Үнэ тарифын зохицуулалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2015.07.09-нд нийтлэгдсэн

Үнэ тарифын зохицуулалт хийжээ

Эрчим хүчний зохицуулах хороо ээлжит хурлаараа эрчим хүчний үнэ, тарифт тодорхой зохицуулалтууд хийх шийдвэр гаргалаа.

Манай улс эрчим хүчний системийн оргил ачааллын үед ОХУ-аас цахилгаан эрчим хүч худалдан авдаг ба импортын цахилгааны үнийг ОХУ-ын талаас 2015 оны долдугаар сарын 01-ний өдрөөс өсгөснөөс импортын цахилгааны чадлын төлбөрийн хэмжээ нэмэгдсэн байна.

Иймд  оройн их ачааллын үеийн эрчим хүчний хэрэглээг багасгах, хэмнэлтийг дэмжих замаар системийн оргил ачааллыг бууруулах зорилгоор чадлын тарифыг аж ахуйн нэгж байгууллагуудад шинээр нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Мөн Сэргээгдэх эрчим хүчний хуулийн дагуу байгаль орчинд ээлтэй, ногоон эрчим хүчийг дэмжих тарифыг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцжээ.

Эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж буй нүүрсний үнэ, нүүрс тээврийн зардал, түлшний үнийн өсөлт зэрэгтэй уялдуулан цахилгааны үнийг индексжүүлэн тогтоож, айл өрхийн цахилгааны  сарын суурь тарифыг 2000 төгрөг болгон өөрчилжээ.

Хэрэглэгчдэд дулааны эрчим хүчийг бодит өртгөөс нь 60 гаруй хувиар  хямд үнээр борлуулж байгаа тул дулааны эрчим хүчний тарифт зохих өөрчлөлт оруулсан байна гэж Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ.

Б.ЗАЯА

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж