”70 мянга” тойрсон асуудлууд

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

”70 мянга” тойрсон асуудлууд

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар их дээд сургуулиудын оюутнуудад “Үндэсний тэтгэлэг” нэрээр сар бүр 70200 төгрөгийг энэ оны нэгдүгээр сараас эхлэн олгож эхэлсэн.  Гэтэл өдийг хүртэл энэ тэтгэлгийн мөнгө сайшаалын зэрэгцээ эргэлзээ, зөрчил, хэл ам дагуулсаар байна.

70 мянган төгрөгийг сар тутам биш улирлын сүүлд олгох ёстой

Өнөөдрийг хүртэл оюутны 70 мянган төгрөг хэл ам дагуулсаар л байна. 70 мянган төгрөгийн олголт яг одоо ямар шатандаа явааг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэр­гэж­лийн боловсролын газрын ахлах мэргэжилтэн Б.Баднайнямбаас тодрууллаа.

-Хоёр гурван сарын тэтгэлгийн мөнгийг сургуулиуд одоо болтол тараахгүй байна. Сар сард нь олгох ёстой юу?

-Үндэсний сургалтын тэтгэлгийг улирал бүрийн эцэст олгож байхаар журам гарсан. Гэтэл оюутнууд сар бүрийн эхэнд эсвэл сүүлд мөнгөө авах гээд багагүй хэл ам гаргаж байна. Уг нь ном журмаараа бол улирал бүрийн сүүлд авах учиртай. Одоогийн байдлаар хоёр, гуравдугаар сарын сургалтын тэтгэлэг ихэнх сургуулийн дансанд орсон байгаа. Зарим Их, дээд сургуулиуд гуравдугаар сарын сүүлээр, дөрөвдүгээр сарын эхээр л тарааж дуусгах ёстой. Ямартай ч санхүүжилт нь орсон. 

-Саяхан та бүгд сургуулиудад шалгалт хийсэн. Бүх асуудлыг шийдвэрлэж чадсан уу?

-Бид анх удаагаа улс даяар бүх оюутандаа тэтгэлэг тарааж байна. Тиймээс ажлын эхэнд алдаа дутагдал, хүндрэл бэрхшээл тохиохыг үгүйсгэхгүй шүү дээ. Сайдын тушаалаар бид шалгалт хийсэн. Оюутны тэтгэлгийг хууль тогтоомжид заасны дагуу хугацаанд нь олгох асуудал оройт­сон. Энэ мөнгө банкаар дамжин олгогдох учраас оюутнуудад заа­вал карт олгох шаардлага гарсан. Карт тараах ажлаас болоод нэлээд удааширсан. Мөн сургалтын төл­бөрт нь суутгасан, үндэсний тэт­гэлгийн оронд бараа материал өгсөн тохиолдол ч илэрсэн. Энэ байдлыг манай ажлын хэсэг газар дээр нь шалгаад алдаа дутагдлыг нь залруулсан. Үндсэндээ нэгдүгээр сарын үндэсний тэтгэлэг бүх сур­­гуулиудад олгогдсон. Нөгөө талаар оюутнууд өөрсдийн хариуц­лага­гүйгээс болоод аваагүй тохиолдол нэлээд байна лээ. Жишээлбэл, би­чиг баримтын зөрчилтэй хүүхдүүд бай­на. ЭМШУИС-ийн нэг оюутан өдөр бүр бидэн рүү утас цохиод манай сургууль тэтгэлгээ өгөхгүй байна л гээд байсан. Үнэндээ тэрээр бичиг баримтаа бүрдүүлээгүй байсан байгаа юм.

-Ирэх жил мөн л бүх сургуулиуд тэтгэлэг тараах уу?

-Үгүй. Энэ жил бол яахав бүх сургуулиуд л тэтгэлгийн мөнгө тарааж байгаа. Харин ирэх жилээс бол зөвхөн аттестачлагдсан сургуулиуд л тэтгэлэг тараах эрхтэй болно. Энэ бол тухайн сургуулийн хариуцлагын тухай асуудал. Тэтгэлэг өгч чадахгүй сургуулийг оюутнууд сонгож суралцахгүй нь тодорхой. Энэ сард нийт их, дээд сургуулийн аттестачлал явагдаж байна.

-Сургуулиуд албан бичиг хүргүүлсээр байтал алдаа гаргавал ямар арга хэмжээ авах вэ?

 -Үндэсний тэтгэлгийг хууль тог­тоомжид заасны дагуу ол­гох­доо удаа дараалан зөрчил гар­гасан сургуулийн сургалт явуу­лах зөвшөөрлийг цуцлах хүр­тэл арга хэмжээ авна. Энэ бол хариуц­лагын тогтолцооны заалт юм. Дахиж тэтгэлэг олгох ажилд ямар нэгэн асуудал үүсгэхгүй гэдэгт би итгэлтэй байна. Энэ тогтоолыг бүх сургуулиудад хүр­гүүлсэн.

70 мянган төгрөгийг оюутнууд хэрхэн зарцуулж байна вэ?

Ном худалдаж авах, гэртээ интернэт тавиулах, хувцас авч өмсөх, "баардах", амралтад явах, сургалтын төлбөртөө суутгуулах, автобус хоолны мөнгөндөө зориулах гэх мэт байдлаар 70200 төгрөгийг үрж болно. Тэтгэлэг тараахын өмнө МУИС-ын оюутнууд чухам л тэтгэлгийн мөнгө авахгүй, үйлдвэр барина гэж мэдээлэл хийж рекламдаж байсан. Одоо таг чиг. Сураг сонсоход дэмжих оюутан тун цөөн байсан бололтой. Арга ч үгүй биз. Оюутнуудын ихэнх нь эхний 70 мянгаа угаагаад ангиараа салам баардсан, амралтад явсан гэх мэдээлэл тархаад байгаа. Эцэг, эхээ асуухад “одоо болтол өгөөгүй байгаа” гээд л амыг нь таглана.

Цагдаагийн байгууллагаас ч оюутнуудад тэтгэлэг өгснөөр бааранд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, тансаглах явдал ихэссэнийг мэдээлж байгаа.

Ирэх хичээлийн жилээс эхлэн Хүний хөгжил сангийн 500 мянган төгрөг сургалтын төлбөрт суутгагдахгүй. Харин тэтгэлэгийн 70200 төгрөгийг сургууль болон суралцагч гэсэн хоёр тал хоорондоо тохиролцвол гэрээ байгуулж сар бүр шууд сургалтын төлбөрт суутгаж болох аж.

Дараах сургуулиуд 70200 төгрөгийн тэтгэлэг тараахдаа зөрчил гаргасан байна. Үүнд:

  • МУИС-ийн Хими, химийн инженерчлэлийн сургууль
  • Үндэсний биеийн тамирын дээд сургууль
  • “Улаанбаатар эрдэм оюу” дээд сургууль
  • “Маргад”,
  • “Газарчин”,
  • “Сэрүүлэг”,
  • “Хүрээ”,
  • “Хөдөлмөрийн дээд сургууль” зэрэг дээд сургуулиуд үндэсний тэтгэлгийг олголгүй, сургалтын төлбөрт суутгах, бусад зүйлд ашиглаж байжээ.

Ямартай ч дээрхи сургуулиуд тэтгэлгийн мөнгө тараахад дахин ямар нэгэн зөрчил гаргавал сургалт явуулах эрхгүй болох юм байна. Тиймээс ирэх саруудын мөнгө цаг тухайдаа, зохих журмын дагуу оюутны дансанд орох нь ээ.

                                    Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж