21 мянгаа нөхөн авах боломжтой

Хуучирсан мэдээ: 2012.06.14-нд нийтлэгдсэн

21 мянгаа нөхөн авах боломжтой

“Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт бэлнээр олгодог 21 мянган төгрөгөө энэ сараас зогсооно. Гэтэл  авч чадаагүй иргэд цөөнгүй байдаг аж. Эдгээр иргэд 21 мянган төгрөгөө нөхөн авч болох эсэх болон ядуу өрхөд олгох халамжийн асуудлаар  Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Ч.Эрдэнэбулганаас тодрууллаа.


-“Хүний хөгжил сан”-гаас сар бүр олгож байгаа 21 мянган төгрөгийг нөхөж олгох уу?

-Тухайн хүн иргэний шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан л бол сар бүрийн 21 мянган төгрөгийг авах боломжтой. Энэ мөнгийг олгох ажил зогссон ч тухайн хүний нэр дээр данс үүссэн байгаа учраас нөхөн авч болно.

-Данснаас буцаан татна гэсэн яриа иргэдийн дунд байна?

-Данснаас буцаан татахгүй. Тухайн хүний дансанд нэгэнт байршчихсан байгаа учир бичиг баримтын зөрчилгүй л бол нөхөн авч болно.

-Энэ сарын мөнгө хугацаандаа буухгүй гэсэн. Энэ үнэн үү?

-Сангийн яамнаас орж ирэнгүүт нь олгочихно. Ямар ч гэсэн 20-ноос өмнө олгочих байх.

-Нийгмийн зорилтот бүлэгт халамж олгоно гэж байсан. Энэ ажил ямар шатандаа яваа вэ?

-Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар батлагдсан нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй хэрэгтэй зорилтот бүлэг буюу ядуу өрхүүдэд тэтгэмж олгож эхэлнэ. Зорилтот бүлгийг тодорхойлохдоо олон улсад өргөн хэрэглэдэг, орлогыг орлуулан тооцох аргачлалаар гаргаж ирж байгаа. Энэ аргачлал нь дэлхийн хэд хэдэн оронд туршигдчихсан, үр өгөөжөө өгсөн аргачлал. Жишээ нь Гүрж улс энэ аргаар ядуу өрхөө тооцон гаргаж тэтгэмжид хамруулсан байдаг. Ингэснээр ядуурлыг дорвитой бууруулж чадсан.

-Энэ тэтгэмжид хэчнээн өрх хамрагдах вэ. Тогтсон тоо байгаа юу? 

-650-иад мянган өрхөөс 400 мянган өрхөд нь судалгаа хийсэн. Энэ сарын 25-наар энэ судалгааны үр дүн бүрэн гарна. Үүний дараа Засгийн газар тус судалгаанд үндэслэн ядуурлын шугам татах юм. Шугамаас доогуур жагссан 100-аад мянган өрхөд энэ тэтгэмжийг олгоно. Иргэн бүрт бус, өрхөд орлого  хэлбэрээр өгөх юм.

-Яг хэзээнээс олгож эхлэх вэ?

-Тэтгэмж олгох журам Засгийн газраас батлагдах ёстой. Энэ журам НХХЯ  дээр гараад одоо санал авах төвшиндөө явж байна. Ирэх долдугаар сарын нэгнээс батлагдаж гарна. Үүний дараа тэтгэмж олголт эхэлнэ. Бидний тооцож байгаагаар найм, есөн сараас олгогдох байх. Гэхдээ долдугаар сарынхыг нөхөж олгохоор байгаа.

Ч.БАТСАРУУЛ

"ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж