Оюутолгойн төсөл шаварт суужээ

Хуучирсан мэдээ: 2014.08.14-нд нийтлэгдсэн

Оюутолгойн төсөл шаварт суужээ

Рио Тинто Монголын Засгийн газартай олон асуудлаар зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа учраас  Оюутолгой төслийн хувь заяа хэрхэх нь бүрхэг хэвээр байна. Оюутолгой төслийн хувь эзэмшигчид болох Рио Тинто болон Монголын Засгийн газар алт, зэсийн том ордоос энэ хөгжиж буй орон хэр их хувь эзэмших асуудлаар маргаантай явж ирсэн билээ.

Гэвч талууд одоо болтол 127 сая татварын өр болон далд уурхайн санхүүжилтыг хэрхэн шийдэх, болон тусгай зөвшөөрөл зэрэг олон асуудлаар зөвшилцөж чадахгүй байна. Дээрх маргаанууд нь төслийн хоёр дахь шат, далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг хойш нь татаж байгаа юм.

Рио Тинтогийн хувь эзэмшигч, төслийг хэрэгжүүлэгч “Turquoise Hill Resources” татварын маргаанд гол асуудал байгаа талаар “Brisbane Times”-д мэдээлжээ.

“Turquoise Hill Resources”-ийн гүйцэтгэх захирал Кэй Пристли “Оюутолгойн энэ их нөөцийн үнэ цэнийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа. Бид зөвшилцөлд хүрэхийн тулд шаардлагатай бүхнийг хийж байна.’’ гэжээ.

Олон улсын 15 банкнаас Рио Тинтод Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтэд зориулж, гаргасан хөрөнгө оруулалтын баталгаа нь 35 хоногийн хугацаатай бөгөөд цаад захын хугацаа нь зургаан сар аж.  Рио Тинто болон Монголын Засгийн газар маргаантай асуудлаар зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа нь хөрөнгө оруулагчдыг түгшээж байгаа аж.  Лхагва гаригт Канадын хөрөнгө оруулагчид “Turquoise Hill Resources”-ийн гүйцэтгэх захирал Кэй Пристлигээс далд уурхайг барьж чадахгүйд хүрэх бүр уурхайг хувьчлах эрсдэл бий эсэхийг асуужээ.

Харин Кэй Пристли тэдэнд “Монголын Засгийн газрын өмнөөс дуугарч чадахгүй” гэдгээ учирлаж,

“Бид зөвшилцөлд хүрэхэд анхаарч байна. Дараагийн шатны ажлаа эхлэх хөрөнгө оруулалт татахын өмнө бидэнд Монголын хөрөнгө оруулалтын орчинд итгэх итгэл  хэрэгтэй байна.” Гэжээ.

Энэ улиралд Оюутолгойн ил уурхай маш сайн ажилласан бөгөөд өмнөх улиралд зарснаас 40 хувиар илүү зэсийн баяжмал гаргажээ. Уурхай ирэх саруудад чанарын өндөр зэрэглэлтэй хүдэр олборлохоор төлөвлөсөн тул бүтээгдэхүүний төрөл, үйлдвэрлэлийн өртөг нэмэгдэнэ гэж үзэж байна.

Н.ЭНХ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж