Банкны хуурамч төлбөрийн карт ашиглан манай томоохон банкны бэлэн мөнгөний машинаас /АТМ/ их хэмжээний мөнгө залилан нутаг буцах гэж байсан гадаадын хоёр иргэнийг УМБГ шалгаж эхэлсэн билээ. Сэжигтэн болох Украйны хоёр иргэнийг цагдан хорьж байгаа бөгөөд тэд өмгөөлөгч авах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Украйны иргэд тавдугаар сарын 18-23-ныг хүртэлх дөрөв хоногийн хугацаанд Хаан банкны АТМ-аас ойролцоогоор 100 сая төгрөг авсан нь тогтоогдсон юм.
Хэргийг сануулахад, тавдугаар сарын 23-ны орой “Их хэмжээний мөнгө алдагдлаа” гэх мэдээлэл ирсний дагуу банкны камерын бичлэгийг цагдаагийн ажилтнууд шүүсэн бөгөөд бичлэг харсны дараа гадаад руу нисэх онгоцны бүртгэлийг шүүж, ХХЕГ, ГИХА-ын ажилтнуудын тусламжтайгаар гэмт этгээдүүдийг илрүүлсэн юм. Тэднийг гадаад иргэд ихэвчлэн ордог буудлуудаар хайж, Сүхбаатар дүүрэгт байрладаг “Өвөрмонгол” зочид буудалд байхад нь тавдугаар сарын 24-ны 02 цагийн үед баривчилжээ.
Д.Жаргалсүрэн