Заримдаа би далавчаа дэлгэн дүүлэх жигүүртэн мэт өндөр аван нисдэг. Тийм гайхалтай нислэг бүрийн дараа газардахдаа тэнгэрийн эрчим хүчийг биедээ өөртөө шингээн ирдэг. Сэтгэл минь хөглөгдөж, сэрж мэдрэх агуу сайхан дэндүү олон байх шиг санагдаж, солонгын өнгөөр амьдрал минь тэр чигээрээ гэрэлтэх мэт болдог.
Виржиния Вульфийн Орландо бүсгүйтэй дөрвөн зууныг дамжин номын хуудсан дээгүүр нисэхэд үлгэрийн юм шиг гайхамшигтай байсан. “Би шатаж байна” хэмээх Сафогийн хайрын шүлгүүдтай хамт нисэхэд халуухан байсан. Өвгөн зохиолч Шрилал Шуклагийн хошин романтай нисэхэд хөгжилтэй, наргиантай байсан. Харин Андрю Рюгийн хийлийн аялгуунд би тэнгэрт вальс эргэдэг. Алдарт Франк Синатрагийн “Миний амьдрал” дууг сонсохоор агаарт завилан суугаад амьдралаа тольддог.
“Хунт нуур”-ыг үзэх бүртээ Ц.Мөнхболдын гоцлон тоглох хийлийн нандин аялгуутай хамт навчин дээр бөнжигнөх ганц дусал шүүдэр мэт гэгэлзэнхэн нисдэг. “Харанга-ын Лхагваагийн зарим нэг дуу зүрхийг минь хачин өөрөөр хөглөж, огцом өндөрт нисгэдэг. Тээр жил Б.Баатар найруулагчийн тавьсан “Цахлай” жүжгийн төгсгөлд тэсэрсэн бөмбөгний хэлтэрхий шиг хачин хол шидэгдэн ниссэнээ үе үехэн хамаг биеэрээ гүйдэл мэт мэдэрдэг.
Ийм шидэт нислэгүүд амьдралыг минь өнгөтөй, амттай, уянгатай бас хүчтэй болгодог. Өөрөө өөртөө даль жигүүр урлан, өндрөөс өндөрт дүүлэн нисэх чадалтай гэдгийг минь мэдрүүлдэг. Сэтгэлээс минь өд сөд ургуулах агуу тэр чадал харин урлагийнх. Айн Рэндийн “Сайтар эргэцүүл” жүжгийг үзээд эрх чөлөөгөө тув тунгалгаар мэдрэн элэн халин дүүлсэн минь саяхан. Дараа нь дахин нэг нисэлт Дуурийн театрын тайзнаас хөөрсөн. Сонгодог урлагийн ноён оргил “Аида” Монголын тайзнаа сүр жавхлантайяа дүнхийхэд сүрдэж биширсэн сэтгэл минь сум шиг харван ниссэн.
Өнгөрсөн бямба гаригт өөрт минь дахин жигүүр ургалаа. Өд сөдийг нь ургуулсан эзэд нь бүжигчид. Таван тивийн шилдэг балетчид Монголын тайзнаа бүжив. Яралзтал эргэн бүжих Америк бүсгүйг хараад яаж нисэхгүй байх билээ. Төгс төгөлдөр урлагийн гайхамшигт гүйцэтгэл болсон Кубын бүжигчин залуу тэнд байсан бүх үзэгчийг дуу алдуулан дагуулан дүүлсэн. Агуу “Спартак”-ийн аялгуунд бүжих Аргентин бүсгүйг хараад уярал хайранд хөглөгдөн, нулимс дуслуулан ниссэн. Орон орны тайзнаа уригдан бүжиглэдэг авьяаслаг залуус “Уран хас”-ын аялгуунд бүжихийг харах үнэндээ хамгийн өндөр нисэлт нь байлаа. Үсээ толийтол самнасан цэмцгэрхэн Ч.Чулуун гуай өөрийнхөө тансаг аялгуун дор тэдэнтэй хамт эргэлдэн бүжих мэт санагдлаа. Ийм гайхалтай үдшийг бидэнд бэлэглэн сэтгэлд минь хязгааргүй цэнгэлийг эдлүүлсэн эзэн нь Д.Алтанхуяг. Түүний бүжиглэсэн “Корсар”-ын Па де де тэнгэрт дүүлсэн бас нэг нислэг байлаа. Дэлхийг тойрон бүжиж явахдаа дээлтэй Монголоо дандаа санаж байсанд чинь баярлалаа. Авьяасандаа шатаж яваа андуудаа авчран агуу урлагийн гайхамшгийг дэндүү хүчтэйгээр мэдрүүлсэнд баярлалаа. Чамтай цуг Монгол орон тэр чигээрээ нислээ. Зүрхэнд чинь үргэлж зүүгдэж явдаг эх нутаг чинь дэлхийн театруудаар чамтай хамт ниснэ ээ.
Б.ЦАЦРАЛ