
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам гэхэд жилдээ хэдэн тэрбумын төсөвтэй, Байгаль хамгаалах сан гэж яамнаасаа ч баян байгууллагатай. Ногоон хөгжил, байгаль хамгаалал ярьж, энд тэндхийн төсөл хөтөлбөрөөс багагүй мөнгө хуурайлдаг энэ яамныхан байшингийнхаа өмнөх замыг там болгочихоод нүдээ аниад дээгүүр нь гардаг харин сонин. Өөдлөх айлын өнгө үүднээсээ гэдэгчлэн Монголын байгаль орчныг хамгаалах тухай том ярьдаг нөхдүүд эзэмшлийнхээ зам талбайг эхлээд орсон, гарсан хүмүүсийн өмнө нүүр улайхааргүй засчихсан байдаг бол тэдний ажилтай анхтай гэдэгт итгэж болох юм.
Хажууд нь хаяа дэрлээд байж байгаа Үндэсний татварын ерөнхий газар ч гэсэн ялгаагүй. Жилдээ ажилчдаа гадаадад амруулахаар татвар төлөгчдийн мөнгөнөөс хэдэн зуун саяар нь зарлагаддаг, дарга нар нь тэрбум тэрбумаар нь хулгайлдаг гээд баян бийлэгжүүгээрээ гайхуулдаг энэ газрынхан яахаараа эзэмшлийнхээ зам талбайг засварлахад хэдэн төгрөг хялайлгачихдаггүй юм бол.
ҮТЕГ-ын ард шал дараад баригдсан “Тод цамхаг” хэмээх арван давхар оффисийн барилга л гэхэд ганцхан байгууллагын сарын түрээс нь тав, арван саяар үнэлэгддэг, энэ хавьдаа л хамгийн их мөнгө хийж байгаа байгууллага. Тийм байхад энэ гурван байгууллагын дундах зам талбай там болчихоод, харж хамгаалах хүнгүй болсны шалтгаан юу вэ? Ер нь энэ зам хэний өмчид байдаг, засвар арчилгааг нь хэн хариуцах ёстой вэ?
Орон сууцны хорооллуудын хувьд дундын эзэмшлийн зам талбайн арчлалтыг нь яалт ч үгүй Нийслэлийн төсвөөс засварладаг байх. Гэвч хотын төвийн барилга байшинг эзэмшиж, ашиглаж байгаа албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хувьд хүлээсэн хариуцлага гэж баймаар. Байгууллага, аж ахуй нэгж болгон өөрийнхөө өмнөх зам, талбайнхаа арчлалтыг хариуцаад, засч тордоод явдаг бол ядахдаа нийслэл, улсын төсвөөс /үнэндээ энэ мөнгө олонхи нь энэ замаар хэзээ ч зорчихгүй иргэд, татвар төлөгчдийн бий болгосон хуримтлал шүү дээ/ урсч байгаа хөрөнгө мөнгөний зарцуулалт ч гэсэн арай л хамжааргатай болно шүү дээ. Тиймээс Нийслэл арчилж чаддаггүй энэ мэт зам, талбайгаа тэнд үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олж байгаа аж ахуйн нэгжүүдэд нь хуваарилж өгөөд ажлыг нь хийлгэхэд яагаад болохгүй гэж. Тэгвэл нийслэлд амьдарч байгаа иргэн бүр, байгууллага, аж ахуйн нэгж болгон хүлээх үүрэг, хариуцлагатай болж, тэр хэрээр хотжилт, соёлжилт ч сайжрах биш үү.




