Аз жаргалтай нийгэм бүтээх нь Хөгжлийн банкны үүрэг

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

Аз жаргалтай нийгэм бүтээх нь Хөгжлийн банкны үүрэг

Л.Болормаа: Ажилтай, боловсролтой, аз жаргалтай нийгэм бүтээх нь хөгжлийн банкны үүрэг

Монгол Улсын Хөгжлийн банкийг удирдан залах, өнөөгийн өндөрлөгт хүргэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг олох амаргүй шалгуурыг туулж яваа нэгэн бол Лувсандоржийн Болормаа. Банк, санхүүгийн салбарт 15 дахь жилдээ ажиллаж буй тэрбээр өмнө нь “Deutsche Bank”-ны Хойд Америк хариуцсан Банк санхүү, брокер диллерийн салбарын дэд захирлаар ажиллаж байсан. Түүнийг Хөгжлийн банкны тэргүүн дэд захирлын албыг хүлээж авах үед эмэгтэй хүн энэ том шинэ байгууллагыг удирдаж чадахгүй гэх үгийн ирээр мохоосон ч Монгол Улс өнөөдөр дэлхийн хэмжээний итгэлцлийг олсон Хөгжлийн банктай боллоо. Олон улсын санхүүгийн зах зээлд Монгол Улсын Хөгжлийн банк ханаа дугуйлж, өрхөө татаад нэгэн он тооллыг үдэв. Хүсэл эрмэлзлэл дүүрэн, шижигнэсэн, бүтээлч, оюунлаг 40 гаруй залуусаар Л.Болормаа захирал багаа бүрдүүлсэн байна. Эмэгтэй хүний хатан ухаан, мэдлэг чадвар, туршлага, хөдөлмөрийн шим, сэтгэл Хөгжлийн банкны хөгжлийн төлөө ажиллах үүрэг зорилгыг тодорхойлж өгчээ. Нэг жилийн өмнө ердөө л зургаахан хүнтэй, засвартай байранд үүдээ нээж байсан Хөгжлийн банк өдгөө том айл болж. Ингээд тус банкны Тэргүүн дэд захирал Л.Болормаатай ярилцлаа.

-Монгол Улс Хөгжлийн банктай болоод нэг жилийг үдлээ. Ямар өөрчлөлт гарсан бэ?

-Монгол Улсад шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг Хөгжлийн банк босголоо. Энэхүү хөрөнгөөр улс орны хөгжлийн шинж чанартай томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хөгжлийн хөдөлгүүр болгон ажиллах нь бидний зорилго. Өнгөрсөн хугацаанд тавaн жилийн хугацаатай, 5.75 хувийн хүүтэй бондоор хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүллээ. Ирээдүйд манай улсын макро эдийн засгийн болон улсын төсвийн бодлого нь зөв оновчтой байвал дараа дараагийн хөрөнгө босгох ажил илүү хялбар байх болно. Өөрөөр хэлбэл, төсөв, мөнгөний бодлого эрүүл байвал 2013 оноос 10, 15, 20 жилийн урт хугацаатай бонд босгож эдийн засгийн хөгжлөө дэмжих боломж бидэнд нээлттэй. Олон улсын санхүүгийн эгзэгтэй үед Хөгжлийн банк хөрөнгийн эх үүсвэрээ амжилттай бүрдүүлснээр эдийн засагт нэн тэргүүнд ач холбогдолтой төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх боломжийг нээж өгсөн. Нийтдээ 415.6 тэрбум төгрөгийн өртөгтэй 662 км зам барих санхүүжилтийг шийдвэрлэлээ. Мөн ирэх жилээс барилгын ажил нь эхлэх 3300 орчим км замын зураг төслийг манай банкны санхүүжилтээр боловсруулахаар боллоо. 100.000 айлын орон сууцны хөтөлбөрийн хүрээнд ОССК-иас хариуцан барих “Буянт-Ухаа 2000 айлын орон сууцны хороолол” төслийн эхний гурван барилгын санхүүжилтийн асуудал шийдэгдсэн. Бага, дунд орлоготой иргэдийг зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулах зорилгоор бид эхний 50 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Төрийн банкинд шийдвэрлэж өгсөн. Хөдөө, орон нутагт шинээр ажлын байр бий болгох үүднээс Жижиг, дунд үйлдвэрийн санд 50 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор ажиллаж байна. Цаашид зам, төмөр зам, Сайн­шандын үйлдвэрийн төслүүд, зураг төсөл, тендерийн шийдвэрүүд болон зохих гэрээ хэлэлцээр нь бэлэн болохын хэрээр Хөгжлийн банк санхүүжилтийн асуудлыг нь цаг алдахгүй шийдвэрлэхээр зорьж байна.

-Танай банкны ажлын үр дүнг улсын хөгжлөөр хэмжиж болох уу?

 
-Хөгжлийн банкны эцсийн зорилго нь ажлын тогтвортой байр бий болгох. Иргэд нь ажлын байртай, тогтсон орлоготой, орлого нь баталгаатай улс oрон хөгждөг. Байнгын татаас, дэмжлэг тарааснаар улс хөгжихгүй. Харин ч амжилттай яваа эдийн засгийн өсөлтөө татаж унагах эрсдэлтэй. Мөн иргэдийн боловсрол, санхүүгийн мэдлэг гүнзгий байж өөрийгөө жолоо­дож, өрхийн амьдралаа авч явна. Ажилтай, боловсролтой, аз жаргалтай нийгэм бүтээх нь Хөгжлийн банкны үүрэг. Тиймээс бусдаас хараат бус төрөлжсөн эдийн засгийг бий болгох, стратегийн ач холбогдолтой салбаруудаа түл­хүү дэмжиж, улмаар ажлын байр бий болгоход үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Нэг үгээр хэлбэл, иргэд нь ажилтай, орлоготой тэр хэмжээгээрээ хэр аз жаргалтай амьдарч байгаагаас л тухайн улсын хөгжил тодорхой харагдана.

-Нэг жилийн хугацаанд гадаад хамтын ажиллагаагаа хэр өргөжүүлсэн бэ?

-Хөгжлийн банк нь Монгол Улсын томоохон төслүүдийг хэрэгжүүлэгч гэдэг үүднээс гадаадын хөрөнгө оруулагч, банк санхүүгийн болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудтай харилцаагаа хөгжүүлэх чухал шаард­лагатай. Өнгөрсөн онд хамтран ажиллах гэрээ, санамж бичгийг дэлхийн тэргүүлэх байгууллага, банк болон Хөгжлийн сангуудтай байгуулсан. Жишээлбэл, Японы Сумитомо Мицуи банктай, Хятадын Хөгжлийн банк, АНУ-ын болон Хятадын Экспорт Импортын банкуудтай хамтарч ажиллах гэж байна. Гарын үсэг болгоны ард бодсон төлөвлөгөө, баримт болгонд зорилт байдаг. Тиймээс Японы банктай хамтарч, өндөр технологийг дотооддоо нийлүүлэх, Сайншандад барих аж үйлдвэрийн цогцолборт өндөр технологийг нэвтрүүлэх нь бидний үйл ажиллагааны үр дүн болох юм.

-Хөгжлийн банкны хараат бус байдал алдагдах үе байдаг уу?

-Бидний үндсэн зарчим хараат бус байдал. Хөгжлийн банкны үйл ажиллагааны чиглэл нь өөрөө хараат бус байж эдийн засагт үзүүлэх дэм нөлөө нь илүү үр дүнтэй байх юм. Санхүүгийн байгууллагын хувьд өөрийн эрсдэлээ байнга тооцож, үйл ажиллагаагаа явуулж байж банк тогтвортой хөгжиж чадна. Хөгжлийн банк бие даан төслүүдийг сонгож, үр ашигтай төслүүдэд хөрөнгө оруулснаар банкны санхүүгийн чадав­хийг сайжруулж, улмаар манай улсын эдийн засаг төрөлжиж, тогтвортой хөг­жилд хүрнэ. Тиймээс манай банкны хараат бус байдлыг зөвхөн хуульд тусгахаас гадна Засгийн газар, Сангийн яамтай жил болгон гэрээ хэлэлцээр хийж биеэ даасан хараат байдлыг хууль зүйн хүрээнд анхаарч ажиллах хэрэгтэй. Хөгжлийн банк бол хөгжлийн тасалбар. Тиймээс тасалбараа урж, үрчийлгэж болохгүй. Хүчингүй болох эрсдэл их.

-Та санхүүгийн салбарын компанийн засаглалын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Хөгжлийн банкийг олон жил ярьж хэлэлцсэний үр дүнд байгуулсан. Тиймээс энэ байгууллагыг зохистой сайн засаглалтай, өөрийн гэсэн амьдрах чадвартай байлгахын төлөө зорьж байна. Аливаа орны Хөгжлийн банк ямар нэгэн эрсдэлд орсон тохиолдолд Засгийн газрын түвшинд авч үздэг. Иймээс Хөгжлийн банкийг зөв зүйтэй удирдах нь хамгийн чухал. Хөгжлийн банкаа Сангийн яам, Монголбанк, Засгийн газар нь зөв бодлогоор дэмждэг байх хэрэгтэй. Түүнээс мөр мөрөө хөөгөөд уялдаа холбоогүй, эсрэг тэсрэг бодлого хэрэгжүүлбэл эдийн засаг хүнд байдалд орно. Хөгжил ч биднээс холдоно гэсэн үг. Герман, Солонгос, Хятадын Хөгжлийн банк бүгд ийм нэгдсэн дэмжлэгээр улсаа хөгжүүлж чадсан түүхтэй. Үүний нууц нь засаглал. Манай банк сайн засаглалтай болохын тулд улс орны хэмжээнд бодож, тооцоолсон санхүүгийн алсын хараа үгүйлэгдэж байна. Хүрэх газраа зөв тодорхойлъё. Улс орон болгон энэхүү бодлогоо өөр өөрөөр зохицуулдаг. Манайд эдийн засгийн бодлогыг ядаж дунд хугацаанд боловсруулаад түүндээ байн байн өөрчлөлт оруулахгүй нэг чиглэлтэй буюу нэг шугамаар явах нь чухал байна. Хөгжлийн банктай холбоотой тогтоолууд удах, байн байн өөрчлөгдөх, хууль нь тодорхой бус зэргээс хамааран тогтвортой үйл ажиллагаа явуулахад хүндрэл учирдаг. Цаашилбал, банк нь санхүүжүүлэх төслүүдээ өөрөө сонгох ёстой гэсэн гол зарчим одоогоор хэрэгжиж эхлээгүй байна. Гэтэл бусад орны Хөгжлийн банкуудад стратегийн салбаруудыг нь Засгийн газар нь тодорхойлж өгсөн байдаг. Харин Хөгжлийн банк өөрөө хөрөнгө оруулалт, санхүүжилтээ биеэ даан шийдвэрлэдэг байснаараа эдийн засгийн гол хөдөлгүүр болж чадсан.

Ирээдүйтэй салбараа эртнээс бэлтгэе

-Монгол Улс тогтвортой хөг­жихийн тулд хамгийн түрүүнд аль салбараа түлхүү хөгжүүлэх шаардлагатай вэ?

 -Юун тэргүүнд манайх эдийн засгаа төрөлжүүлье. Эдийн засгийн онол үзэж байсан оюутан, эрдэмтэн, судлаачид хэлдэг шүү дээ. Тухайн орны бусад улсаас давуу гарах боломжтой салбараа хөгжүүлбэл үр ашигтай. Нэг үгээр хэлбэл, Монгол Улс өрсөлдөх чадвараа олон улсад нээнэ гэсэн үг. Эдийн засгийн бодлогоороо ирээдүйтэй салбараа эртнээс бэлдэж, олон улсын зах зээлд үнэлэгдэж, амжилттай өрсөл­дөх ёстой. Монголчууд өөрийн гэ¬сэн брэндтэй болох шаард­лагатай байна. Тэгж байж хэтийн хөгжлөө тогтвортой хангана.

-Тэгвэл Монгол брэнд хэзээ моодонд орох бол?

-Эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд үүндээ зориулж брэндийн бодлого явуулах ёстой. Брэнд гэдэг ганц хоёрхон жилийн хугацаанд тогтдог зүйл биш. Брэнд нь тав, арван жилийн дараа зах зээлд танигдаж, хэрэглэгчээ олдог. Үнэхээр тухайн улс руу тэмүүлж, тэнд сурахыг мөрөөдөж, тухайн улсын бүтээгдэхүүнийг худалдан авахын төлөө сая сая хүмүүсийн санаа бодол нэгдэж байвал тэр брэнд. Уг нь Монгол Улс өөрөө брэнд юм. Монгол гэж хэлэхэд л нүүдэлчин соёл, унаган байгаль, хөх тэнгэр, цэнгэг агаарынх нь тухай боддог. Мөн манай орны чацаргана, сүү, сүүн бүтээгдэхүүн, ноос ноолуур гэх мэт органик бүтээгдэхүүн байна. Монгол гэ¬сэн онцлогтоо таарсан брэнд бий болгоё. Жишээ нь, Тайланд, Индонези аялал жуулчлалын салбараараа дэлхийд үнэлэгддэг. Чили Улс дарсаа дэлхийн брэнд болгож чадсан. Гэтэл эдгээр оронд уул уурхай бас л эрчимтэй хөгжиж байгаа. Тиймээс манайх яг тэдэнтэй адилхан Монголын брэнд юу байх билээ гэдэгт анхаарлаа хандуулах цаг нь болсон.

-Бидэнд брэнд болгочих хоёр төрлийн бүтээгдэхүүн байна. Ноос ноолуур, сүү, сүүн бүтээгдэхүүн. Хаанаас нь эхлэх вэ?

-Манай брэнд болж чадахуйц бүтээгдэхүүн бол ноос ноолуур. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд ноолуурын хувьд төрөөс зохистой бодлого явуулсангүй. Засгийн газраас ноос ноолууртаа хандсан зорилтот бодлого явуулъя. Бодлогын хүрээнд ноо­луураа угаадаг, боловсруулдаг том үйлдвэр бий болгох ёстой. Гэхдээ боловсруулах үйлдвэр том байж үр ашигтай ажиллана. Жижигхэн үйлдвэр нэгдүгээрт, цэвэр технологи хэрэглэж чадахгүй. Хоёрдугаарт, гарч байгаа бүтээгдэхүүн нь хэрэглэгчдэд үнэтэй хүрнэ. Боловсруулах том үйлдвэрүүдтэй болсон тохиолдолд ноолуураа түүхийгээр гаргахгүй шүү дээ. Уг нь, манайд Говь гурван сайхан гэсэн ноолуурын брэнд байсан. Тодорхой бодлогогүйн улмаас энэхүү брэндээ хятадуудад алдсан. Урд хөршийн ноолуур өнөөдөр Монголын ноолуураас илүү болчихсон байна. Манайд онцлох зүйл маш их. Цэвэр агаар, жилийн дөрвөн улиралд дасан зохицсон, онгон байгальд бэлчээрлэж буй хонь, ямааны ноос ноолуур гээд. Италийн “Лора пианo” компани ноолуураа манайхаас авдаг. Гэтэл тус компани ноолуурын бүхэл бүтэн брэнд бий болгож, түүгээрээ ном хүртэл хийчихсэн байна. Швей­царь Улс манай бүх үйлчилгээ дэл­хийд хамгийн дээд чанарынх, Япон манай бүх бүтээгдэхүүн чанартай гэсэн брэнд бий болгосон. Үүнтэй адилхан бид өөрсдийн брэнд гаргах, сэтгэх, тэмүүлэх хэрэгтэй. Түүний төлөө илүү бүтээлчээр хөдөлмөрлөх шаардлагатай.

 Мэдлэгийг чинь үнэлж, чамайг хүндэлнэ гэдэг аз завшаан

-Улстөржилтийг та хэрхэн хүлээн авдаг вэ. Хөгжлийн банкны үйл ажиллагаанд улс төр нөлөөлж байна уу?

-Аливаа хөгжсөн улс орныг харахад улстөржих асуудал маш бага байдаг. Сингапур, Швейцарь үүний тод жишээ. Намууд нь хэдий наана цаана болсон ч бодлогоо хэрэгжүүлэх түвшин буюу тухайн салбарын яамандаа ирээд улс төр нь тэр чигээрээ байхгүй болдог. Гэтэл манайд намын томилгоо хөгжлийн саармаг байдлыг бий болгож байна. Ялсан нам нь эдийн засгийн бодлого барих нь зөв ч бодлого хэрэгжүүлэхдээ мэргэжлийн хүмүүсийг томилох учиртай. Мэр­гэжлийн хүнээс нь үр дүнг нэхэж, ажлын шаардлага тавих хэрэгтэй. Түүнээс улс төрийн томилгоогоор асуудлыг шийдэж боломгүй. Ер нь монголчууд бага улс төржөөсэй. Манайхан мэргэжлээ дээшлүүлж, улам гүнзгийрүүлж суралцах хэрэгтэй байна. Хувь хүн өөрийгөө цэнэглэж, төгөлдөршүүлэх учиртай. Толгойд буй мэдлэгийг чинь хүмүүс үнэлж, чамайг хүндэлнэ гэдэг аз завшаан. Залуучууд нийгмийн идэвхтэй, ирээдүйнхээ төлөө санаа сэтгэл нь зовдог, тэмүүлэлтэй байвал улс орон хөгжинө.

-Та ирээдүйдээ хэр итгэлтэй хүн бэ?

-Монгол Улс маань хөгжих, сайхан ирээдүй ойртож байна. “Азийн бар” улсуудтай эн зэрэгцэн хөгжих итгэл монгол хүн бүрт бий. Надад ч ийм итгэл байна. Ирээдүйдээ итгэлгүй хүн гэж байдаг юм уу. Бидний тэмүүлж, тэнд л очиж ажиллах юмсан гэж хүсэн мөрөөдөх тэр мөрөөдөл чинь Монголд хэрэгжих том бололцоо бүрдэж байна. Тиймээс нэгдүгээрт, монголчууд бид өөрт байгаа баялгаа үнэлж сурах хэрэгтэй. Энэ их баялгаа хөгжүүлэх санхүүгийн эх үүсвэрээ өөрсдөө олдог байх ёстой. Өөрсдөө эх үүсвэрээ олж байгаагийн хэмжээгээр нөхцөлөө өөрсдөө тавьж чаддаг байх хэрэгтэй. Дандаа бүх юмыг гуйлтын байдлаар бүтээж явж ирлээ. Энэ сэтгэхүй хэзээ ч хөгжилд хүргэхгүй. Хоёрдугаарт, баялагтаа үндэс­лэж, хүмүүс өөрсдөө ажилтай болох ёстой. Ажилтай болохын хэрээр улсынх нь орлого нэмэгдэж, орлого нэмэгдэхийн хэрээр цалин өснө. Дараа нь тэр хүн байраа, автомашинаа авна уу, тэр хүний асуудал. Заавал бүх хүмүүсийг байртай болгох гээд социализмын үе шиг тэгшитгэх нь үр дүнтэй юм уу. Тэгшитгэлээр хэзээ ч дэвшил гардаггүй. Тэгшитгэлээр юм хуваагаад байвал бид хуучин нийгэмдээ л эргэж очно гэсэн үг.

-Таны хамгийн ихээр эмзэглэж явдаг зүйл юу вэ?

-Улсынхаа ирээдүйг бодохгүйгээр төр нь олсон хэдээ гарын салаагаар тараагаад байвал эдийн засгийн өсөлт урт удаан настай, тогтвортой байж чадахгүй. Ач, гучынхаа маргаашийг харахгүйгээр иргэд нь төрөөсөө юм нэхээд л байвал улс хөгжихгүй.

-Таны Хөгжлийн банктай хийсэн гэрээ удахгүй дуусгавар болж байгаа гэж сонслоо. Энэ хугацаанд өөрийн хийж гүйцэтгэсэн хамгийн том ололт амжилтыг юу гэж дүгнэх вэ?

-Хөгжлийн банкыг хөл дээр нь босгох мэдээж амар ажил байгаагүй. Банкаа хамтын зүтгэлээр бий болгож, нэр хүнд бүхий сайн банкны эхлэлийг тавьж чадсан гэж би хувьдаа боддог. Энэ хугацаанд бид их зүйлийг хийж бүтээлээ. Гэвч энэ ололт, амжилтын дотроос хамгийн том нь эх орныхоо төлөө ихийг хийж бүтээх хүсэл, зорилго, сэтгэлтэй хамт олныг бүрдүүлж чадсан явдал юм.

Б.БАЯРТОГТОХ

Эх сурвалж: WWW.MONGOLIANECONOMY.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж