Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны Олимпийн XXXI наадам өнөөдөр тав дахь өдрөө үргэлжлэн явагдана. Энэ өдөр байт харваа, сагсан бөмбөг, бокс, дугуй, хөлбөмбөг, гимнастик, буудлага, усанд сэлэлт, ширээний теннис, волейбол, туялзуур сэлэм болон хүндийн өргөлт, жүдо бөх зэрэг спортын 24 төрлийн тэмцээн уралдаан явагдана.
Монголын баг тамирчид өнөөдөр хүндийн өргөлт, жүдо бөх, боксын төрлүүдэд өрсөлдөнө. Дараах тамирчид тэмцээнтэй.
ХҮНДИЙН ӨРГӨЛТ:
Эмэгтэйчүүдийн 69 кг-д Азийн аварга, Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт М.Анхцэцэг өрсөлдөнө. Түүний хувьд энэ оны дөрөвдүгээр сард Азийн аваргаас олимпийн эрхээ авсан. М.Анхцэцэгийн дасгалжуулагчаар Ц.Хосбаяр ажиллаж байна. 1996 оны Атлантагийн олимпод тамирчны хувиар оролцож Ц.Хосбаяр өнөөдөр дасгалжуулагчаар Рио-2016-д өрсөлдөнө.
ЖҮДО БӨХ:
Эрэгтэйчүүдийн 90 кг, эмэгтэйчүүдийн 70 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.
Эрэгтэй 90 кг-д 30 тамирчин өрсөлдөхөөс Л.Отгонбаатар "D" хэсэгт багтсан. Тэрээр эхний барилдаанаа Нидерландын Нёл Ван Т Энд-тэй хийнэ.
Эмэгтэй 70 кг-д 24 тамирчин өрсөлдөнө. Ц.Наранжаргал "А" хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогт Гүржийн Эстер Стам-тай барилдана. Гүржийн бөх дэлхийн аваргад 9-р байранд шалгарч байжээ.
БОКС:
Олимпийн наадмын боксын тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Манай зургаан эрэгтэй тамирчин Риод ирсэнээс хөнгөн жин болох 49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ Эквадорын тамирчин Куйпо Пилатаксид ялагдан тэмцээнээ өндөрлүүлсэн. Бусад тамирчдын хувьд цааш хасагдах шатны тоглолтуудыг хийж байна.
Өчигдөр 60 кг-ын хүчтэй өрсөлдөгчийн нэг Д.Отгондалай анхны тулаанаа Нидерландын Энрико Лакрустай хийж, ялалт байгуулснаар шөвгийн наймд үлдсэн.
Өнөөдөр 56 кг-д Э.Цэндбаатар Кенийн Нжангури Бэнсон Гичаритой, 64 кг Б.Чинзориг Катарын Тарумалингамтай Туласитай шөвгийн наймын тулаанаа хийнэ.
Б.Чинзоригийн тоглолт шөнийн 00:15-д болох бол Э.Цэндбаатар өглөөний 05.45-д рингэнд гарна.
Ч.БОЛОР