Филиппиний засгийн газрын дэмжлэгтэйгээр “Филиппинийн соёлын өв болон урлагийн академи” хэмээх төрийн бус байгууллагын зохион байгуулж буй эл чуулганд Японы Айну, Америкийн уугуул соёлыг тээгчид болон Тайланд, Вьетнам зэрэг орноос болон Филиппиний мянган арлын зуу гаруй омог аймгийн төлөөлөл энд чуулжээ.
Мөн уугуул соёл, мэдлэгийг судалдаг Америк, Канад, БНСУ, Японы их дээд сургуулиудын эрдэмтэд, профессорууд оролцож Шинжлэх ухааны мэдлэг болон Уугуул соёлын мэдлэгийн харьцуулсан судалгаануудаа танилцуулсан байна. Тус хуралд Монголыг төлөөлөн Монголын соёл яруу найргийн академийн ерөнхийлөгч, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёог хүндэт зочноор оролцлоо.
Тэрбээр хуралд тавьсан илтгэлдээ “Үгийн шидэт эрчимээр хөлөглөж, уугуул соёлтойгоо угтах ирээдүй рүү зорицгооёо” хэмээн уриалжээ. Мөн Г.Мэнд-Ооёогийн яруу найргийн уншлагыг “Уул үүл” /Mountain Clouds/ хэмээх номын дэлгүүр болон Филиппиний их сургууль дээр тус тус зохион байгуулсан бөгөөд түүний өөрийн шүлэгтээ бичсэн каллиграфийн үзэсгэлэнг Багү хотын номын санд гарган толилуулжээ.
Хурлын үр дүнг “Хүн төрөлхтөн байгаль дэлхийгээ шүтэн барилдсан уугуул соёл, язгуур үнэт зүйлсээ хойч үедээ хүргэхээс өөр эрхэм зүйл өнөө цагт үгүй” хэмээн үзэж буй ажээ.