шалгалт хаяанд ирчихсэн байгаа. Э.Бат-Үүл баатар аа, нийслэлчүүд өглөө болгон танаас амлалтыг нь чинь асууж, сануулах болно шүү. “Тангуд улс мөхөөгүй гэдгийг өглөө болгон сануулагтун” гэдэг шиг санаж яваарай…  

Бас дашрамд, Засгийн газраа хурдхан шиг эмхлэн байгуулж, ажилдаа орох хэрэгтэй байна. Төрийн ордны цонхоор ч моддын навч ганц нэгээрээ шарлан хийсч байгааг харж л байгаа биз. Тун удахгүй Богд уулын орой цагаан малгай өмссөн байх вий?  Нийслэлийн Засаг даргаа томилсноор шан татагдаж Монголын улс төрд үүсээд байгаа гацаа арилаасай билээ.

 А.АЛТАНТУЯА

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж